Коронавирус: Хөл хорио гэрээсээ ажиллах туршилт болов

Хуучирсан мэдээ: 2020.02.19-нд нийтлэгдсэн

Коронавирус: Хөл хорио гэрээсээ ажиллах туршилт болов

Коронавирус: Хөл хорио гэрээсээ ажиллах туршилт болов

Аюулт өвчнөөс сэргийлэн Ази тив даяар оффисуудын утас чимээгүй, ширээ хоосон ханхайж байна. Хонгконг,  Сингапур зэрэг хөл хөдөлгөөн ихтэй томоохон төв газруудад дэлгүүрүүд хаагдаж, олон нийтийн үйл ажиллагаанууд цуцлагдан, төв гудмуудад цөөн хэдхэн хүн харагдах болжээ.

Энгийн үед гудамжаар завгүй гүйлдэж, олон цагаар оффистоо суудаг байсан сая, сая хүмүүс өнөөдөр гадагш гаралгүй гэрээсээ ажиллаж байгааг нэг ёсондоо гэрээсээ ажиллах маш том туршилт хэмээн харж болох юм.

БНХАУ-ын засгийн газар вирусийн тархалтыг тогтоон барихын тулд 60 сая хүнийг бүтэн болон хэсэгчлэн карентилж зарим орнууд ч энэ жишгийг дагасан билээ. Хэдий тийм ч Ши Жиньпин эдийн засгаа тогтворжуулах хэрэгтэй хэмээн энэ долоо хоногт сануулснаар компаниуд ажилдаа эргэн орохын тулд олон бэрхшээлтэй нүүр тулж байна.

Олон сая хүн гэрээсээ хэвийн л ажиллаж байгаа ч багш зэрэг зайлшгүй биеэр хийх шаардлагатай ажил эрхэлдэг мэргэжилтнүүдийн хувьд гэрээсээ ажиллах нь амаргүй байх нь мэдээж.

Гэвч ихэнх салбаруудад энэхүү гэнэтийн туршилт сайнаар нөлөөлж, ажил олгогчид энэ системийг цаашид хэрэгжүүлж болох эсэх тал дээр анхаарал хандуулж эхэлжээ. Сүүлийн хэдэн долоо хоногт ажлын илүү уян хатан нөхцөл эрэлхийлэгчдэд удаан хүсэн хүлээсэн сонирхолтой боломж гарч ирж байна.

АШИГТАЙ ТАЛ, СУЛ ТАЛ

Дэлхийн хоёрдогч том зах зээл бүхий Хятад улс аль хэдийнэ АНУ-тай хийсэн худалдааны дайн болон дотоодын эрэлт буурснаас болж эдийн засгийн өсөлт зогсолтгүй удааширч байсан билээ. Харин одоо бизнесүүд хэдэн долоо хоногоор зогсож, цаашдаа ч зогсонги байх хандлагатай байгаа нь хямрал, ажилгүйдлийг өсгөх айдас дагуулж байна.

Нэгэн судалгаа БНХАУ Covid-19 вирусээс болоод 62 тэрбум ам.долларын алдагдал хүлээнэ хэмээн тооцоолсон билээ.

Эрх баригчид бизнесүүдийг ажлаа үргэлжлүүлэхийг шахахын хэрээр олон ажилчид аргагүйн эрхэнд гэрээсээ ажиллаж эхэлсэн. Хятадын өдөр тутмын сонинд мэдээлснээр Бээжингийн иргэдийн талаас илүү хувь нь цаашдаа ч гэсэн оффисдоо очихын оронд гэрээсээ ажиллахыг илүүд үзэж байгаа ажээ. Tencent, Alibaba, Microsoft зэрэг технологийн компаниуд аюулгүй байдлыг бодолцож, ирэх долоо хоногийн даваа гаригаас ажилчдаа гэрээс нь ажиллуулах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ.

Сингапур, Хонгконг, Макаогийн засгийн газрууд төрийн албан хаагчдыг гэрээсээ ажиллахыг үүрэгдэн, хувийн байгууллагууд ч боломжтой бол ажилчдаа гэрээс нь ажиллуулахыг зөвлөжээ. Нэгдүгээр сарын сүүлээр цагаан сарын амралт дууссанаас хойш Хонгконгийн төрийн албан хаагчид гэрээсээ ажилласаар байгаа аж. Хонгконгийн засгийн газар "Бусад хувийн хэвшлүүд ч хүмүүс хоорондын харилцааг хязгаарлахын тулд энэ мэт уян хатан ажлын нөхцөл бүрдүүлнэ үү" хэмээсэн байна.

Хөл хорио тогтоосон ихэнх газруудад сургуулийн үйл ажиллагааг мөн адил зогсоосон бөгөөд багш нар сургууль дээр очин ангиар хичээл заахын оронд Google Hangouts гэх мэт дүрс харан холбогдох дижитал хэлбэрээр хичээл зааж эхэлжээ. Хонгконгийн нэгэн сургууль оюутнуудаа цахимаар бүртгэн даалгавар өгч, заасан хугацаандаа шалгах замаар хичээлээ үргэлжлүүлж байгаа аж. Гэвч оролцооны хязгаарлалттай буюу хөгжлийн бэрхшээлтэй болон онцгой шаардлагатай хүүхдүүдэд хичээл заадаг багш нарын хувьд энэ хэлбэр нь тохиромжгүй болох нь өдрөөс өдөрт улам тодорхой харагдаж байна.

Харин бусад цахимд суурилсан салбарт ийнхүү гэрээсээ ажиллах нь гайхмаар сайн үр дүн харуулах болжээ. "Энэ бол бидний төлөвлөөгүй том туршилт. Гэхдээ зарим талаар энэ нь бидэнд таалагдаж байна" хэмээн Хонгконгийн цахим агентлагийн ажилтан Брайс Ламарк хэлжээ. Түүний хэлсэнчлэн Хонгконгийн бараг бүх компанийн ажилтнууд засгийн газраас заавар иртэл гэрээсээ ажилласаар байх гэнэ.

"Хөл хорио тогтоохоос өмнө бид гэрээс ажиллахыг нэг их сайшаадаггүй байсан. Учир нь гэрээс ажиллах нь багийн ажил, харилцаа холбоонд хүндрэл учруулна гэж үздэг байлаа. Гэвч бодит байдал дээр туршиж үзэхэд багаар ажиллахын тулд заавал хамтдаа нэг өрөөнд суух хэрэггүй гэдгийг ойлгож авч байна. Бид гэрээсээ ч гэсэн маш сайн хамтарч ажиллаж байна. Иймд ажлын энэ систем болон үүний үр ашгийг цаашдаа анхаарч, жилдээ хоёроос гурван долоо хоног гэрээс ажиллах систем нэвтрүүлж үзэх санал дэвшүүлж байна" хэмээн Ламарк ярьжээ.

ГЭРЭЭС АЖИЛЛАХ НЬ ИРЭЭДҮЙД Ч ГЭСЭН ХЭРЭГЖҮҮЛЖ БОЛОХ СИСТЕМ

Цахимд суурилсан бизнесүүдийн хувьд гэрээс ажиллах нь тун ашигтай хэлбэр байж болох юм. Олон жилийн турш ажилчид болон ажил олгогчид ашигтай, ажлын уян хатан нөхцөл бүрдүүлэхээр хайгуул хийсээр ирсэн. Харин тэр хайгуулын хариулт нь ажил олгоч болон ажилтанд аль алинд нь ашигтай гэрээс ажиллах систем байж болох юм.

Өнгөрсөн арван жилд техник технологийн хөгжил болон гэр бүлийн харилцааны өөрчлөлтийг дагаад алсаас ажиллаж болох ажлын байрны тоо нэмэгдэх хандлагатай байсан. Гэрээсээ ажилласнаар олон эцэг эхчүүд карьераа авч явангаа хүүхдээ харж хандах боломжтой гэдгийг ойлгож эхэлсэн. Хүүхэд асрагч хөлслөх, эсвэл өдөр өнжүүлэхэд хүүхдээ явуулах боломжгүй гэр бүл хүүхэдтэй болбол эцэг эхийн аль нэг нь буюу ихэвчлэн ээж нь хүүхдээ асран халамжлахын тулд карьераа золиослох шаардлагатай болдог.

Гэрээс ажилласнаар зөвхөн эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлээд зогсохгүй аавууд ч хүүхэдтэйгээ болон гэр бүлтэйгээ илүү их цагийг өнгөрүүлэх боломжтой болно. Энэ нь эрх тэгш байдал болон гэр бүлийн гишүүн бүрт тун ашигтай алхам юм.

Техник технологи хөгжихийн хэрээр гэрээс ажиллах боломжтой салбаруудын тоо улам бүр олширсоор байгаа. "10 жилийн өмнөхтэй харьцуулахад өнөөдөр алсаас харилцах нь хамаагүй хялбар болжээ. Цахим шуудан бичилцэж, үүлэн системд файл солилцон, дүрсээ харан ярьж болдог болсон байна" хэмээн Хонгконгод төвтэй, ажил горилогчдыг алсын зайны болон уян хатан нөхцөлтэй ажилд зуучилдаг FLEXImums компанийн үүсгэн байгуулагч Мари Сварбрек хэлжээ.

Эх сурвалж: cnn.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж