ЭМЯ: Говьсүмбэрт сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгдсэн

Хуучирсан мэдээ: 2020.02.18-нд нийтлэгдсэн

ЭМЯ: Говьсүмбэрт сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгдсэн

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар коронавирусийн сэжигтэй тохиолдлоор ХӨСҮТ-д гурван хүн тусгаарлагдаад байгаа бол Говьсүмбэр аймагт сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгдэж, тусгаарлагджээ. Уг хоёр хүн Тайланд болон Солонгос улсад зорчсон, улмаар халуурах шинж тэмдэгтэйгээр аймгийн эмнэлэгт хандсанаар эмчийн хяналтад орсон байна.

Өнөөдрийн байдлаар нийт таван хүн сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдаад байгаа аж.  Мөн Эрээн хотоос Замын-Үүд боомтоор хил нэвтэрсэн 104 зорчигчоос тусгаарлагдсан нэг иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар бүртгэгдээгүй ч одоогоор 140 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн болохыг ХӨСҮТ-өөс мэдээлэв.

ХӨСҮТ-ийн захирал Б.Нямхүү “Томуу томуу төст өвчнийг илрүүлэх шинжилгээг давхар хийж байна. Энэ хугацаанд коронавирусийн сэжигтэй нийт 130-140 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар сэжигтэй тохиолдлоор нийт таван хүн тусгаарлагдсан. Тэдний шинжилгээний хариу маргааш гарна. Ер нь сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан иргэдээс ихэвчлэн ханиад, томуу томуу төст өвчний шинж тэмдэг илэрч байна. Тиймээс манай эмнэлэгт сэжигтэй тохиолдлоор хэвтэн эмчлүүлэгсдийн тоо эрс багассан.

Эмнэлэгт тусгаарлагдсан хүмүүсийн сэтгэл санааны байдал хэвийн байгаа. Коронавирусийг илрүүлэх оношлуур, лаборатори маш найдвартай. Одоогоор Японы Халдвар судлалын хүрээлэнгээс ирүүлсэн мянган оношлуурыг ашиглаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гурван мянган оношлуур ирнэ. Бид бүхэн Монгол Улсад коронавирусийн халдвар дэгдээхгүй байх талаас онцгойлон анхаарч ажиллаж байна” гэлээ.

Эрүүл мэндийн байгууллагаас иргэдэд цагаан сарын баяраа гэр бүлийн хүрээнд тэмдэглэхдээ ууц чанахгүй, банштай цай, бууз, халуун аарц хэрэглэхийг зөвлөлөө. Хиншүү гаргаж, ууц олон хонуулснаар шүлсээр дамжин халдвар тархах магадлал өндөр байдаг аж.

Хоногийн мэдээ хүргэхэд, БНХАУ-ын Хубэй мужид шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүний тоо 59989 хүрсэн бол нас барсан хүний тоо 1789 болж нэмэгдсэн байна. Мөн БНХАУ-аас гадна 28 улсад короновирусийн халдвар бүртгэгдээд байгаа бөгөөд нийтдээ 1872 хүн нас барж, 12592 хүн эдгэрчээ. Одоогоор дэлхийн дөрвөн улсад коронавирусийн эсрэг шинэ вакциныг туршиж байгаа бөгөөд 6-12 сарын дараа эмнэлгийн байгууллагад ашиглана хэмээн тооцжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж