АБГББХ: "COVID-19” вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх цаг үеийн мэдээллийг сонслоо

Хуучирсан мэдээ: 2020.02.19-нд нийтлэгдсэн

АБГББХ: "COVID-19” вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх цаг үеийн мэдээллийг сонслоо

АБГББХ: "COVID-19” вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх цаг үеийн мэдээллийг сонслоо

Нэмэлт: 19.40 цагт 

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд коронавирусийн халдвараас сэргийлж авч буй арга хэмжээний талаар Шадар сайд болон Эрүүл мэндийн дэд сайдын мэдээллийг сонссоны дараа УИХ-ын гишүүд асуулт асуусан юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Гаднаас иргэдээ татан авчрахдаа Covid-19 вирусийн халдвараас тусгаарлан сэргийлэх ямар арга хэмжээ авах вэ. Байр сав нь бий юу. Спортын заал, фитнесс клубуудын үйл ажиллагааг зогсоохгүй юм уу. Тэнд халдвар хурдан тархах эрсдэл бий. Мөн баар цэнгээний газруудыг хаах талаар арга хэмжээ авах шаардлагатай.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн:

Бүх орон нутгийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Өвчин зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдолд хэн юу хийх вэ гэдэг сургалтыг шат шатны эрүүл мэндийн байгууллагын дунд явуулсан. Гаднаас иргэдээ авчраад тусгаарлан сэргийлэх тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад байлгах боломж болон шаардлага байхгүй. Онцгой байдлын газар, орон нутгийн засаг захиргаа, ГХЯ хамтарч шийдэх байх. Харин халуулах зэрэг эрүүл мэндэд нь өөрчлөлт орсон тохиолдолд эрүүл мэндийн байгууллага дээрээ тусгаарлаж сорьц, дээж авна. Ингээд шинжилгээний хариу гарсны дараа шаардагдах арга хэмжээг авч байгаа.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал:

Гурван эмнэлэг, Онцгой байдлын ерөнхий газрын Давтан сургах сэргээн заслын төв 60-90 хүний ортой. 100 хүний ор гаргахаар бэлтгэл ажлаа хийж байна. Хоёрдугаар сарын 15-ны өдөр 104 иргэн хүлээж авсан. Тэд төлбөрийн чадварын хувьд бололцоотой биш юм билээ. Тиймээс эхний ээлжинд Замын-Үүдэд гурван буудалд 103 хүнийг байршуулсан. Нэг хүн нь эмнэлгийн хяналтад байгаа. Зардлыг аймаг, сумын Засаг дарга нартай ярилцаад тэнд штаб байгуулан 14 хоног тэднийг тусгаарлахад нэг хүний өрөөний зардал хоногт 30 мянган төгрөг, хоолны зардал 6000-7000 мянган төгрөгөөр тооцож, урьдчилсан байдлаар 70сая төгрөг шийдэгдсэн. ГХЯ-тай нягт хамтран ажиллаж байгаа. Одоогийн байдлаар 336 иргэн Шанхай, Бээжин, Хөх хот, Эрээн гэсэн газруудад байгаа гэсэн бүртгэл нь гарсан. Тэд эх орондоо ирэх хүсэлтээ тавиагүй. Ирэх тохиолдолд нь хүлээж авна. Гэхдээ тусгаарлалтад байх хугацаандаа зохих зардлаа өөрсдөөсөө гаргана гэсэн мэдээллийг өгсөн. Одоо иргэдийг хилийн боомтоор  хүлээж авахгүй. Зөвхөн онгоцны буудлаар хүлээж авна. Орж ирсэн иргэдийг төлбөртэйгөөр Давтан сургах сэргээн заслын төвд хүлээж авна.

Баар цэнгээний газруудыг тодорхой цагийн зохицуулалтайгаар зохицуулалт хийсэн. Бүрэн хаах шаардлагагүй гэж үзсэн. Спорт заал, фитнессийн газруудыг хаах, нээх гэсэн хоёрдмол байр суурь гарч байгаа. Дархлаатай холбоотой асуудал учраас фитнессийн газрууд, спорт заалыг хаах боломжгүй. Гол нь ариутгал сайн хийж олон нийтийн тэмцээн уралдаан явагдахгүй.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Эдийн засгийн асуудлыг ярихгүй юм уу. Коронавирус манай улсад яг орж ирсэн эсэхийг салбарын сайд хэлж өгөөч. Манай Орхон аймгийн ЭМН л гэхэд ганцхан амьсгалын аппараттай. Хэрэв тэнд коронавирустэй хоёр хүн илэрвэл ганц аппарат дээрээ яаж үйлчлүүлэх вэ. Мөн маскны стандарт гэж байна уу.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

Монгол Улсын худалдааны гол түнш бол БНХАУ. Манай улсын экспортын 93 хувь, импортын 34 хувь Хятад улсаас хамааралтай. Шинэ халдвар гарсантай холбоотойгоор макро эдийн засаг саарах төлөвтэй байна. Олон улсын шинжээч эдийн засагчдын тооцооллоор гурав, дөрөвдүгээр сарын эдийн засгийн хүндрэлийн дээд цэг байх болно. Үүнээс цааш эдийн засаг богино хугацаанд сэргэнэ гэж тооцоолж байна. Монголбанкны  валютын нөөц 4.3 тэрбум ам долларт хүрсэн нь сүүлийн жилүүдийнхээс дөрөв дахин нэмэгдсэн. Харилцагч, банк хоёр зээлийн гэрээ хийдэг. Эдийн засгийн идэвх саарч байгаатай холбоотойгоор зээлд бүтцийн өөрчлөлт хийж болдог зохицуулалт бий. Энэ тал дээр анхаарч ажиллана гэж Банкны удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр байр сууриа илэрхийлсэн.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

Коронавирусийн урьдчилан сэргийлэх чиглэлд Эрүүл мэндийн яамнаас гадна Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Улсын онцгой комисс гээд бүхэлдээ  хөдөлж байна. Эрүүл мэндийн салбарын тухайд урьдчилан сэргийлэх чиглэлээр  ажиллаж, бэлэн байдлын тооцоо судалгаа гаргасан. Нэг тохиолдол гарвал яах вэ, цааш 1, 100, 200, 300 болж нэмэгдвэл яах вэ гэдгийг ДЭМБ-ын аргачлалаар бүх тооцоог хийж  эм тариа, ор дэр, тоног төхөөрөмжийнхөө бэлтгэлээ ханган ажиллаж байна. Гэнэтийн энэ зүйлд  бид ч тэр, дэлхийн бусад орон ч тэр аль аль нь бэлэн байгаагүй. Тийм учраас нэмэлт зардал, арга хэмжээ авах шаардлагатай болсон. Бид шуурхай судалгаа хийлгэж 9,7 тэрбум төгрөгийн зардал гарахаар байгааг  Улсын онцгой комисст оруулж, Засгийн газарт танилцуулж шийдүүлсэн. Энэ асуудал бүрэн шийдэгдсэн. Эхний ээлжид Засгийн газрын нөөц хөрөнгөөс 4,2 тэрбум төгрөг шийдэж өгч, эрүүл мэндийн ажилтнуудынхаа хувийн хамгаалах хэрэгслийн асуудал, нэн шаардлагатай вирусийн эсрэг эм болон өргөн хэрэглээний антибиотикыг бэлдсэн. Мөн Азийн хөгжлийн сангийн үлдэгдэл санхүүжилтэд Сангийн яам зохицуулалт хийж 4,2 тэрбум төгрөгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн худалдан авч байгаа. Энэхүү тоног төхөөрөмжийн жагсаалтыг ДЭМБ-аас гаргасан коронавирусийн халдварын үед ашиглах жагсаалтын дагуу тоног төхөөрөмжүүдийг авч эхэлсэн. Үүний хүрээнд эхний ээлжид 30 гаруй амьсгалын аппарат авсан.  Манай эрүүл мэндийн байгууллагуудад бүгдэд нь амьсгалын аппарат бий. Хэрэв халдвар гарсан нөхцөлд нэмэлт аппаратын шаардлага гарна гэж үзсэн. Дэлхийн банкнаас бидэнд туслах саналаа гаргаж, Сангийн яам дэмжсэнээр  дээр хэлсэнчлэн  ДЭМБ-аас гаргасан коронавирусийн халдварын үед ашиглах жагсаалтын дагуу дахин тоног төхөөрөмж худалдан авна. Ингэснээр Эрдэнэтийн эмнэлэг нэг амьсгалын аппарат өгөх боломж бүрдэнэ. Хөдөө орон нутаг руу хүртээмжийг нь харгалзан тараана.

Маскны тухайд стандартыг гаргаж ард иргэддээ танилцуулсан. ЖДҮ-үүд, хувийн хэвшлийнхэн маск хийж байгаа. Уг хийсэн маскуудаа Онцгой байдлын ерөнхий газарт төвлөрүүлээд эмийн сангуудаар дамжуулан тодорхой үнээр зарж борлуулна. Бүх аймаг уг арга хэмжээнд нэгдсэн.

Шадар сайд  Ө.Энхтүвшин:

Санхүүгийн олон байгууллагууд тодорхой судалгаануудыг хийсэн байна лаа. Эдийн засагт хүнд тусах нь ойлгомжтой. Нэгдүгээр сарын дүн мэдээгээр улсын орлого  202.8 тэрбумаар буурсан байна . Тэр дундаа ашигт малтмалын орлого 157 тэрбумаар тасалдаад байна. Тийм учраас Засгийн газрын хуралдаанаар сайд тус бүрт чиглэл өгч эрсдэлийн үнэлгээ, тооцоог хийх үүрэг өгсөн. Амаргүй нөхцөл байдалтай байгаа. Гуравдугаар сарын 2-ныг хүртэл нүүрсний экспорт зогссон.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

Юуны өмнө  хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зүтгэж байгаа ЭМЯ, УОК,  ГХЯ, ОБЕГ-ын нийт хамт олонд баяр хүргэе. Та бүхэн сайн ажиллаж байгаа. Энэ цаг үед дор бүрнээ хичээн зүтгэж төр, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллагууд хүчээ нэгтгэж байж хүн төрөлхтний өмнө тулгарч буй сорилт бэрхшээлийг давж гарна. Энэ цаг үед зарим гишүүний яриад  байгаа шиг худал сүржигнэх, тэр нь үнэ хөөрөгдөх, ард түмнийг цуурхалд автуулах, попрох, шоудах шаардлагагүй. Энэ бол харин ч Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал, нийгмийн амгалан тайван байдалд сөргөөр нөлөөлнө гэдгийг хаана хаанаа хатуу анхаарч ажиллавал зохино. Монголчууд “Айл хүний амь нэг” гэж ярьдаг. Мөн “Тэвдэж явахад тэвнээр тусал” гэдэг. Хандив, сайн үйлсийн аяныг зохион байгуулах нь ч зүй ёсны хэрэг. Бид л нэг ертөнцөд нэг л агаараар амьсгалж байгаа. Хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа нийтлэг сорилт, бэрхшээлийг хүчээ нэгтгэж давж туулна.

Асуудалд судалгаатай хандаж байгаа. Үнийн судалгааг гэхэд Лхагва гариг бүрт хийж байна.

Үүгээр гишүүд үг хэлж дууссанаар Чиглэл өгөх тухай байнгын хорооны тогтоолыг баталлаа.

Дараа нь Монгол Улс, АНУ-ын cтратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн.  Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулга хийв. 

УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-д айлчлахаар төлөвлөж байна. Манай Улсын Их Хурал  Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх тухай асуудлаар 1998 онд тогтоол баталж байсан бөгөөд Монгол, Америкийн өнөөгийн харилцааны хөгжил, ололт амжилтыг  харгалзан, 1998 оны тогтоолыг хоёр талын хамтын зорилт, цаашдын төлөвтэй уялдуулан шинэчлэх саналтай байна. Тогтоолыг УИХ-ын даргын айлчлалын өмнө батлах нь айлчлалд нөхөрсөг, дотно уур амьсгал бүрдүүлэхээс гадна Конгрессын зүгээс “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийг батлахад чухал түлхэц болно гэж үзэж байна. Тогтоолыг шинэчилж, АНУ-тай тогтоосон стратегийн түншлэлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг онцолж тусгах нь Монголын төр, засгийн зүгээс АНУ-тай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагийн илэрхийлэл болохын зэрэгцээ Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогыг бататгаж, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа салбарын сайд танилцуулгадаа онцолсон.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ундраа, Н.Энхболд нар асуулт асууж, хариулт авсан тул “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 63,6 хувь нь дэмжсэн. 

Д.Цогтбаатар: Экспорт 7.6 тэрбум ам.доллар болж өссөн нь түүхэн дээд амжилт боллоо 

Хуралдааны төгсгөлд Гадаад харилцааны яамны 2019 оны тайланг сонссон бөгөөд энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулав. 

Гадаад харилцааны яам 2019 онд улс орны аюулгүй байдал, үндэсний хөгжилд таатай гадаад орчныг бүрдүүлэх, улс орны эдийн засгийн байдлыг сэргээн сайжруулахад худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хилийн чанадад Монгол Улсын иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах, улс орноо сурталчлан таниулах ажлыг идэвхтэй хэрэгжүүлэн ажиллав. Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 2018 онд 12.9 тэрбум ам.доллар, түүний дотор манай экспорт 7 тэрбум ам.долларт тус тус хүрсэн нь Монгол Улсын түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болсон билээ. Харин 2019 онд энэхүү үзүүлэлтийг ахиулж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 13,7 тэрбум ам.доллар, түүний дотор манай экспорт 7.6 тэрбум ам.доллар болж өссөн нь дахин түүхэн дээд амжилт боллоо. Өнгөрсөн онтой харьцуулахад худалдааны эргэлт 860.6 сая ам.доллар буюу 6.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Экспортын хэмжээ өнгөрсөн оноос 607,9 сая ам.доллар буюу 8,7 хувиар, импорт өнгөрсөн оноос 252,6 сая ам.доллар буюу 4,3 хувиар тус тус өсч, гадаад худалдааны тэнцэл 1,49 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Экспортын хэмжээ нэмэгдсэн төдийгүй, хамгийн гол нь экспортын  төрөлжилт чанаржсан. Гадаад  худалдааны тэнцэл нэмэх 1,49 тэрбум ам.долларт хүрсэн нь Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг бүрдүүлэхэд эерэгээр нөлөөлж, нийт нөөц 4,39 тэрбум ам.долларт хүрсэнд гадаад харилцааны салбар онцгой үүрэг гүйцэтгэснийг салбарын сайд мэдээлэлдээ онцолсон.

Мөн тэрбээр танилцуулгадаа,  хөрш хоёр оронтой хөгжүүлж буй харилцаанд тодорхой ахиц дэвшлүүд гарлаа. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин албан ёсны айлчлал хийж, талууд “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ”-г хугацаагүйгээр байгууллаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д албан ёсны айлчлал хийж, харилцаанд олон жилийн турш шийдлээ олоогүй ирсэн асуудлуудыг шийдвэрлэсэн. Тухайлбал, ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутгаар дайруулан өнгөрүүлэх, Монгол Улс болон ЕАЭЗХ-ны хооронд ЧХХ байгуулах боломжийг хамтран судлах зэрэг тодорхой тохиролцоонуудад хүрч, Монгол, Оросын “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх замаар төмөр замын шинэчлэлийн асуудлаар зарчмын шийдвэрт хүрлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д төрийн айлчлал хийв. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг жилийн туршид өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүллээ. Монгол Улсын Засгийн газрын “Бүс ба Зам-зорчих нөхцөлийг хөнгөвчлөх” тухай санаачилгыг БНХАУ-ын Засгийн газар дэмжиж, БНХАУ-ын агаарын 12 боомт, хуурай замын 6 боомтдоо тусгай гарцыг нээн ажиллуулах болсон гэж байлаа. 

Монгол, Америкийн стратегийн түншлэлийг тунхагласан нь АНУ-тай бүх талын харилцааг өргөжүүлж, Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогыг бататгах, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал алхам болсныг Д.Цогтбаатар сайд мэдээлэлдээ онцлохын зэрэгцээ Монгол Улс, ЕХ болон түүний гишүүн улсууд, Европын бусад улстай хөгжүүлж буй харилцаа 2019 онд идэвхтэй өрнөж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах ач холбогдолтой хэд хэдэн зээлийн хэлэлцээр байгуулагдан хэрэгжиж эхэлснийг тодотгов. 

    Түүнчлэн тэрбээр 2019 онд соёл урлаг, хэвлэл мэдээллийн  чиглэлээр  төлөвлөгдсөн 80 гаруй ажлыг тус яам холбогдох байгууллагуудтай хамтран хийж гүйцэтгэснийг онцлохын зэрэгцээ консулын харилцааг өргөжүүлэх, хилийн чанадад байгаа монгол иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааг мэргэжлийн, мэргэшсэн түвшинд хэрэгжүүлэх, иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, консулын үйл ажиллагааны эрх зүйн орчинг төгөлдөржүүлэх, консулын үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй, цахимжуулах чиглэлээр ажилласныг тодотгов. Энэ хүрээнд консулын албыг бэхжүүлэх хүрээнд БНХАУ-ын Шанхай, Манжуур хотод консулын газар байгуулах зохих шийдвэр гарч, Шанхай хотноо ЕКГ үйл ажиллагаагаа 11 дүгээр сард эхлүүлсэн гэж байлаа. 

    Тайлангийн хугацаанд манай улс олон талт 5 гэрээнд нэгдэн орсон бол Засгийн газар хоорондын 45 гэрээ байгуулж, өмнө нь байгуулсан 5 гэрээг хүчин төгөлдөр болгосон. Засгийн газар хооронд байгуулсан баримт бичгийн тоо 2018 онтой харилцуулахад 50 гаруй хувиар нэмэгдсэн байна. Түүнчлэн байгууллага хоорондын 80 гэрээ байгуулж бүртгэсэн бол гэрээний төсөлд санал өгөх, орчуулгыг хянах зэрэг байгууллага хоорондын нийт 121 гэрээ байгуулахтай холбоотой үйл явцад оролцлоо. ЕАБХАБ-ын НБДНГ-ын Үндэстэн дамнасан аюул заналхийлэлтэй тэмцэх газар, НҮБ-ын Терроризмтой тэмцэх албатай тус тус хамтран “Терроризмд турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд нийгмийг хандуулах нь” сэдэвт бүс нутгийн дээд хэмжээний бага хурлыг амжилттай зохион байгууллаа.Төрийн өндөр албан тушаалтнуудын гадаад улсад хийсэн 27 айлчлал, Монгол Улсад айлчилсан гадаад улсын дээд болон өндөр түвшний төлөөлөгчдийн 16 айлчлалыг хэрэгжүүллээ. Мөн олон улс болон бүс нутгийн хэмжээний 5 хурал зөвлөгөөн, ЗГХК-ын 10 хуралдаан зохион байгуулсан гэдгийг Д.Цогтбаатар сайд мэдээлэлдээ дурдсан. 

    Түүнчлэн тэрбээр мэдээлэлдээ, Монгол Улс ФАТФ-ын “саарал жагсаалт”-ад орсонтой холбогдуулан мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр НҮБ, ФАТФ болон бусад олон улсын байгууллагаас гаргасан зөвлөмж, гарын авлага зэргийг нэгтгэн эмхтгэл гаргах, бусад улс, ОУ-ын байгууллагатай хамтран сургалт, семинар зохион байгуулах, санхүүгийн зорилтот хориг арга хэмжээний хэрэгжилтийг хангах, үүргийн биелэлтэд хяналт тавих ажлыг хамтран зохион байгуулахаар төлөвлөж байгааг онцлов. Мөн Монгол Улсын нэр хүндийг олон улсад унагаж буй тамхи, хар тамхи болон хууль бус дамын наймаанд хилийн чанад дахь ДТГ-ын албан хаагчид нэр холбогдож буй хэрэг, зөрчилтэй хатуу тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хүрээнд зохих арга хэмжээг авч ажиллахаа мэдэгдэж байлаа. 

    Хуралдаанд Гадаад харилцааны яамны холбогдох албан тушаалтнууд оролцсон бөгөөд тайлан, мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ундраа, Б.Бат-Эрдэнэ, Н.Энхболд нар асуулт асууж, үг хэлснээр хуралдаан өндөрлөв.

АБГББХ: Коронавирусийн талаар мэдээлэл сонсч эхэллээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар нийт дөрвөн асуудал хэлэлцэнэ. Нэгдүгээрт, коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх талаар авч буй зарим арга хэмжээний талаарх холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсоно. Хоёрдугаарт АНУ-ын Чикаго хотод Консулын газар нээх талаар зөвшилцөх, гуравдугаарт Монгол Улс, АНУ-ын cтратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай, дөрөвдүгээрт, Гадаад харилцааны яамны 2019 оны ажлын тайланг тус тус хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх талаар авч буй зарим арга хэмжээний талаарх мэдээллийг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж