Хадгаламжийн хэмжээ өсчээ

Хуучирсан мэдээ: 2015.10.31-нд нийтлэгдсэн

Өнөөдөр дэлхийн "Хуримтлалын өдөр". Энэ өдөртэй холбогдуулан арилжааны банкуудын зүгээс иргэдийг хуримтлал үүсгэж, хадгаламжийн данстай болохыг уриалж, сурталчилгааны ажлыг олноор хийдэг. Банкуудын дээрх уриалга нийгэмд зөвөөр тусч, жил ирэх бүр иргэдийн хуримтлалын идэвх нэмэгдэж, нийт хадгаламжийн хэмжээ өссөн гэсэн таатай судалгаа байна. Есдүгээр сард нийт хадгаламж өмнөх сараас 0.8 хувиар, харин өнгөрсөн оны мөн үеэс 4.4 хувиар өсч, 7.2 их наяд төгрөгт хүрсэн тухай Монголбанкнаас мэдээлжээ. Задлаад харвал аж ахуйн нэгж байгууллагуудын төгрөгийн хадгаламж өнгөрсөн оны мөн үеэс 39 хувиар буурсан бол иргэдийн төгрөгийн хадгаламж 16.8 хувиар өсч, 4.1 их наяд төгрөгт хүрчээ. Хэдийгээр эдийн засгийн өсөлт саарч буй ч тоон үзүүлэлтээр иргэдийн төгрөгийн хадгаламж нэмэгдсэн нь төгрөгийн өгөөж өндөр болсныг харуулж байна гэсэн тайлбарыг эдийн засагчид хийсэн. Тухайлбал, Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх С.Болд энэ оны эхээр буюу ердөө жил хагасын дотор хуримтлал хийдэг өрхийн тоо 66 мянгаас давсан тухай онцолжээ. Монгол Улс хэрэглээнд суурилсан эдийн засгаас хуримтлалд суурилсан эдийн засагт шилжиж, уул уурхайн салбарт тулгуурлаж буй бүтцийг шинэчлэн бусад салбарт төрөлжүүлэх бодлогыг чухалчилж байна. Нөгөө талдаа үндэсний хуримтлалын тогтолцоог бодлогоор бүрдүүлэх шаардлагатайг шинжээчид тодотгож байв. Төгрөгийн болон валютын хадгаламжийн жигнэсэн дундаж хүү өмнөх жилээс өсөлттэй гарсан нь хуримтлал үүсгэхэд таатай нөхцөл бүрдсэнийг харуулжээ. Тухайлбал төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү өнгөрсөн оны мөн үеэс 0.1 нэгж хувиар өсч, 13.1 хувь байгаа бол валютын хадгаламжийн жигнэсэн дундаж хүү өмнөх оны мөн үеэс нэг нэгж хувиар өсч, жилийн 6.5 хувь болсон байна. Ялангуяа гадаад валютын ханш өсөлттэй сүүлийн нэг жилд гадаад валютын хадгаламжийн хэмжээ 19.3 хувиар өсч, хоёр их наяд 95 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. Хадгаламжийн даатгалын тухай хууль батлагдсанаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд 20 хүртэлх сая төгрөгийн харилцах болон хадгаламж даатгалтай буюу баталгаатай болжээ.

Д.УУДАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж