УИХ-ын намрын чуулган хаалтаа хийж, үйл ажиллагаа нь түр завсарлаад байгаа. Гэвч БНХАУ-д гарсан шинэ коронавирус буюу Covid-19-ийн тархалттай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Засгийн газраас хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд буй. Үүнтэй холбоотойгоор шаардлагатай тохиолдолд УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлаж хуралдуулахыг Ерөнхийлөгч зарлигтаа тусгаад буй.
Тэгвэл УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо маргааш буюу хоёрдугаар сарын 18-ны өдөр хуралдах юм байна. Тус хуралдаанаар коронавирусийн үед хэрэглэгдэх маск, ариутгалын бодис, хүнсний бүтээгдэхүүн, импортын зарим бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэхэд тулгарч байгаа зарим хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр дотоодын хүнс, маск, ариутгалын бодис үйлдвэрлэгч компанийн төлөөлөлтэй уулзаж, тэдэнд тулгамдаж байгаа асуудлуудыг яаралтай шийдвэрлэнэ, маргааш байнгын хороо хуралдана гэдгийг онцолсон юм. Тиймээс дотоодын аж ахуй нэгжүүдэд тулгарч буй гааль, татварын хөнгөлөлт, зээл, зээлийн хүүгийн хугацааг хойшлуулах зэрэг асуудлуудыг судалж, ийнхүү хэлэлцэхээр болсон байна. Тиймээс энэ долоо хоногт ээлжит бус чуулганыг хуралдуулах захирамжийг УИХ-ын дарга гаргах бололтой.
Ш.ОЧ