“Мэдээлэл нь зөрсөнөөс 9 сая төгрөгийн урамшуулал буцсан”

Хуучирсан мэдээ: 2020.02.19-нд нийтлэгдсэн

“Мэдээлэл нь зөрсөнөөс 9 сая төгрөгийн урамшуулал буцсан”

“Мэдээлэл нь зөрсөнөөс 9 сая төгрөгийн урамшуулал буцсан”

НӨАТ-ын буцаан олголт хоёрдугаар сарын 10-наас иргэдийн дансанд орж эхэлсэн. Иргэд буцаан олголтоор нийт 148 тэрбум төгрөгийг авах юм. Энэ талаар Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын улсын байцаагч Э.Будаас тодрууллаа.


-НӨАТ-ын буцаан олголтыг хоёрдугаар сарын 10-наас эхлэн иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар хэчнээн иргэн буцаан олголтоо аваад байна вэ?

-Татварын алба 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн байдлаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон Сангийн сайдын баталсан журмын албан татвар буцаан олгох нөхцөл, шаардлага хангасан 884.848 татвар төлөгч иргэний 144.5 тэрбум төгрөг буюу 97.5 хувийн буцаан олголтыг олгосон.

Арилжааны банкнаас 14.074 татвар төлөгч иргэний 9 сая төгрөгийн урамшуулал мэдээллийн зөрүүтэй шалтгаанаар гүйлгээ буцсан байна. Мөн татварын албанаас өнөөдрийн байдлаар мэдээллээ залруулсан 1.068 татвар төлөгч иргэний 196.6 сая төгрөгийн урамшууллыг олгуулахаар Төрийн сан банкинд хүргүүлээд байна.

-НӨАТ-ын урамшууллын мөнгөн дүнд өөрчлөлт орсон уу. Жишээлбэл, супер сугалааны шагналын сан 50 сая байсан бол 30 сая болсон байсан?

-Сангийн сайдын баталсан Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журмын 5.2-т тухайн жилд олгох сугалааны урамшууллын хэмжээ, супер болон үндсэн сугалааны урамшууллын хэмжээг жил бүрийн эхний сард багтаан Сангийн сайд батлах зохицуулалттай. Энэ журмын дагуу Сангийн сайд нэгдүгээр сарын 24-ний өдрийн 13 дугаар тушаалаар энэ онд олгогдох сугалааны урамшууллын хэмжээ, супер болон үндсэн сугалааны урамшууллын хэмжээг тогтоож өгсөн. Үүнд:

Нэгдүгээр зэрэглэлийн урамшуулал    30 сая төгрөг

Хоёрдугаар зэрэглэлийн урамшуулал     5 сая төгрөг

Гуравдугаар зэрэглэлийн урамшуулал     3 сая төгрөг

Дөрөвдүгээр зэрэглэлийн урамшуулал     1 сая төгрөг

Тавдугаар зэрэглэлийн урамшуулал     100 мянган төгрөг

Зургадугаар зэрэглэлийн урамшуулал      30 мянган төгрөг байхаар

Супер урамшуулал       30 сая төгрөг

Тохирол тутамд нэмэгдүүлэх урамшуулал / нэг сарын эхний тохирлоос хойш бусад 2020 оны супер тохирол/ 10 сая төгрөг байхаар тус тус тогтоосон.

-Хэчнээн иргэн НӨАТ-ын буцаан олголтоо авч чадаагүй байна вэ. Эдгээр иргэд буцаан олголтоо авахын тулд алдаагаа хэрхэн залруулах шаардлагатай вэ?

-Энэ оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн байдлаар 2019 оны буцаан олголтын урамшууллаа аваагүй байгаа 24.784 татвар төлөгч иргэн байна. Үүнд,

  • Цахим төлбөрийн баримтын системд 778 татвар төлөгч иргэн хувийн мэдээлээ дутуу бүртгүүлсэн /овог, нэр, регистрийн дугаар, банкны нэр, дансны дугаар, мэйл хаяг, утасны дугаар/
  • Арилжааны банкнаас хувийн мэдээлэл  зөрүүтэй шалтгаанаар шилжүүлсэн урамшууллын гүйлгээ буцсан 006 татвар төлөгч иргэн  байна.

Цахим төлбөрийн баримтын системд хувийн мэдээллээ дутуу бүртгүүлсэн иргэдийн хувьд гар утасны аппликейшн болон цахим төлбөрийн баримтын системд өөрийн нэвтрэх нэр, нууц үгээр нэвтэрч, данс тохируулах хэсгийг сонгон хувийн мэдээллээ бүрэн бүртгүүлсэн тохиолдолд буцаан олголтын урамшууллыг олгоно.

Арилжааны банкнаас гүйлгээ буцсан   иргэдийн хувьд гар утасны аппликейшн болон цахим төлбөрийн баримтын системд өөрийн нэвтрэх нэр, нууц үгийн тусламжтайгаар нэвтэрч данс тохируулах хэсгийг сонгон хувийн мэдээллээ залруулна. Дараа нь буцаан олголт хэсгийг сонгон “Буцаагдсан” төлвийг  баталгаажуулан “Хянагдаж буй” төлөвт шилжүүлсэн тохиолдолд буцаан олголтын урамшууллыг олгоно.

-Одоогийн байдлаар НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй иргэд мэдээллээ баталгаажуулахад тодорхой хугацаа өгөх үү. Эсвэл дөрөвдүгээр сарын буцаан олголтоор өссөн дүнгээр авах уу?

Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журмын 6.11.1-д заасны дагуу албан татвар төлөгч 20 хоногийн дотор мэдээллээ залруулан баталгаажуулсан тохиолдолд татварын алба  30 хоногийн дараа залруулгын гүйлгээний хүсэлтийг Төрийн санд хүргүүлэх зохицуулалттай.

Иймд хувийн мэдээлэл дутуу бүртгүүлсэн болон арилжааны банкнаас гүйлгээ буцсан татвар төлөгч иргэд энэ оны гуравдугаар сарын 15-ны дотор хувийн мэдээллээ залруулан буцаан олголтын урамшуулал авах хүсэлтээ гаргаж, буцаан олголтын урамшууллаа авах боломжтой.

Хувийн мэдээллээ залруулаагүй болон хувийн мэдээллээ бүрэн бүртгүүлээгүй татвар төлөгч иргэний  тухайн жилд олгогдоогүй урамшууллыг дараа оны нэгдүгээр улиралд өссөн дүнгээр олгох боломжгүй.

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд олгох болсонтой холбоотойгоор иргэдийн дансанд мөнгө шилжүүлэх явцын шинэ төлөв нэмэгдэнэ гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Тийм. НӨАТ-ын буцаан олголтоо тухайн улиралдаа авч чадаагүй  татвар төлөгч иргэнд уг журмын  6.16.8-д   “Санхүүжилт татсан” төлөв харуулж санхүүжилтийг Сангийн яаманд буцаан төвлөрүүлэхээр зохицуулсан байгаа.

А.СҮРЭН

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж