Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва өнөөдөр Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойког хүлээн авч уулзав. Энэ онд Польш, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй. Энэ хүрээнд ирэх гурав, дөрөвдүгээр сард хэд хэдэн үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж буйг Элчин сайд Кшиштоф Бойко уулзалтын эхэнд онцлов. Тухайлбал, энэ оны гуравдугаар сард Варшав хотноо “Монголын нэг өдөр” нэртэй “Чойжин ламын сүм музей”-н үзмэрүүдийн гэрэл зургийн үзэсгэлэн гаргах аж. Харин ирэх дөрөвдүгээр сард Польш, Монгол улсын эрдэмтдийн эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар болжээ. Түүнчлэн өнөөдрийн уулзалтаар хоёр орны нийслэл хотуудын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, бусад томоохон хотуудтай найрамдалт харилцаа тогтоох талаар ярилцав. Улмаар хотуудын найрамдалт харилцааны илэрхийлэл болгож Улаанбаатар хотын нэг гудамжийг Польш улсын ерөнхийлөгч агсан Лех Качиньскийн нэрэмжит гудамж болгон, тохижуулах талаар санал солилцлоо.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ