Covid-19: Говьсүмбэрийн сэжигтэй тохиолдол үгүйсгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2020.02.19-нд нийтлэгдсэн

Covid-19: Говьсүмбэрийн сэжигтэй тохиолдол үгүйсгэгдлээ

Коронавирус буюу covid-19-ийн халдварын сэжигтэй тохиолдлоор ХӨСҮТ-д гурав, Говьсүмбэр аймагт хоёр иргэн тусгаарлагдаад байсан бөгөөд бүх сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарчээ. ЭМЯ-наас covid-19-ын асуудлаар өнөөдөр /2020.2.19/ мэдээлэл хийхдээ энэ талаар мэдээлсэн юм.

АЗИЙН 12 ОРОНД БҮТГЭГДСЭН

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, Тандалт шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “Дэлхий дахинд сүүлийн 24 цагийн байдлаар covid-19-ийн халдвар эрчтэй тархаж байна. Тэр дундаа Азийн 12 оронд  бидний хамгийн их зорчдог Япон, Сингапур, Тайванд өвчлөл эрчимтэй явагдаж байна. Азийн 48 оны 12-т нь covid-19-ийн өвчлөл бүртгэгдээд байна. Энэ хүнд үед Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар маань Ухань хотын эмч нарт нэг өдрийн цалингаа хандивлахаар болсон. Өнөөдөр ууган хүнсний үйлдвэрүүд халдварын эсрэг тэмцэхэд дэмжлэг үзүүлж 1178 ажилтныхаа нэг өдрийн цалин болох 39 сая төгрөгийн хандив өгч, цаашид хандив өргөхийг уриллаа” гэлээ.

137 ХҮН НАС БАРСАН

ДЭМБ-ын халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа “2020 оны хоёрдугаар сарын 19-ний 10.00 цагийн байдлаар нийт 75182 тохиолдол бүртгэгдэж, шинээр 1851 тохиолдол, 2009 нас баралт бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт 137 хүн халдварын улмаас нас барсан байна. БНХАУ-аас гадна дэлхийн 25 улсад 900 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, Филиппин, Япон, Францад гурван хүн нас баралт бүртгэгдлээ.  Мөн БНХАУ-д 3019 эмнэлгийн ажилтанд халдварын сэжигтэй тохиолдол илэрч,  1716 нь  лабораториор баталгаажсан байна.   14.6 хувь нь маш хүнд байна. Эмчилгээгээр 80 гаруй аргыг туршиж байна” гэлээ.

ОНОШЛУУР 100 ХУВЬ НАЙДВАРТАЙ

ХӨСҮТ-ийн Вируслогийн лабораторийн эрхлэгч Б.Дармаа “ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори нь амьсгалын замын цочмог халдвар үүсгэгчийг илрүүлэх тоног төхөөрөмж, урвалж, оношлууртай, мэргэжлийн боловсон хүчин ч хангалттай байдаг. ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори ДЭМБ-ын сүлжээ лабораторийн хувьд Японы Халдварт өвчин судлалын төвийн лавлагаа лабораториос оношлуур хүлээн авч, шинжилгээ хийж байна. Манай орон Ази тивдээ хамгийн түрүүнд оношлуур хүлээж авсан орон. Оношлуурыг 100 хувь найдвартай гэж үзэж байгаа. Энэ оношлуурыг ДЭМБ-ын лавлагаа таван лабораторийн нэг болох Токиогийн лавлагаа лабораториос хүлээн авч, шинжилгээний дүнгээ Япон руу илгээн баталгаажуулж байгаа. ХӨСҮТ-ийн лаборатори Токиогийнхтой яг адил тоног төхөөрөмж, урвалж, оношлуур хэрэглэж байгаа” гэсэн юм.

ОДООГООР ТУСГААРЛАГДСАН ХҮН БАЙХГҮЙ

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020.2.17-нд коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдлоор ХӨСҮТ-д гурав, Говьсүмбэр аймагт хоёр иргэн тусгаарлагдсан. Сэжигтэй тохиолдлуудын хариу сөрөг буюу вирус илрээгүй. Одоогоор covid-19-ийн сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан хүн алга” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж