ДЭМБ ирэх 20 жилд хорт хавдрын тохиолдол дэлхийд 60 хувиар, бага болон дунд орлоготой орнуудын хувьд 81 хувиар өснө хэмээн тооцоолжээ. Жил бүр зургаан хүн тутмын нэг нь хорт хавдраар нас бардаг бөгөөд энэ тоо жилээс жилд өсч байна хэмээн ДЭМБ энэ сард нийтлэгдсэн дэлхийн хорт хавдрын тайландаа дурдсан байна. Тайлангаас харахад 2018 онд нийт 9.6 сая хүн хорт хавдраар нас баржээ. Нарийвчлаад харахад хорт хавдраар нас барагсдын тоо голдуу буурай орнуудад эрчимтэй өсч байна.
Энэхүү ялгаатай байдлын нэг шалтгаан бол буурай орнуудад бэлгийн болон бусад замаар дамждаг HPV вирусээс үүсдэг өвчлөл их байх зэрэг хорт хавдар үүсэх нөхцөл илүү бүрдсэн байдагтай холбоотой аж. Өндөр орлоготой орнуудад тамхидалт буурч байгаа ч ядуу орнуудад тамхидалт ихэссээр байгаа нь хамгийн олон хүн үхэлд хүргэсэн хорт хавдруудын нэг уушгины хорт хавдар үүсэх нөхцөлийг бүрдүүлж байна. Мөн өөр нэг шалтгаан бол ядуу орнуудад эрүүл мэндийн үйлчилгээ дутмаг байдаг явдал юм. Ядуу орнууд ихэвчлэн халдварт өвчинтэй тэмцээд, хорт хавдрыг оношлох болон эмчлэх тал дээр хөгжих завгүй байдаг.
ДЭМБ-ын хэлснээр улсын орлогоос үл хамааран тогтмол эмчид үзүүлж, хорт хавдрыг эрт оношлуулбал бага зардлаар бүрэн эдгэрэх боломж өндөр. "Хорт хавдрын эмчилгээ хэт үнэтэй хэмээн хүмүүс боддог ч заавал өндөр байх шаардлагагүй" хэмээн тайланд дурдсан байна. Мөн тайланд бага орлоготой орнууд хүн тус бүрт 3 ам.доллар, дундаас бага орлоготой орнууд хүн тус бүрт 4 ам.доллар, дундаас дээш орлоготой орнууд хүн тус бүрт 8 ам.доллар зарцуулбал 2030 он гэхэд 7 сая хүний амь аврагдах боломжтой хэмээжээ.
Эх сурвалж: CNN