Дахин давтагдашгүй таван ”Дорж”

Хуучирсан мэдээ: 2010.07.29-нд нийтлэгдсэн

Дахин давтагдашгүй таван ”Дорж”

Нэгэн үе “УИХ-ыг үймүүлдэг таван Дорж” байлаа. Тэдний гурав нь “Хуулийн гурван Дорж” нэртэй. Одоогийн УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж, Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж нар. Харин нөгөө хоёр нь АН-ынх, бас тэгтлээ ойртож сүжирдэггүй. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нар.

Ц.Элбэгдорж.  Украйны Львов хотын Цэрэг, улс төрийн дээд сур­гуулийг 20 гаруй жилийн өмнө төгс­сөн тэр оюун ухаанаа одоогоос ар­ваад жилийн өмнө АНУ-ын Хар­вардад дахин цэнэглэсэн нь худал, үнэн гэх бөөн хэл ам да­гуулсан. Гэвч “Улаан-Од” сонинд үзэг барин тэмцээд нийгмийн ялз­ра­лыг ойлгож чадахгүйг ухаа­­ран Монголын ардчилсан хол­бооны анхны цуглааныг нээж туг барьснаар өнөөгийн өндөрлөгт хүр­сэн. Гүйцэтгэх засаглалын жо­лоог хоёр удаа атгаж чадсан түү­нийг тэвчиж ядсан өрсөлдөгчид нь “Ц.Элбэгдоржоор гурав дахь удаагаа төр ба­риул­на” гэж байх­­гүй хэмээн тун­хаг­лаж байсан. Гэвч “Олуулаа бо­лоод ирнэ” хэ­мээх алдарт үгээ хэлсээр Ерөн­хий­лөгч болоод ирсэн түүхтэй. Тэр ийм л хүн. Ярихаас цааш­гүй, шоучин, по­пулист гэхчлэн элд­вээр хэлүүлсэн боловч хэн ч, яаж ч чадалгүй бүх ард түмний саналыг авч чадсан. Одоо хэн түүнийг “хүч­гүй улстөрч” гэх би­лээ.

Ц.Нямдорж. Хууль зүйн “хо­шой” сайд. Пар­ла­ментын “брэнд”-үүдийн нэгд заа­вал тооцогдох учир­тай түүнд “Ха­туу са­мар”, “Ган­цаардсан чоно” гэсэн авангард хоч өгдөг. Өөрөө ч түүндээ нууцхан дуртай байдаг нь мэдрэгддэг. “Манай Ням шиг хүнийг Монголоос олох хэцүү” гэж бусад Доржууд нь хөөргөнө. Хоёр жилийн өмнө Ж.Бям­бадорж­тойгоо мөнөөх л хуулиас болж муудалцаад хоёр тийш харж суусан санагдана. Хуулийн хоёр Доржийн нөхөрлөлийг шалгасан тэр шалгуур шатрын хөлгийн ар дахь эвлэрлээр төгссөн нь сайшаалтай. Үндэсний эх орончийн үнэр ханхалсан түүнд дуртай хүн дургүйгээсээ хавьгүй олон байдаг бо­лов уу. Гэвч ясны хуульч дүрдээ хэт итгээд бус­дыг дутуу үнэл­дэг сул тал ажиг­лагдах болс­ныг нуугаад яах вэ.

Ж.Бямба­дорж. Айм­гийн захир­гаанд зохион бай­гуулагч хийж аж­лын гараагаа эх­элсэн тэрбээр УИХ-ын гишүүнээр гурвантаа сонгогд­сон, УИХ-ын дэд дарга байсан гээд парламентын түү­хийн мартах ар­гагүй кадр би­лээ. Үндсэн хуулийн цэцийн даргаар хоёр дахь удаагаа то­милогдон ажил­лаж буй мөн л “хошой”-чуудын нэг. Монголын төрд бараа бараагаа харан хө­төл­гөө морь шиг зүтгэсэн бусад Дор­жуудаасаа хурдан сэтгэж, асуудлыг түргэн тооцоолох чадвараараа эрс ялгардаг. Гэхдээ Үндсэн хуулийн бие даасан байдлыг хамгаалахын төлөө минчийтлээ улайгаад дайрахаараа хачин өвөрмөц, шазруун шударга төрх илрээд байдаг. Хэнээс ч айхгүй хэлдэг ч хэзээ хэлэх нь түүнд чухал. Олон давхар хаусын хэрэгт гүжирдүүлчихээд “Надаас тийм хаус олдог юм бол улсын орлогод аваарай” хэмээн хээгүйхэн мэлзэж суусан ч одоо болтол хаусны эзэн тодорхойгүй. Хулгайчид гэ­рээ тонуулчихаад учрыг нь олж ча­даагүй тийм л хуульч. Хэрвээ тэр хул­гайч Үндсэн хууль зөрчсөн бол тэгж зүгээр өнгөрөхгүй л байх.

Ц.Шаравдорж. Хуулийн гурван Дор­жоосоо хамгийн “жижиг” нь би хэ­мээн тодорхойлохдоо тэрбээр лав биеийн хэмжээг хэлээгүй байх. Хэ­рэлдээд , инээгээд л нүүгээд байдаг нөгөө хоёрынхоо дэргэд нүү­дэл мэдэхээс цаашгүй ч харж суу­дагтаа тэр бахархдаг гэсэн. Хайр­лахгүй байхын аргагүй үе тэнгийн гурван улстөрчийн нэг тэр­бээр “Би Р.Гончигдоржтой 16 жил парламентад хамт суусан. Ц.Эл­бэгдоржийн Засгийн газрын үед Батлан хамгаалахын сайд нь бай­сан гээд нөгөө хоёр Дорждоо бас хир халдаах дургүй. Улс тө­рийн хүрээнд өнгөрүүлсэн хорин жи­лийн түүхэндээ  “Морин нуурт ка­зино байгуулах гэсэн”, “Гэргий нь  Гандирс компанийн эзэн” гэсэн хоёр­хон том факттай хүн. Гэвч “Албан тушаалаа ашиглаж ашиг хонжоо олохыг цээрлэдэг. Биднээс авлига, хууль бус юм олохгүй гэдгийг өндөр дуу­гаар хэлмээр байна” гэсэн ганц хариутай. Үнэнд гүйцэгддэг ч юм уу, дээрх асууд­лыг дахин ярьж зүрхлэх хүн ол­доо­гүй л байна. “Бу­сад улстөрчийн адил морь уяж чад­даггүй ч түрүүлээд ирж буй морьдыг хараад нулимс уна­гадаг” хэмээсэн Мон­голын говиос төр­сөн энэ эрийн үг наадам болохоор санаанд ордог юм. Сэтгүүлч, хуульч хоё­рын гарт асар хүч­тэй зэвсэг бай­даг хэмээн адилт­гасан нь ч “Алх тогших”-оо болиод удсан ч насан туршийн зар­чим нь болж үлдсэнийг са­нуулдаг.

Р.Гон­чиг­дорж. Их сургуулийн баг­­шийн сууд­лаас шууд Ул­сын дэд Ерөн­хийлөгч болсон Мон­голд ганцхан тавилан түү­нийх л байсан. Ямар ч байсан 20 жил энэ ам­жилтаа хэнд ч  өгсөнгүй. Цаа­шид дараа­гийн дэд Ерөн­хийлөгч хэзээ тө­рөхийг бүү мэд, тэр болтол хадгална. Олон хуулийн дор гарын үсгээ зур­сан 1992 онд Улсын бага хурлын дарга байсан тэрбээр нэгэн үе хэнд ч дарагдашгүй ир­тэй явсан билээ. Харин одоо хүний, өөрийн намынхны хэнтэй нь ч тэгтлээ дотносохгүй дотроо бясалгаж явахыг илүүд үзсэн ялимгүй зожиг нэгэн бол­жээ. Ардчилсан намын сарних нийлэх үйлд гол баатар бай­сан гэж хэлүүлэх­дээ тун дур­гүй байдаг түү­нийг “Ал­тан гадас” ас­со­циацийн Ерөнхийлөгч, АН-ын дарга байсан үеэр намчирхах үз­лээ хязгаар­лаж төрийн хүний амарлингуй дүрд ху­вил­сан гэж хэлж бол­­но. Эдүгээ түү­ний үг яриа, үйл хөд­лөлөөс “Ми­ний карьер энэ хү­­рээд зогслоо” гэ­­сэн байр суурь ха­раг­дах гээд байх бол­жээ. Гэхдээ Ар­хан­гайнхан ч, ард­чиллынхан ч түү­нийг лидер хэ­вээр нь хүндэл­дэг, хүлээн зөв­шөөрдөг.

У.ОРГИЛМАА

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж