“Токио-2020” зуны олимпийн наадам эхлэхэд таван сарын хугацаа үлдээд байна. Монголын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид ОХУ-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Жамболат Тедеевийн урилгаар Хойд Осетийн нийслэл Владикавказт олимпийн хошой, дэлхийн таван удаагийн аварга Махарбек Хадарцевын нэрэмжит бөхийн академид хамтарсан бэлтгэл хийхээр тус улсад очоод байна.
Багийн бүрэлдэхүүнд үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодномын удирдлага дор гавьяат тамирчин Э.Бэхбаяр (57 кг), Г.Мандахнаран (65 кг), ОУХМ Т.Түвшинтулга (57 кг), Т.Тулга (65 кг), Н.Золбоо (125 кг), О.Үйтүмэн (86 кг), Б.Бат-Эрдэнэ (74 кг), Б.Бямбадорж (74 кг), М.Лхагвагэрэл (125 кг), Ч.Алтангэрэл (97 кг), Э.Батмагнай (97 кг), спортын мастер Б.Орхонбаяр (97 кг) гэсэн 12 тамирчин багтжээ.
Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Ө.Ууганбаяраар ахлуулсан Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн зарим тамирчид “Сэм авга”-д Колорадо Спрингс дэх АНУ-ын олимпийн бэлтгэлийн баазад тус улсын шигшээ багтай 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийхээр очжээ.
Манай улсаас хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ОУХМ Э.Сумъяа, Б.Шоовдор, Б.Болортуяа, Ц.Намуунцэцэг, Х.Болортуяа, Э.Даваанасан, Б.Хонгорзул нарын бүрэлдэхүүнтэй баг бэлтгэлд хамрагдаж байна.
Түүнчлэн гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, ОУХМ Б.Батзоригийн удирдлага дор манай дийлэнх бөхчүүд нөгөөдөр Энэтхэгийн Шинэ Делид эхлэх Азийн аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэхээр хөл тавиад байна.
Гурван тивд дөрөө мулталж яваа манай чөлөөт бөхийн шигшээ багийнхан ойрын хугацаанд гуравдугаар сарын сүүлээр болох Ази тивийнхний олимпийн эрх олгох тэмцээнд гол анхаарлаа хандуулж буй юм.
Холбоотой мэдээ