Коронавирустэй холбоотойгоор Монголд хориглосон шийдвэрүүд

Хуучирсан мэдээ: 2020.02.18-нд нийтлэгдсэн

Коронавирустэй холбоотойгоор Монголд хориглосон шийдвэрүүд

Коронавирустэй холбоотойгоор Монголд хориглосон шийдвэрүүд

Өмнөд хөршид дэгдсэн коронавирус дэлхий нийтэд “тахлын” хэмжээнд хүрэх аюултай байна. Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй ч халдвар тархах өндөр эрсдэлтэй орны нэг. Иймд урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссоос дараах арга хэмжээг авсан юм.


СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙГ ГУРАВДУГААР САРЫН 02-НЫГ ХҮРТЭЛ ХААВ

Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас  сургууль, цэцэрлэгийг нэгдүгээр сарын 27-ны өдрөөс гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэр гаргасан билээ. Энэ шийдвэрийг ерөнхий боловсролын сургуулиуд өмчийн хэлбэр үл харгалзан мөрдөж буй.  Монгол Улсад коронавирус илрээгүй ч урьдчилан сэргийлэх, ханиад томууны үеийн эрсдэлийг бууруулах үүднээс сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоохоор болсон нь энэ юм.

ИХ ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Их дээд сургууль, коллеж, олон улсын “Найрамдал” төвийн үйл ажиллагааг нэгдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн зогсоов. Уг шийдвэр гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Хөл хорио тогтоосноос хойш авто замын ачаалал буурч, орон нутгийг зорих хөл хөдөлгөөн ихэсчээ.

КИНОТЕАТРУУДЫГ ХААЖ, БАР РЕСТОРАНЫ ЦАГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нэгдүгээр сарын 27-ны өдөр захирамж гаргасны дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглов. Тодруулбал, “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамжид кинотеатруудыг хааж, баар, кафег 00:00 цаг хүртэл ажиллуулахаар өөрчлөлт оруулсан юм. Мөн олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, спортын тэмцээн уралдаан, аялал зугаалга, урлаг, соёл, жолооны курс, цахим болон бага насны хүүхдийн төрөл бүрийн тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоох, сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг албан байгууллага, олон нийтийн үзвэр, үйлчилгээний газраар дагуулж явах, үйлчлүүлэх, үйлчлэхийг хориглох, энэ талаар иргэн, хуулийн этгээдэд мэдээлэх, сурталчлах, хяналт тавьж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон билээ.

ШАШНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ “ХОРИЛОО”

Коронавирусийн халдвар тархаж болзошгүй, олон хүн цугларах өндөр эрсдэлтэй газруудын нэг нь сүм хийд, шашны байгууллагууд гэж мэргэжилтнүүд үзэж буй. Ялангуяа цагаан сараар ном хуруулах, даган баясахаар иргэд олноороо нэг дор цуглардаг. Тиймээс Мэргэжлийн хяналтын байгууллага, Онцгой байдлын ерөнхий газраас улсын хэмжээнд нийтдээ 321 шашны байгууллагад, олон нийтийг хамарсан цуглаан зохион байгуулахгүй байх шаардлагыг албан ёсоор хүргүүлээд байна.

МАХНЫ ИМПОРТ, ЭКСПОРТЫГ ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ЗОГСООВ

Улсын онцгой комиссын шийдвэрээр урд хөршид коронавирусийн халдвар, H5N1 шувууны томуугийн дэгдэлт гарсантай холбоотойгоор тахианы мах, махан бүтээгдэхүүн импортлохыг тодорхойгүй хугацаагаар хориглоод байна. Мөн БНХАУ руу гаргах махны экспортыг хязгаарлаад буй юм.

НҮҮРС ТЭЭВРИЙГ ЗОГСООЛОО

Коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд хөл хориог цуцалтал Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Булган боомтоор нүүрсний экспорт хийхийг хориглох шийдвэрийг Улсын онцгой комиссын хоёрдугаар сарын 10-ны өдрийн ээлжит бус хурлаас гаргасан билээ. Энэ хориг гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

                      МОНГОЛ УЛС БНХАУ-ТАЙ ХИЛЛЭДЭГ БҮХ ХИЛИЙН БООМТОО ХААВ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын шийдвэрээр хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн БНХАУ-тай хиллэсэн хилийн боомтуудаа 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд хаах тухай шийдвэр гарсан. Энэ  дагуу хилийн Даян-Хуньшанзюй, Байтаг-Улиастай, Бургастай-Лаоемяо, Сүмбэр-Рашаан, Хавирга-Архашаат автозамын боомтуудыг түр хаасан билээ. Мөн Засгийн газар хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Төмөр зам, Гашуунсухайт, агаарын боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг зогсоож, БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтоо хаахаар болсныг албан ёсоор мэдэгдэв. Ингэснээр БНХАУ-тай хил залгаа боомтуудаар орох, гарах агаарын болон төмөр замын зорчих хөдөлгөөнийг зогсоож байгаа юм.

ХАГАС ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖИЖ, ЦАГААН САРЫГ ЦУЦАЛЛАА

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улс хагас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжив. Хоёрдугаар сарын 13-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн уг шийдвэрийн хүрээнд Ерөнхийлөгчийн зарлигийг үндэслэн цагаан сарын баярыг албан ёсоор цуцалсныг мэдэгдэв. Энэ хүрээнд сар шинийн баярын реклам сурталчилгаа, үзэсгэлэн худалдааг зогсоосон. Шаардлагатай гэж үзвэл орон нутгийн тээврийг хязгаарлах хүртэл арга хэмжээ авахыг албаны хүмүүс мэдээлж буй юм. Мөн хагас өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор гамшгаас хамгаалах, эрүүл мэндийн тухай зэрэг хуулиудад өөрчлөлт оруулах, шаардлагатай бол Засгийн газарт чиглэл болгож, зарлиг гаргасан билээ.

Дэлхий нийтийг сандаргаж буй шинэ коранавирусийн халдвар Монгол Улсад бүртгэгдээгүй ч сэжигтэй тохиолдлууд нэмэгдсээр байна. ХӨСҮТ-ийн мэдээлснээр, өнөөдрийн байдлаар коронавирусийн сэжигтэй нийт 140 орчим тохиолдол бүртгэгджээ. Халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн газар нутгаар нь авч үзвэл Монгол Улсын 21 аймгийн тэн хагаст буюу 10 орчим аймагт илэрсэн байна.

ДЭМБ-ын мэдээлснээр, коронавирусийн оргил үе хоёрдугаар сар бөгөөд гуравдугаар сард тархалт буурах магадлалтай аж. Харин монголчуудын хувьд цагаан сараа тэмдэглэж, “нууц”-аар айл хэсэх нь өөрийгөө болон бусдын эрүүл мэндийг эрсдэлд оруулж, халдварт өвчин дэгдээж болзошгүй гэдгийг эрүүл мэндийн байгууллагаас сэрэмжлүүлж байгаа юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж