З.Энхболд VS С.Чинзориг

Хуучирсан мэдээ: 2020.02.19-нд нийтлэгдсэн

VS

З.Энхболд VS С.Чинзориг

Тэтгэврийн шинэчлэл яригдаж байгаа энэ үед Нийгмийн даатгалын сан яагаад алдагдалд орсон талаар төрийн эрх барьж буй эрхэмүүд бие биедээ бурууг тохоод удаж буй. Капитал банканд байршиж байсан Нийгмий даатгалын сангийн 100 гаруй тэрбум төгрөгийг салбарын яам нь татан аваагүйгээс шимтгэл төлөгчдийн мөнгө эрсдэлд орсон гэдэг асуудал хөндөгдөх болсон. NEWS агентлаг VS булангийн энэ долоо хоногийн дугаартаа Ардчилсан намын дарга С.Эрдэнийн зөвлөх З.Энхболд болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарын байр суурийг хүргэж байна.

З.Энхболд
АН-ын дарга С.Эрдэнийн зөвлөх

"2016 оны зургадугаар сард С.Эрдэнэ Нийгмийн даатгалын сангийн мөнгийг нэг ч төгрөгийн алдагдалгүйгээр хүлээлгэж өгсөн. Н.Номтойбаярын үед НДС-гийн мөнгө бүрэн бүтэн байсан. С.Чинзориг сайдын үед Капитал банкны байдал муудлаа гэж дохио өгсөөр байтал С.Чинзориг сайд энэ мөнгөө банкнаас аваагүй учраас алга болсон. НДС-гийн чөлөөт үлдэгдлийн мөнгийг банканд байршуулдаг гэрээ гэж бий. Анхны шинж тэмдэг илэрмэгц үл маргалдах журмаар мөнгөө татаж авах боломж нь С.Чинзориг сайдад байсан. Хэрэв банканд нь мөнгө байхгүй тохиолдолд Төв банкинд хадгалуулдаг нөөц хөрөнгөөс нь татаж авах эрх нь мөн байсан. 2019 оны эхээр Капитал банк муудсан дохиог Төв банкнаас өгсөөр байтал С.Чинзориг мөнгөө татаж аваагүй нь буруу. Энэ мөнгө алга болсныг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа бол НДЕГ-ын дарга байсан Ц.Уртнасан, С.Эрдэнэ, Н.Номтойбаярт огт хамаагүй, мөнгө хэний үед алга болсноор нь шалгах байтал огт хамаагүй хүмүүсийг хорьж шалгах нь буруу. Хуулийн байгууллагынхан ажлаа зохих ёсоор хийхгүй байна".  

Эх сурвалж: www.news.mn

С.Чинзориг
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

2017 оны аравдугаар сард сайдаар томилогдож очиход Капитал банкны гэрээ дуусчихсан, 70 гаруй тэрбум төгрөгийн үлдэгдэл "Капитал" банкны харилцах дансанд байршиж байсан. Тухайн үед би "Капитал" банкны байдал хүндэрч байгаа учраас гэрээ сунгахгүй гэдэг асуудлыг тавьж, 2018 оны тавдугаар сар хүртэл явсан. Дараа нь Нийгмийн бодлогын байнгын хороон дээр гарсан ажлын хэсэг “Капитал” банкны харилцах дансан дээр их хэмжээний мөнгө таван хувийн хүүтэй байршиж байна. Тиймээс “Капитал” банкнаас мөнгөө татаж авч чадахгүй бол хүүгийн алдагдал үүрэхгүй байх нь зүйтэй. Мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуул” гэдэг чиглэл өгсөн учраас харилцах дансанд нь байсан 70 тэрбум төгрөгийг хадгаламж хэлбэрээр байршуулах гэрээ байгуулсан. Түүнээс “Капитал” банкинд мөнгө нэмж байршуулсан зүйл огт байхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж