Үсний хамгаалалтын давхарга гэмтсэнээс давхар үе үүсч үс салаалдаг.
Үсэнд хими хийлгэх, будах, шүлтлэг ихтэй саван болон халуун сэнс тогтмол хэрэглэх, нар салхинд удаан байх нь үсийг хуурайшуулан чийглэг болон тослогийн тэнцвэрийг алдагдуулдаг. Мөн нэг хэвийн засалтаар удаан байлгах, байнга боох зэрэг нь үс хугарах, салаалах үндэс болдог. Үсийг салаалахаас сэргийлж амин дэм, байгалийн гаралтай шампунь сонгох нь чухал.
Хэрэв үс тань хуурайшин, үс салаалж буй байдал анзаарагдвал гэрийн нөхцөлд хэрэглэхэд тохиромжтой дараах маскуудыг туршаад үзээрэй.
- Өндөг
1 ширхэг өндөгний шар, 2 цайны халбага тослог цөцгий, 1 хоолны халбага бүйлс /almond/ тос орно. Цөцгийг тостой хольж устай саванд хийгээд биеийн температуртай адил болтол халаана. Дээрээс нь өндгөө хийж зуураад үсний уртын дагуу түрхэнэ. Сийрэг шүдтэй самаар самнан жигд тарааж болно. Халуун бигнүүрээр 40 орчим минут ороон, бүлээн усаар зайлна.
- Тараг
Тараг нь хуйханд сайн нөлөө ихтэй. Ялангуяа салаалсан үсний үзүүрт хэрэглэвэл үр дүнтэй. Тарагны найрлаган дахь сүүн хүчил нь үсний бодисын солилцоог сайжруулж, тэжээл өгч салаалахыг бууруулдаг. Жирийн таргийг үсэндээ түрхээд 30 минутын дараа угаана.
Холбоотой мэдээ