Коронавирус зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2020.02.19-нд нийтлэгдсэн

Коронавирус зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэлтэй байна

НЭМЭЛТ:

10.43

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд мэдээлэл хийлээ. Тэрбээр "Монгол Улсаас Хятадад аялж, зорчиж байгаад ирсэн 179 иргэнийг тусгаарлаж ажиглалт хийсэн. Халдвар одоогоор  илрээгүй байна.

Гэхдээ нэгдүгээр сарын 30-нд байгуулагдсан Улсын онцгой комиссын  ажлын хэсгээс 43 төлөөлөл оролцсон судалгаагаар коронавирус тархах эрсдэлийн үнэлгээ өндөр гэж гарсан. Дахин үнэлгээ хийхэд зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэл мөн өндөр гарсан. Эрүүл мэндийн байгууллагын зүгээс халдвараас сэргийлж, 28 хоногт ажиглах тохиолдол гарч байна гэж  үзсэн учраас Засгийн газраас хагас өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байсан горимоо 2020 оны гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгаж, тогтоол гаргалаа” гэлээ. Энэ нь бүх шатны сургууль, цэцэрлэг гуравдугаар сарын 30-н хүртэл ажиллахгүй, мөн олон нийтийг хамарсан үйл ажиллагаанууд зохион байгуулагдахгүй болж байна гэсэн үг юм.

Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгөв.

-Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлээс гарах, орох авто замын хөдөлгөөнийг хаах юм уу?

-Одоогоор Улсын онцгой комисс болон Засгийн газар дээр хот хоорондын хөдөлгөөнийг хаах, хорих асуудал яригдаагүй байна. Цагаан сар болтол нэлээд хугацаа байна. Тухай бүрт нь дүн шинжилгээ хийж энэ асуудлыг ярьж болох юм. Зарим аймгууд зам хаасан гэсэн мэдээлэл аваад байгаа. Үүнийг бид лавлах ёстой. Яагаад гэвэл тухайн аймаг дангаараа ийм шийдвэр гаргаж болохгүй. Зам тээврийн сайдтай харилцан зөвшилцөн гарах ёстой.

-Спорт заал, фитнесс заалны үйл ажиллагааг зогсох уу?

-Спорт, фитнессын заалыг хаах шийдвэр гаргаагүй. Спорт заалуудад олон нийтийг хамарсан тэмцээн уралдааныг зохион байгуулж болохгүй. Харин найз нөхөд, хэсэг бүлгээрээ цуглаад спортоор хичээллэхийг хориглоогүй.


ЗГ: СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХОРИОГ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1-Н ХҮРТЭЛ СУНГАНА

БНХАУ-д дэгдсэн коронавирусийн халдвараас сэргийлж Монгол Улс хагас өндөржүүлсэн бэлэн байдалд  шилжээд байгаа билээ.

Энэ хүрээнд бүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их, дээд сургууль, МСҮТ-ийг энэ оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэрийг Улсын онцгой комисс болон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өнгөрөгч нэгдүгээр сарын 24-ны өдөр гаргасан.  Үүнээс гадна улсын хэмжээнд олон нийт цугласан буюу урлаг соёлын ажил, спортын уралдаан, тэмцээнээс гадна сургалтын төв, жолооны дамжаа, интернэт тоглоомын газрын үйл ажиллагааг ч хориглоод байгаа юм.

Тэгвэл өнөөдрийн /2020.02.19/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар сургууль, цэцэрлэг, олон нийтийн хөл хориог 28 хоногоор буюу дөрөвдүгээр сарын 1-н хүртэл сунгахаар хэлэлцэж байгаа аж. Энэ талаар 10.30 цагт мэдээлэл хийхээр төлөвлөөд байна.

Энэхүү хөл хорио нь БНХАУ-ын Ухань хотод анх дэгдэж  дэлхийн 20 гаруй оронд  тархаад буй коронавирус Монголд тархахаас сэргийлэх зорилготой юм.

Дэлхий дахинд халдварын тохиолдлын нийт тоо 75122, нас барсан хүний тоо 2005 болсон бол 12624 хүн бүрэн эдгэрчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж