АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээр өрсөлдөж байгаа Майкл Блүүмберг хэрэв сонгуульд ялбал өөрийн бизнесээ зарна хэмээн мэдэгджээ.
Тэрбээр мэдээ мэдээллийн “Bloomberg LP” компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашдаг бөгөөд уг компаниа 1981 онд байгуулж байжээ. Америкийн тэргүүн баячуудын нэг Блүүмбергийн хөрөнгө 62,8 тэрбум ам.доллар аж. Сонгуулийн үйл ажиллагааны зардлаа 100 хувь өөрөө санхүүжүүлэхээ мэдэгдсэн түүний нэр хүнд нам дотроо тогтмол дээшилсээр байгаа юм. Сонгуулийн сурталчилгаандаа ойролцоогоор 400 сая ам.долларыг зарцуулна гэдгээ мэдэгдэж байв.
Блүүмбергийн зөвлөхийн мэдэгдсэнээр тэр санхүүгийн ашиг сонирхлын тал дээр одоогийн Ерөнхийлөгч Трампаас огт өөрөөр ажиллах гэнэ. Учир нь Дональд Трамп өөрийн хувийн бизнесээсээ салж чадаагүй бөгөөд түүнээсээ болж ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн байнга шүүмжлүүлдэг юм.
Мөн тэрбээр өөрийн компаниа зөвхөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан зарах бөгөөд олсон орлого нь түүний “Bloomberg Philanthropies” буяны санд төвлөрөх ажээ. Түүнчлэн компанийг нь худалдан авах этгээд гадаадын компани, хувь хүн байж болохгүй гэсэн шалгуур тавьжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ