Элбэгдоржийн Эрдэнэ: Төрийн тэргүүний хүүхэд энхийг сахиулсан анхны тохиолдол нь би

Хуучирсан мэдээ: 2020.02.19-нд нийтлэгдсэн

Элбэгдоржийн Эрдэнэ: Төрийн тэргүүний хүүхэд энхийг сахиулсан анхны тохиолдол нь би

Нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Элбэгдоржийн Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр саяхан Азийн сангийн Хөгжлийн төлөөх манлайлал хөтөлбөрт шалгарчээ.


-Азийн сангийн хөгжлийн төлөөх манлайлал хөтөлбөрт таныг хамрагдсан гэж сонссон, баяр хүргэе. Энэ сангийн хөтөлбөр бусад тэтгэлгээс юугаараа давуу талтай вэ. Маш олон тэтгэлэгт хөтөлбөр зарлагддаг шүү дээ?

-Баярлалаа. Азийн сан нь үйл ажиллагаа явуулдаг улс орнууддаа уг тэтгэлгийг зарладаг. Энэ жил долоо дахь удаагийн тэтгэлгээ олгосон. Гол зорилго нь 40 хүртэлх насны залуучуудын манлайллын ур чадварыг дээшлүүлэх, бүс нутгийн хөгжлийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл олгох, тэдний хүрээллийг тэлж, Ази тивийн ирээдүйтэй манлайлагч нарт хөрөнгө оруулахад чиглэгддэг хөтөлбөр. Энэ жил 960 гаруй залуус өрсөлдсөн. Тэднээс 12-ыг нь шалгаруулж, тэтгэлэгт хамруулахаар болсон. Үндсэндээ нийт өрсөлдөгчдийн ганцхан хувьд нь боломж олгож байна гэсэн үг. Шилдэг 12 залуусын нэг болсондоо маш их баяртай байгаа.

-Уг тэтгэлэгт хамрагдсан залууст ямар боломж нээгддэг вэ?

Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөр гэхэд Лаос, Сингапур, АНУ-д тусгайлсан сургалтууд зохион байгуулж, тухайн улс орнуудын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан манлайлагчидтай уулзах юм. Дэлхийн шилдгүүдтэй уулзаж, туршлагаас нь хуваалцана гэдэг нь залуус бидэнд тэр бүр олдоод байдаггүй алтан боломж шүү дээ. Мөн Азийн хөгжлийн сорилтуудыг залуучуудын оролцоотойгоор хэрхэн бүтээлч байдлаар даван туулах уу гэдэгт шаардлагатай мэдлэг боловсролыг олгоно. Үүнээс гадна бидэнд өөрсдийгөө хөгжүүл гэж таван мянган ам.доллар олгодог.

                “АЗИЙН ШИЛДЭГ 12 ЗАЛУУСЫН НЭГ БОЛСОНДОО МАШ ИХ БАЯРТАЙ БАЙНА”

-Энэ хөтөлбөр шиг тэтгэлэгт хамрагдахсан гэж бодож байгаа олон залуус бий. Тэдэнд хандаж зөвлөхөд, тэтгэлэгт хамрагдахын тулд юу бэлтгэх ёстой вэ. Ямар шалгуур тавьдаг юм бол?

-Нэн тэргүүнд тэтгэлэг, хөтөлбөрийнхөө тавигдах шаардлагуудыг маш сайн судлах хэрэгтэй. Хөтөлбөр бүр өөр өөрсдийн гэсэн үндсэн зорилготой байдаг. Тухайн хөтөлбөрийн зорилго хувь хүний өөрийнх нь зорилготой уялдаж байж илүүтэй амжилт олно гэж би хувьдаа үздэг. Хэрэв хөтөлбөрт хамрагдвал юу хийж чадах, нийгэмдээ, залуучууддаа хэрхэн үлгэр дуурайлал үзүүлж чадах вэ гэдгээ тодорхой тусгаж өгөх нь хөтөлбөрт хамрагдахад томоохон түлхэц болно. Залуучууд голдуу их сургуулийн тэтгэлгийг идэвх, чармайлттай суралцсаныхаа төлөө авдаг гэж ойлгодог ч их сургуулиуд тухайн хүнээр дамжуулан хэдэн мянган хүнд хүрч чадах вэ гэдгийг онцолдог. Тиймээс зорилгоо зөв тодорхойлоод, эх орондоо ирээд юу хийж чадах вэ гэдгээ тодотгон харуулах хэрэгтэй. Сүүлийн үед богино хэмжээний видео бичлэг шаарддаг болсон байна лээ. Азийн Сангийн Хөгжлийн төлөөх манлайлал хөтөлбөрт ч мөн адил.

-Тухайлбал, та видео бичлэгтээ ямар асуудлыг тусгасан бэ?

 -Улс төр дэх залуучуудын идэвх, оролцоо хэрэгтэй байгааг тодотгож харуулсан. Ажиглаад байхад, сүүлийн үед төрийн бодлого тодорхойлох, шийдвэр гаргах түвшинд залуучуудын дуу хоолой маш их дутагдаж байгаа. Нийгэмд амжилттай яваа, ажил хөдөлмөр эрхэлж байгаа чадварлаг залуус бүгд өөрсдийнхөө хүрээнд нийгмийн асуудлыг тодорхой хэмжээгээр шийдэхийг хүсдэг, хичээж зүтгэж байна. Жишээ нь агаар, хөрсний бохирдол мөн тэтгэвэр тэтгэмж, боловсролын шинэчлэл зэргээр тодорхой нэг сэдвийг хөндөж, нийгмээ өөрчлөхийг эрмэлзэж байгаа нь сайн хэрэг. Харамсалтай нь, нийгэмд тулгамдсан асуудлыг шийдэх ёстой хүний нөөцтэй, төсөв мөнгөтэй, үндсэн үүрэгтэй төрийн институтэд огт алга. Энэ асуудлыг би видео бичлэгээрээ хөндсөн.

Улс төрд залуусын оролцоо, орон зай маш их үгүйлэгдэж байгаа нь үнэн. Нийгмээ өөрчилж, улс орноо хөгжүүлэх гоё зорилго тээж яваа Монголын олон залуусын нэг төлөөлөл та. Та ингэхэд 2020 оны сонгуульд нэр дэвших үү?

-Дэвшинэ. Хамгийн анхан шатанд, хүнд хэцүү нөхцөлд ажиллаж, амьдарч байгаа иргэдийн тулгамдсан асуудлыг би одоо тодоос тод ойлгож мэдэрч байгаа. Тэр асуудлыг шийдэх зөв төрийн бодлогын гаргалгааг олох мэдлэг, боловсрол надад байна. Нийгмээ эергээр өөрчлөх сэтгэл байна. Энэ бол залуус бидний, миний үүрэг гэж ойлгодог.

Нөгөө талаар төрийн үйл хэрэгт залуусын оролцоо ихсэхийн хэрээр ардчилал бэхжиж, нийгмийн нөхцөл байдал сайжирна гэж би хувьдаа итгэдэг.

 “ХАРАМСАЛТАЙ НЬ ДАРГА НАР ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭДИЙГ “ХҮН” ГЭЖ ХАРДАГГҮЙ ЮМ БИЛЭЭ” 

-2016 онд ИТХ-ын сонгуульд яагаад Баянзүрх дүүрэгт өрсөлдсөн юм бэ. Хотын захын тулгамдсан асуудал олонтой, ядуурал ихтэй дүүргийн нэг шүү дээ?

-Асуудлаас зугтах биш нүүр тулах ёстой. Хотын төвийн дүүрэг, орон сууцны хорооллоос ИТХ-д нэр дэвшсэн бол илүү амар байсан ч байж магадгүй. Гэхдээ, би залуу хүн. Тулгамдсан асуудлын дунд амьдардаг иргэдийн дуу хоолой нь болохыг хүссэн. Тэдний амьдралд яагаад төрийн бодлого хүрэхгүй байгааг нүдээрээ ойлгож мэдрэх нь чухал байсан.

Нэг жишээ дурдъя л даа. Хууль зүй, дотоод хэргийн яам 600 сая гаруй төгрөгөөр өрөөндөө дотоод засал хийсэн тухай нийгмээрээ хэсэг шуугьж, шүүмжилж байсан. Гэтэл Дарь-Эхийн хүүхдүүд гэхэд сургуульдаа халтиргаа гулгаатай замаар очиж байна. Манай хороонд худаггүй хэсэг цөөнгүй, хогийн машинууд нь эвдэрч, айлууд үнс нурам, гол ус, хог шороондоо дарагдаад маш хүнд нөхцөлд амьдарч байна. Нэг даргын, нэг яамны өрөөг тохижуулахад зарцуулж байгаа 600 сая төгрөгөөр гэр хороололд амьдардаг иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчныг сайжруулж болно.

Ерөнхийдөө, төрийн байгууллагууд, төсөв мөнгөө зорилтот зүйлд нь зарцуулж чадахгүй байгаагийн хамгийн тод жишээ. Энэ мэт нийгмийн асуудлуудыг засахад залуучууд бидний орон зай, оролцоо маш чухал болоод байна. Азийн сангийн хөтөлбөрт хамрагдсан гол зорилго маань ч үүнтэй холбоотой.

-Гэр хороололд тулгамдаж буй асуудлуудыг та биеэрээ харж, ажиллаж байгаа хүний хувьд асуудал шийдэгдэхгүй байгаагийн шалтгааныг юутай холбон тайлбарлах вэ?

Бодлого тодорхойлогчид гэр хороололд хийж байгаа хөрөнгө оруулалтыг үр ашиггүй хөрөнгө оруулалт гэж хардаг учраас дэд бүтцийн асуудлууд шийдэгддэггүй. Дүүргийн болон өөрийн зүгээс бүх боломж бололцоогоо гаргаж ажилласан. Энэ дунд нь нийслэл болон яам, агентлагаас туслалцаа, дэмжлэг хүсэх шаардлага гардаг. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дүүргийн болон хорооны иргэдэд тулгамдсан асуудлуудыг шийдүүлэхээр холбогдох газрууд руу нь 1000 гаруй хүсэлт, албан бичиг явуулсан. Харамсалтай нь, дарга нар гэр хорооллын иргэдийг “хүн” гэж хардаггүй юм билээ.

Угтаа адилхан л Монгол Улсын иргэд. Тэднийг хотын төвийн орчин шиг тохилог, тав тухтай аюулгүй орчинд амьдруулах боломжтой гэж би хардаг. Энэхүү боломжийг бий болгохын төлөө л хичээж байна. Яагаад тэд гэр хороололд банкны үйлчилгээг авч, сайхан кофе шопд суугаад ном уншиж, гэрэлтэй гудамжаар алхаж болохгүй гэж.

-Монголд популист үзэгдэл газар авч байна. Популистууд масст илүү таалагддаг болсон. Тэднийг хараад залуу хүний хувьд танд ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Ний нуугүй хэлэхэд, популизм бол ард түмэнд таалагдах гэсэн худал амлалтаар дүүрсэн, ойрын улс төрийн энтертейнмент тоглолт шүү дээ. Популистууд хэзээ ч зөв бодлого гаргаж, улс орноо зөвөөр залж байгаагүй, залах ч үгүй. Хүмүүст популистууд таалагдаж, тэдний амлалтууд нь бодитоор хэрэгжинэ гэж бодож байж болох. Гэвч урт хугацаандаа Монголын хөгжлийн том тушаа, ялангуяа хууртагдсан ард түмэндээ хамгийн сөргөөр нөлөөлдөг.

“УЛС ТӨРД ААВЫНХАА НЭР НӨЛӨӨГӨӨР ОРООГҮЙ”

Танай аав Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч. Нийгмээ өөрчлөхөд гар бие оролцож явсан хүн. Тэгэхээр нийгмээ өөрчлөх сэтгэл зүрхний дуудлагыг ааваасаа олж авсан уу. Яагаад улс төр рүү оръё гэж шийдсэн бэ?

Багаасаа би нийгмийн тулгамдсан асуудлыг шийддэг, бусдад туслах, нөлөөлөх ажил хийнэ гэж боддог байлаа. Дунд сургуулиа төгсөх сүүлийн хоёр жил аль нэг чиглэлээр гүнзгийрүүлэн сурах боломжтой байсан. Харин би улс төрөөр суралцах бодолтой байгаагаа аавдаа хэлсэн юм. Аав эрс эсэргүүцсэн. “Улс төр бол их хэцүү, маш хариуцлагатай ажил” гээд хатуу хориглосон.

 -Улстөрч хүний зовлон жаргалыг аав чинь дэндүү сайн мэднэ. Тэгээд л хүүгээ хориглосон байх?

Магадгүй. Тэгээд л эмч болохоор шийдсэн дээ. Эмч болбол олон хүнд тусалж, нийгэмдээ сайн үйл хийж чадна гэж бодсоных шүү дээ. Энэ мэргэжлээрээ АНУ-ын “Drexl University”-д тэтгэлэгтэй сурч, хүний эд эс, генетик, ДНК-гийн талаар гүнзгийрүүлж судалсан. Гэхдээ мундаг эмч боллоо гэхэд нийт олонд биш нэг хэсэгхэн хүний амьдралд би гэрэл гэгээ өгч чадна. Гэтэл нийгэм тэр чигтээ өвчтэй байвал хэцүү. Илүү олон хүнд гэрэл гэгээ, сайн сайхан амьдрал бэлэглэхийн тулд нийгмийн өвчнийг эмчлэх ёстой. Өөрөөр хэлбэл, судалгаан дээр үндэслэсэн зөв бодлогоор нийгмийг бүхэлд нь эмчилснээр үр шимийг нь илүү олон хүн хүртэнэ гэдийг хожим ухаарсан.

Тухайлбал, агаар хөрсний бохирдлыг шийдэх, тэтгэвэр халамжийн бодлогыг зөв зохистой хэрэгжүүлэх, ажилгүйдлийг бууруулах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, гаднын хөрөнгө оруулалтыг  татах зэргээр том асуудалтайгаа томоор тэмцэж чадвал Монгол Улсын гурван сая иргэн сайхан амьдрах боломж байна.

Гэхдээ одоо аав нь хүүгийнхээ хүсэл, мөрөөдлийг ойлгосон биз дээ?

-Би АНУ руу сургуульд сурахаар явах үедээ 17 настай байсан. Үүнээс хойш өөрөө өөрийнхөө амьдралыг авч явж байна. Тухайн үед сурч байхдаа бусдын адил цагийн ажил хийж байлаа. Амьдралын алдаа, оноо, сонголт аль аль нь миний л шийдвэр. Аавын тухайд миний хүсэл зорилгыг маань хүндэтгэсэн байх, одоо бол эсэргүүцдэггүй. Эсэргүүцдэггүй гээд намайг араас дэмжээд эсвэл чиглүүлээд байгаа юм огт алга.

 Намайг улс төрд оролцоод эхлэхээр “Аав нь хүүгээ бэлтгэж байна” гэж хардахыг үгүйсгэхгүй. Гэхдээ, өнөөг хүртэл бор зүрхээрээ явж байна. Улс төрд аавынхаа нэр нөлөөгөөр ороогүй. Гагцхүү өөрийнхөө хүсэл тэмүүллээр улс орноо өөрчлөхийг зорьж яваа олон залуусын нэг.

“ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ ХҮҮХЭД ЭНХИЙГ САХИУЛСАН АНХНЫ ТОХИОЛДОЛ НЬ БАЙСАН”

-Монголын улстөрчдийн хүүхдүүд цэргийн алба хаадаггүй бичигдээгүй хуулийг та анх эвдэж, бүүр Өмнөд Судан руу алба хаахаар явсан. Монгол Улсын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж, Өмнөд Суданд есөн сар болоход хэцүү байсан уу. Ер нь цэрэгт явах бас л өөрийн чинь сонголт уу?

-2011 онд сургуулиа төгсч ирээд мэргэжлийнхээ дагуу Зэвсэгт хүчний 027 дугаар ангид ажилд орсон юм. Офицер бэлтгэх дамжааг сурч төгсөөд, 2012 онд дэслэгч цол авч байлаа. Энэ үеэс Монгол Улсаа төлөөлж энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож, хувь нэмрээ оруулъя гэж хатуу шийдсэн. Тэгээд өөрийгөө сорьж үзье гээд энхийг сахиулах ажиллагаанд оролцох өргөдлөө өгсөн. Монгол Улсын энхийг сахиулах ажиллагааны II ээлжийн мотобуудлагын батальоны тагнуулын офицероор үүрэг гүйцэтгээд ирсэн дээ. Тэр үед үнэхээр зөв шийдвэр гаргасан гэж одоо ч боддог. Төрийн тэргүүний хүүхэд энхийг сахиулсан анхны тохиолдол нь би байсан гэдгийг НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны орлогч даргын нэг нь хожим надад хэлж билээ.

-Цэргийн алба эр хүнийг тэсвэр хатуужилд сургадаг гэдэг. Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсоноороо та юуг хамгийн сайн ойлгож авсан бэ?

-Эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг. Энхийг сахиулах үйл ажиллагаанаас би олон зүйл шинээр сурсан, өөрийгөө ч шинээр нээсэн. Аливаад хариуцлагатай байх, үг дааж мөн тэсвэр тэвчээрт суралцсан. БНӨСУ нь тусгаар тогтнолоо олж авсан дэлхийн хамгийн залуу улс. Ердөө хэдхэн жилийн өмнө 2011 онд тусгаар тогтнолоо олж авсан улс. Дотоодын хямрал, омог хоорондын мөргөлдөөн, дайн дажинд энгийн иргэд хэрхэн амиа алдаж, улс орон сүйрдгийг би нүдээрээ олж харсан. Нөгөө төрийн бодлого нь иргэддээ хүрдэггүй, иргэд нь ядуу зүдүү, хулгай авлига нь улс орноо хэрхэн дампууруулдгийн тод жишээ байсан. Магадгүй тэнд байхдаа л улс төрд оролцох ёстой, нийгмээ өөрчлөхөд зүтгэх ёстойгоо ойлгож, хатуу шийдсэн.

-Судан руу овгоо сольж явсан гэсэн. Аюулгүй байдлаа бодсон байх, тийм үү. Эсвэл дотоодын дуулианаас болгоомжилсон уу?

-Өмнөд Суданд алба хаасан хамгийн анхны 850 цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэх үед аав тэнд айлчлал хийж байсан. Тиймээс Өмнөд Суданы төрийн албан хаагчид, Монголын энхийг сахиулагчдын хариуцдаг бүсийн орон нутгийн иргэд Ц.Элбэгдорж гэдэг нэрийг аль хэдийн мэддэг, таньдаг болчихсон байсан. Ингээд дараа нь хоёрдох батальон үүрэг гүйцэтгэх үед би Тагнуулын офицероор очсон юм. Өмнө нь айлчилсан Ерөнхийлөгчийн нэртэй адил овогтой алба хаагч ирсэн нь илт мэдэгдэхээр байсан учраас хамт үүрэг гүйцэтгэсэн, халуун цэг дээрх нөхдийнхөө аюулгүй байдлыг хамгийн түрүүнд бодох ёстой болж таарсан. Тэгээд Эрхэмбаярын Эрдэнэ гэж НҮБ-ын бичиг дээр өөрчилсөн.

-Батальоны залуусын хэн нь ч таныг Ерөнхийлөгчийн хүү гэж мэдээгүй гэж үү. Та аавтайгаа их адилхан харагддаг шүү дээ?

-Манай батальоны зарим залуус надаас асууна. “Тагнуулын офицероо та, Элбэгдорж Ерөнхийлөгчтэй их адилхан юм аа” гэнэ. Өөдөөс нь би “Ерөнхийлөгчийн хүүхэд байсан бол ингэж халуунд халж, хамт гүрвэл болж, бууны суман дор сууж байх уу” гэхэд “Нээрээ тийм шүү” гэдэг байлаа.

Манай ээлжийн 850 маань дөрөв хуваагдаж, нутаг буцах үед би хамгийн сүүлийн ээлжид ирсэн юм. Нутаг буцахаас нэг өдрийн өмнө манай дарга нийт бүрэлдэхүүнд хандаж,  Эрхэмбаярын биш Элбэгдоржийн Эрдэнэ та бүхэнтэй хамт өнгөрсөн есөн сарын хугацаанд үүрэг гүйцэтгэлээ гэж зарласан. Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэсэн есөн сарын хугацаа миний амьдралын дурсамжтай үе. Бид батальоныхоо баазад орж ирээд тайван орчинд халуун дулаан яриа өрнүүлж суудаг тэр үеэ дурсан ярих дуртай.

“ОКСФОРДЫГ СОНГОХ МОНГОЛ ЗАЛУУСЫНХАА ЗАМЫГ ТАВЬСАНДАА БАЯРЛАДАГ”

-Алба хааж ирэнгүүтээ Оксфордын их сургуульд сурахаар явсан байх аа. Магадгүй, сурах шийдвэр гаргахад Өмнөд Суданд алба хаасан нь нөлөөлсөн үү?

-Тухайн үед төрийн бодлого чиглэлд хамгийн сайн боловсрол олгодог нь Оксфордын их сургууль байсан. Тиймээс Оксфордын улс төрийн бодлогоор суралцсан. Анхны Монгол оюутан нь би болсон. Миний дараа Оксфордын их сургуульд дөрөв, таван Монгол залуус суралцсан. Оксфордыг сонгох Монгол залуусынхаа замыг тавьсандаа баярладаг даа. 2016 онд сургуулиа төгсөж ирээд Баянзүрх дүүргийн ИТХ-д нэр дэвшиж, сонгогдсон.

-Оксфорд бол дэлхийн шилдэг сургуулиудын нэг нь. Шулуухан асуухад,  төрөөс тэтгэлэг авч сурсан уу? 

-Үгүй. Тухайн үед ааваасаа төрийн тэтгэлэгт хамрагдчих уу гээд асууж байсан. Гэтэл аав “Төрөөс бид мөнгө авбал яах юм бэ, тэртээ тэргүй улсын мөнгө хүрэхгүй байна. Өөрөө ол” гэж хэлсэн. Аз болж сургуулиасаа тэтгэлэг авсан.

-Даргын хүүхэд дарга болж болохгүй гэсэн хэвшмэл ойлголттой, эсвэл улстөрчийн хүүхэд улстөрч болох ёсгүй гэсэн явцуухан хандлага монголчуудад байдаг. Уг нь бид адилхан л сонгох, сонгогдох эрхтэй хүмүүс. Жишээ нь, таны амжилт, алдаа оноо болгоныг Эрдэнэтэй биш, Элбэгдорж Ерөнхийлөгчтэй холбож, хардах нь энүүхэнд биз?

Тийм ээ. Сөрөг яриа байнга дагадаг. Оксфордын их сургуульд сурах үед ч гэсэн мөн адил. Бүхэл бүтэн 800 гаруй жилийн түүхтэй Оксфордын их сургууль оюутнуудаа нэг шугам, нэг зарчмаар элсүүлдэг. Сая Азийн сангийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад мөн л Ц.Элбэгдоржийн хүү болохоор авлаа гэсэн хардлага дагасан.

Би өөртөө олдсон боломжоо зөв зүгт чиглүүлж, сурч мэдэхийг эрмэлзэж яваа залуу. Хороо, хориныхоо ажилд оролцож, хувийн бизнесээ эрхэлж, төрийн бус байгууллагаараа дамжуулан бусдад туслах юмсан гэж хичээж яваа залуу хүн. Цаг заваараа залуус, дүү нартаа дэлхийн шилдэг дээд, сургуулиудад хэрхэн амжилтай элсч орох талаар зөвлөмж зөвлөгөө өгч, тэднийг дэмжихийг хичээдэг.

Надад ирсэн боломжийг би хариуцлага гэж ойлгож, аль болох бусдад тус дэм болохыг хичээдэг.

-Сүүлийн үед та юун дээр төвлөрч ажиллаж байна вэ. Таныг харахад их л завгүй амьдардаг юм шиг?

-Өнгөрсөн оны долдугаар сард Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх Залуучуудын байгууллагын тэргүүнээр сонгогдсон. Бид нийгэмд чиглэсэн сайн үйлсийн аяныг хэрэгжүүлж мөн залуучуудтайгаа хамтран бусад залуусаа чадавхжуулах төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн.

-Таныг Хорт хавдрын эсрэг “Итгэл” Хавдаргүй Монгол үндэсний сангаар чинь хүмүүс мэддэг. Сангийнхаа тухай яривал?

-Анх 2010 онд ээж маань энэ санг үүсгэн байгуулсан. Намайг өсгөсөн эмээ минь хорт хавдрын өвчнөөр 2006 онд бурхан болсон. Тухайн үед хавдраар өвдөж зовсон хүмүүст хөнгөвчлөх эмчилгээ үзүүлдэг хоёрхон байгууллага байсан ч орны хүрэлцээгүйгээс эмээд маань ээж өөрөө гэртээ хөнгөвчлөх үйлчилгээг хийж байсан. Энэ хүнд хэцүү зовлон бусдад бүү тохиолдоосой гэсэн үүднээс сангаа санаачилсан.

-Энэхүү зорилгодоо хүрч чадсан уу?

-Тийм шүү. Монгол Улсын есөн дүүрэг, 21 аймагт олон улсын стандартад нийцсэн хөнгөвчлөх үйлчилгээний тасгийг хувь хүмүүс, олон улсын байгууллагын хандив тусламжаар байгуулж чадсан. Мөн “Итгэл Сан” маань хорт хавдраас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, хавдар үүсгэгч эрсдэлт хүчин зүйлийг бууруулах талаар иргэдэд мэдээ мэдээлэл олгодог. Хавдрын оношилгоо, эмчилгээнд гарч байгаа сүүлийн үеийн шинэ техник технологийг Монголдоо нэвтрүүлэх, эмч, эмнэлгийн ажилтнуудын мэргэжлийг дээшлүүлэхэд идэвхтэй оролцдог.

Манай сангийн үйл ажиллагааг олон хүн мэддэг болоод удаж байна. Ялангуяа хавдраар шаналж байгаа хүмүүс хөнгөвчлөх эмчилгээг дэлхийн стандартын түвшинд авах боломжийг орон нутгаасаа дэлхийн түвшинд нийцсэн эмчилгээ, үйлчилгээ авдаг болсон тухай дэлхийн хэвлэлүүд манай санг онцолж байсан. Мөн сангийн хүрээнд боловсон хүчнүүд бэлтгэж гаднын өндөр хөгжилтэй орнууд руу сургалтад явуулаад олон жил болж байна. ХСҮТ-ийн болон орон нутгийн гадаад хэлтэй эмч нараас манай хөтөлбөрөөр гадаадад сураагүй  эмч бараг байхгүй дээ.

-Үргэлжлүүлэн хоёулаа төрийн бодлогын талаар ярилцъя. Монгол Улсад хөгжлийн бодлого байна уу. Төрийн ямар бодлогыг хамгийн зөв бодлого гэх вэ?

-Тоо баримт дата судалгаа дээр суурилагдсан мөн хэрэгжилтийн үед байнгын хяналттай, дүгнэлттэй бодлогыг хэлэх болов уу. Жишээ нь, миний сурч байсан Оксфордын сургуулийн ангид 120 оюутан суралцаж байсан. Тэд 57 улсаас ирсэн. Монголд гарч байгаа төрийн бодлогын алдаануудыг тэр 57 улс ч гэсэн тойрч гараагүй байдаг. Гол нь алдаагаа олж харж, засах нь чухал. Харамсалтай нь, гаргасан алдаагаа бид өнөөг хүртэл давтсаар байна.

Израйл улсын боловсролын систем нь манай өнөөгийн боловсролын системтэй ав адилхан байсан. Сургуулийн хүртээмж хангалтгүй, багш нар нь маш бага цалин авдаг байсан. Тэд энэ алдаагаа засч, Израйлчууд боловсролын реформыг хийж чадсан. Өнөөдөр дэлхийн дахинд тус улсын боловсролын систем нь хүлээн зөвшөөрөгдөж байна шүү дээ. Үүнийг хийсэн сайд нь надад хичээл орж байсан юм. Одоо ч багштайгаа холбоотой байдаг. Багшаасаа олон туршлага, мэдлэг олж авсан.

Тэгэхээр Монголд өнөөдөр тулгамдаж буй асуудлуудыг дэлхийн ихэнх улс даван туулсан. Тэдний туршлагыг судалж тоо баримтад суурилсан алсын хараатай бодлого манайд дутмаг байна. Бодлогоо тодорхойллоо гэхэд түүнийгээ яаж хэрэгжүүлэх, үр дүн нь хэр хугацаанд гарах зэрэг олон талт байдлаар хандаж байж зөв бодлого шийдвэр сая гарна гэсэн үг.

-Зарим залуус улс төрийг огт сонирхдоггүй гэдэг шүү дээ. Харин та эсрэгээрээ улс төрд залуусын залуусын оролцоог нэмэгдүүлэх, нийгмээ өөрчлөхийг уриалж байгаа?

-Улс төрд залуусын оролцоо үнэхээр сул байна. Хувийн хэвшил болон бусад салбарт амжилттай яваа залуус өөрсдийгөө улс төрөөс ангид байгаад бахархдаг юм билээ. Гэтэл улстөрчдийн гаргаж байгаа хууль, тогтоомж, дүрэм журам болгон миний, чиний амьдралд нөлөөлж байдаг. Тэгэхээр бидний амьдралд өдөр бүр нөлөөлж байгаа зүйлд оролцохгүй байгаагаараа бахархах чинь харин ч буруу. Чи сайхан амьдарч байж болно, гэхдээ чамаас хэцүү амьдарч байгаа хүмүүсийн амьдралыг өөрчлөхийн төлөө зүтгэх ёстой. “Болохгүй байна” гэж шүүмжилж байгаа асуудал бүрт залуучуудын дуу хоолой хүрэх боломж байгаа.

Монгол Улсад маань нэн шаардлагатай шинээр санаачлах хуулиуд их байна. Хийж бүтээх, суралцах олон ажлууд байна. Энэ бүхэнд залуучууд бид идэвхтэй, хариуцлагатай оролцох шаардлагатай.

Миний эзэмшсэн мэргэжлийн нэг нь молекул биологич. Тиймээс шинжлэх ухаанд аливаа өвчнийг төгс эмчилье гэвэл молекул эсийн түвшинд ажилладаг. Үүнтэй адил нийгмийн асуудлыг шийдэхдээ томоос нь биш багаас засч сайжруулах нь миний эзэмшсэн мэргэжлийн онцлог болов уу.

-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Ярилцах урилгыг минь хүлээж авсан танд баярлалаа.

-Баярлалаа. Энэхүү ярилцлагаар дамжуулаад эх орныхоо торгон хилээ манаж байгаа дүүдээ мэнд хүргэе. Дүүгээрээ маш их бахархдаг. Өвөө маань цэрэг байсан, аав болон аавын ах нар бүгд цэргийн алба хашиж байсан. Би өөрөө энхийг сахиулсан, одоо бага дүү маань хилээ манаж байгаад эр хүнийхээ хувьд омогшдог.

Аав маань ч цэргийн хүмүүжилд маш их ач холбогдол өгч ирсэн. Үнэхээр хүн бүхэнд зайлшгүй байх ёстой хариуцлагыг ойлгуулж, жинхэнэ эх оронч сэтгэхүйг цэргийн алба л суулгаж өгдөг. Аавынхаа анх хэлж байсан улс төрийн хариуцлагыг бүрэн ойлгосон. Цэргээс олж авсан хатуужил, эх орон ч үзэл, боловсрол мэдлэгээ цаашид нийгмийнхээ сайн сайхны төлөө зориулах болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
452
ЗөвЗөв
378
ТэнэглэлТэнэглэл
117
БурууБуруу
103
ГайхмаарГайхмаар
93
ХөөрхөнХөөрхөн
43
ХахаХаха
28
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж