Та бүхэнд хамгийн гайхалтай наран шарлагын газруудыг танилцуулья. Энэ бүгд нь амралтаа өнгөрөөх зүгээр нэг стандартын чиглэлүүд биш үнэндээ маш гайхалтай газар нутаг юм. Тэдний заримыг хүний гараар бүтээсэн бол ихэнх нь байгалийн өөрийнх нь бүтээл юм.
Бенагил, Португали
Португалийн наран шарлагын газар Бенагил нь Атлантын далайн эрэгт байдаг Алгарве амралтын газраас холгүй байдаг. Зөвхөн далай талаасаа нэвтрэх энэ агуйн гоо үзэсгэлэнд татагдсан хайртай хосууд, гэрэл зурагчид, романтик хүмүүсийн хөл хөдөлгөөн тасардаггүй. Аркан хаалга шиг гарцаар түүнд нэвтрэх бөгөөд агуйн орой дахь цоорхойгоор нь нарны гэрэл тусан ер бусын уур амьсгалыг бүрдүүлдэг.
Мексикийн нууцлагдсан элсэн эрэг
Нууцгай наран шарлагын газар (Hidden Beach) Мексикийн эргээс хэдхэн километрийн цаана орших Мариета арал дээр байдаг. Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг гэж тооцогддог. Мексикийн Засгийн газар 1900 оны эхээр арлыг цэргийн туршилтын талбай болгон ашиглаж ирсэн юм. Харин саяхнаас жуулчид хадан ханаар хүрээлэгдсэн далд элсэн эргийг нээн сүлжээгээр зураг нь тарж жуулчид тийшээ очих болсон байна. Нарийнхан хоолойгоор нэвтрэн хүрэх энэ үзэсгэлэнт газрыг цоо шинээр Playa De Amor буюу Хайрын шарлагын эрэг гэсэн романтик нэрээр нэрлэх болсон байна.
Багамын ягаан эрэг
Багамын арлууд амрах диваажин юм. Ольтригийн нэгэн арал дээр Pink Sands Beach гэсэн нэртэй ягаан өнгийн элстэй ер бусын наран шарлагын газар байдаг.
Pink Sands Beach нь Харбор арлын эргийн дагуу таван км орчим үргэлжилнэ. Элс нь ягаан. Элстэй холилдох шүрний бичил хэсгүүд болон далайн нялцгай биетний дунгийн хэлтэрхий нь эргийг ягаан өнгөтэй болгожээ. Энэ наран шарлагын газар ямар нэгэн байгууламж босгох нь хориоотой. Хэвтэж биеэ шарах буйдангууд ба өндөр дал моднууд л элсэн эргийг чимдэг. Forbes сэтгүүл Pink Sands Beach-ийг дэлхийн хамгийн үзэсгэлэн төгс наран шарлагын эрэг гэж нэрлэжээ.
Калифорнийн шилэн элсэн зурвас
Калифорнийн эргийн нэгэн элсэн эрэгт эрт дээр үед хог асгадаг байж. Ахуйн хог, шилний хагархай, машины сэг Форт-Брэггийн эргийн районд хөглөрөн овоорч байлаа.Хогийг зайлуулж, үлдснийг нь шатаан цэвэрлэсний дараа шилний хагархайнууд нь үлдсэн байна. Цагийн явцад шилний хурц үзүүрүүдийг далайн ус угаан зүлгэсээр тэд элсний нэгэн хэсэг болон эрднэсийн чулуу мэтээр эргийг чимэн үлджээ.
Хийд хэмээх наран шарлагын эрэг, Испани
Испаний Praia dаs Catedrais гэх элсэн зурвас Луго мужийн Рибадео хотын хавьд байдаг. Хадан цохионуудынх нь хотийн сүмийн хэлбэртэйгээс энэ наран шарлагын газрын нэр үүсчээ. Далайн татлагын дараа “сүмийн өрөө тасалгаагаар” нойтон элсээр алхан зугаалж болно. Түрлэгийн үеэр тэднийг далай хамгаалалтдаа авдаг.
Коекохе гэх элсэн эрэг, Шинэ Зеланд
Шинэ Зеландын Коекохе (Koekohe) элсэн хошууны гол онцлог нь бараг бөөрөнхий Moeraki Boulders гэж нэрлэгддэг том бул чулуунууд юм. Эрдэмтэд далайн эргийн элэгдлийн улмаас тэднийг 60 сая жилийн өмнө үүссэн гэдэг. Бул чулуунуудыг бөөрөнхий болгоход бараг дөрвөн сая жилийн хугацаа шаардагдсан гэх. Ихээхэн уран сэтгэмжтэй хүмүүс бөөрөнхий чулууг үлэг гүрвэлийн чулуужсан өндөг гэж хэлээд байдаг талтай. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй. Харин мөрөөдлөө биелүүлэхэд мөнгө хэрэгтэй л дээ.
Хавайн хар элсэн эрэг
Хавайн галт уулуудын үндэсний хүрээлэн ба Наалеху гэдэг жижиг хотын хооронд Punaluu Black Sand Beach байрлах бөгөөд дэлхийн хамгийн хар өнгөтэй наран шарлагын газар гэж хэлэгддэг. Галт уулын дэлбэрэлтээс болон далайд урсан тунасан галт уулын чулуулаг бодис ба боржин давхрага энэ сонирхолтой хар эргийг бий болгон үүсгэжээ. Элснээс нь савлаад авсан хүнийг нутгийн догшин сахиус цээрлүүлдэг гэж тэндхийн уугуулууд ярьдаг ба түүнийхээ баталгаа болгон жуулчдад жижиг шилний цуглуулгыг харуулж, гай учирсан хүмүүсийн элсээ эргүүлэн авчирсан савнууд гэж үзүүлдэг ажээ.
Шүрэн арал Ваадху, Мальдив
Энэ элсэн зурваст тэнгэр далай нийлсэн мэт сэтгэгдэл төрүүлдэг. Шөнө болонгууд хэдэн тэрбум амьд бичил организмууд (фитопланктон) хүчилтөрөгчид татагдан өөрсдийн эрчим хүчийг зөөлөн цэнхэр гэрэл болгон далайн түрлэгийг гэрэлтүүлдэг. Үнэхээр гоё зураглал.
Хясаан элс, Австрали
Пероны хойгийн зүүн талын Shell Beach 60 км орчим үргэлжилнэ. Эргийг элсний оронд хэдэн арван их наядаар тоологдох далайн өчүүхэн Fragum erugatum гэх нялцгай биетийн цагаан хясаа бүтээжээ. Булангийн ус маш их давстай учир эдгээр бичил биетээс гадна өөр амьтад тэнд дасан тогтож чадсангүй. Тэдний амьдралын үлдэгдэл нь эргийн орон зайг эзлэн жуулчдын очих дуртай газруудын нэгийг бүтээсэн байна. Хамгийн дэгжин гэрэл зургууд авахуулж болох бөгөөд тийм л бүтээлийг бүтээхэд урамтай гэдэг юм билээ.
Махо эрэг, Сен-Мартен
Карибын Сен-Мартен арлын энэ наран шарлагын эрэгт амарч байгаа жуулчдыг ер бусын үзэгдэл хүлээж буй. Олон улсын Princess Juliana нисэх буудлын онгоц бууж, хөөрөх зурвас Махогийн ойролцоо байгаа учир буулт хийж буй онгоцнууд бараг таны толгойг шүргээд газарддаг. Онгоцны дуу чимээнээс болоод тэнд амраад байх хүн их биш ч гэсэн ер бусын зураг авахаар очих хүмүүс харин олон байдаг. Онгоцны сүүлнээс нь бариад байгаа мэтээр зураг даруулсан байх нь бас ч үгүй сонин шүү дээ.
Ш.МЯГМАР