Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байхдаа гэр бүлийнхээ хамт Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор ОХУ-ын хилийг давж, улмаар АНУ-д гарсан.
Түүнийг “АНУ-ын хил дээр их хэмжээний ам.доллар авч яваад саатуулагдсан, тус улсаас цагаачлал хүссэн” гэх мэдээлэл гарсан ч албаны эх сурвалж үгүйсгэж байсан юм.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар С.Төмөрбатыг АНУ-ын Иргэншил, цагаачлалын албаныхан баривчилсан бөгөөд цагдан хорьж байгаа гэнэ. Түүнийг ирэх тавдугаар сард тус улсаас авчрахаар болсон талаар эх сурвалж мэдээллээ.
Эргэн сануулахад, С.Төмөрбат нь Монгол Улсын Гавьяат хуульч агсан Л.Бямбаагийн хүү бөгөөд ээж нь Салхитын мөнгөний ордын өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа бусдад их хэмжээний авлига дамжуулсан хэрэгт холбогдсон юм. Хорих ангид саатуулагдаж байхдаа нас барсан. “Амиа хорлосон, хүүгээ энэ хэрэгт холбоогүй” хэмээн гэрээслэл үлдээсэн гэгддэг. Харин энэ талаар С.Төмөрбат “Манай ээж амиа хорлох сэтгэл зүйтэй хүн биш. Мөн хууль хяналтын байгууллагынхан хаана хорьж байгааг нууцалсан нь сэжиг төрүүлж байна” хэмээн мэдэгдэж байсан юм.