Засгийн газрын ээлжит хуралдаанаас өнөөдөр /2020.02.19/ шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал /хэсэгчилсэн/-ын хугацааг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд сунгалаа.
Дээрх хугацаанд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон тул 2020 оны гуравдугаар сарын 06-ны өдөр зохион байгуулагдахаар төлөвлөж байсан Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны Гишүүдийн ээлжит бус хурал цуцлагдаж, хугацааг хойшлуулах болжээ. Тус хурлын товыг МҮОХ-ны дүрмийн дагуу Гишүүдийн саналыг үндэслэн МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хурлаар хэлэлцэж зарлах юм байна.
Ингэхдээ МҮОХ-ны Гишүүдийн ээлжит бус хурлаар явагдах МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоог сонгох сонгуулийн тухай мэдээллийг МҮОХ-ны Хараат бус сонгуулийн комиссоос мэдэгдэх болжээ.
Сонирхуулахад, МҮОХ-ны ерөнхийлөгчид тус хорооны дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Монголын волейболлын холбооны гишүүн Ц.Бат-Энх нар өрсөлдөж байгаа гэх албан бус мэдээлэл бий.