NBA: Бүх оддын тоглолтын эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2020.02.18-нд нийтлэгдсэн

NBA: Бүх оддын тоглолтын эргэн тойронд

NBA: Бүх оддын тоглолтын эргэн тойронд

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн 2020 оны Бүх оддын тоглолт АНУ-ын Иллинойс мужийн Чикаго хотын Юнайтед центрт энэ сарын 15-наас 17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ жилийн бүх оддын тоглолт бүхэлдээ NBA-ийн таван удаагийн аварга Коби Брайант, түүний охин Жианна Брайант болон NBA-ийн комиссар асан Девид Стерн нарын гэгээн дурсгалд зориулагдсан юм.

Бүх оддын тоглолтын эхний өдөр буюу хоёрдугаар сарын 15-ны өдөр

2020 оны NBA-ийн Бүх оддын арга хэмжээ оддын тоглолтоор эхэлсэн. Олны танил 22 од сагсан бөмбөгийн алдартай хоёр аналист, тайлбарлагчид болох Уилбон болон Стефен А.Смит нарын багт хуваагдан өрсөлдлөө.

Уилбоны багт:
Ахлагч: Common 
(реппер)
Bad Bunny (уран бүтээлч)
Hannibal Buress (жүжигчин, комедиан)
Kane Brown (уран бүтээлч)
Jon Batiste (хөгжимчин)
Alex Moffat (жүжигчин, комедиан)
Chef José Andrés (тогооч, нийгмийн зүтгэлтэн)
Famous Los (комедиан)
Jidenna (уран бүтээлч)
Chelsea Gray (эмэгтэй сагсан бөмбөгийн тоглогч)
Quentin Richardson (сагсан бөмбөгийн домогт тоглогч)

Стефен А.Смитийн багт:                              
Ахлагч: Chance The Rapper (реппер)
Quavo (реппер)
Taylor Bennett (реппер)
LaRoyce Hawkins (жүжигчин)
Anthony “Spice” Adams (Америк хөлбөмбөгийн тоглогч асан, жүжигчин)
Marc Lasry (Милвауки Бакс багийн эзэн)
Ronnie 2K (2К тоглоомын маркетингийн захирал)
Katelyn Ohashi (гимнастикчин)
Lil Rel Howery (жүжигчин, комедиан)
A’ja Wilson (эмэгтэй сагсанбөмбөгийн тоглогч)
Darius Miles (сагсан бөмбөгийн домогт тоглогч)

Ийнхүү оддын тоглолтын эхний арга хэмжээний ялагчаар Уилбоны баг Стефен А.Смитийн багийг 62-47 гэсэн харьцаатай ялж тодорсон. Мөн энэ удаагийн олны танил оддын тоглолтын “Үнэ цэнэтэй тоглогч”-оор Чикаго хотын уугуул, реппер Common шалгарсан юм.

Энэ өдрийн сүүлийн арга хэмжээ залуу оддын тоглолт байлаа. Дэлхийн залуу оддын эсрэг АНУ-ын залуу одод гэсэн сонирхолтой тоглолт Юнайтед центрт болж өнгөрсөн.

Ширүүн өрсөлдөөнтэй дөрвөн үеийн эцэст АНУ-ын залуу оддын баг өрсөлдөгчөө 151-131 гэсэн харьцаатай хожиж, АНУ-ын багаас тоглосон Шарлотт Хорнетсын тоглогч Майлес Брижес энэ удаагийн 2020 оны залуу оддын тоглолтын “Үнэ цэнэтэй тоглогч”-оор тодорсон. Сүүлийн зургаан жилийн турш АНУ-ын залуу оддын эсрэг дэлхийн залуу одод гэсэн дүрмээр явж байгаа бөгөөд одоогийн байдлаар 3:3 гэсэн харьцаатай тэнцээд байна.

Бүх оддын хоёр дахь өдөр буюу хоёрдугаар сарын 16-ны өдөр

Энэ өдөр NBA-ийн комиссар Адам Силвер Бүх оддын тоглолтын “Үнэ цэнэтэй тоглогч”-ийн шагналыг Бүх оддын тоглолтын дөрвөн удаагийн “Үнэ цэнэтэй тоглогч” Коби Брайантын нэрэмжит болгож байгаагаа зарласан.

Бүх оддын арга хэмжээний хамгийн сонирхолтой, жил бүр хүлээлт үүсгэдэг тэмцээнүүд энэ өдөр зохион байгуулагдсан.

Эхний тэмцээн: Taco Bell ур чадварын тэмцээн

Оролцогчид:
• Бэм Адебаёо, Майами
• Патрик Беверли, Клипперс
• Spencer Dinwiddie, Брүүклин
• Шай Гилгиоус-Александр, Оклахома Сити (Гэмтсэн Деррик Рөүзийг орлон оролцсон)
• Kрис Миддлетон, Mилвауки
• Домантас Сабонис, Индиана
• Паскал Сиакам, Toронто
• Жэйсон Тэтум, Бостон

Жижгүүдийн эсрэг томчууд гэсэн тулааны энэ удаагийн ялагчаар Майами Хит багийн довтлогч Бэм Адебаёо Индиана Пейсерс багийн төвийн тоглогч Домантас Сабонисыг шигшээ шатанд ялан аваргаар тодорсон.

Хоёр дахь тэмцээн: Mountain Dew гурван онооны шидэлтийн тэмцээн

Оролцогчид:
• Дэвис Бертанс, Вашингтон
• Дэвин Бүүкер, Финикс (Гэмтсэн Дамиан Лиллардыг орлон оролцсон)
• Девонте Грам, Шарлотт
• Жое Харрис, Брүүклин
• Бадди Хиелд, Сакраменто
• Зак Лавине, Чикаго
• Данкан Робинсон, Mайами
• Tрае Ян, Aтланта

Лигийн алсын зайн мэргэн буучдын тэмцээн тун өрсөлдөөнтэй болж, эцсийн шатанд Дэвис Бертанс, Бадди Хиелд болон Дэвин Бүүкер нар тунан үлдсэн. Дэвис Бертанс шигшээ шатанд 22 оноо авч, өндөр босго тогтоосон бол түүний араас Дэвин Бүүкер 26 оноо авч хоёр дахь удаагаа энэ тэмцээнд түрүүлэхэд ойрхон байсан. Гэвч Бадди Хиелд энэ өдрийн шилдэг мэргэн бууч байж хамгийн сүүлийн хоёр онооны шидэлтээ амжилттай болгон 27 оноо цуглуулж, 2020 оны Mountain Dew гурван онооны шидэлтийн тэмцээний аварга болсон.

Гурав дахь тэмцээн: AT&T тохолтын тэмцээн

Оролцогчид:
• Пат Коннавтон, Mилвауки
• Aaрон Гордон, Oрландо
• Двайт Ховард, Лэйкерс
• Деррик Жонес Жр., Майами

Жил бүрийн оддын арга хэмжээний хамгийн хүлээлт өндөртэй тэмцээн бол яах аргагүй слэм данк буюу тохолтын тэмцээн билээ. Энэ жилийн хувьд нэлээн ширүүхэн өрсөлдөөнтэй, мөн үзэгч дэмжигчдийн хүлээлтэн хүрсэн боловч үр дүн нь маргаантай тэмцээн болж өнгөрлөө. Эцсийн шатанд Аарон Гордон болон Деррик Жонес Жр нар шалгарсан. Хоёр нисдэг хүмүүсийн тулааныг хүн бүхэн цааш үргэлжлүүлэн харахыг хүссэн боловч шүүгчид хүссэнгүй. Ийнхүү Деррик Жонес Жр. 2020 оны AT&T тохолтын тэмцээний шинэхэн аваргаар тодорсон юм.

Бүх оддын тоглолтын гурав дахь өдөр буюу хоёрдугаар сарын 17-ны өдөр 

Бүх оддын арга хэмжээний хамгийн оргил үйл ажиллагаа энэ өдөр явагдсан. Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг сагсан бөмбөгийн тоглогчдыг үзэгчид, дасгалжуулагчид, сэтгүүлчид, тоглогчдын санал асуулгаар тодруулж Леброн Жэймс болон Яннис Адетокумбо нар багийн ахлагчдаар тодорсон. Ийнхүү хоёр багийн ахлагчид маань өгөгдсөн тоглогчдоос өөрсдийн багаа бүрдүүлсэн.

Энэ жилийн тоглолт бүхэлдээ Коби Брайант болон түүний охин Жианна Брайант нарт зориулагдаж, хоёр багийн тоглогчид 2 болон 24 дугаартай өмсгөлөөр жигдрэн тоглоод зогсохгүй үе болгонд ялагч багийг тодруулж, 100 мянган долларыг буяны үйлст хандивласан. Шинэ зохион байгуулалтаар тоглосон хоёр баг тоглолтын үе болгонд ээлжлэн тэргүүлж ширүүн өрсөлдөөн үзүүлсэн юм.

2019 оны Бүх оддын тоглолтод нийт 15 удаа алдаа гаргасан бол 2020 оны Бүх оддын тоглолтын дөрөвдүгээр үед л 19 алдаа гарсан байна. Ийнхүү дөрөвдүгээр үед түрүүлж 157 оноонд хүрсэн баг нь ялагч болох сонирхолтой дүрмээр явагдахад Леброны багийн Энтони Дэвис торгуулийн шидэлтээ амжилттай болгосноор 157-155 гэсэн тун ойрхон өрсөлдөөний эцэст Леброн Жэймсийн ялсан. Коби Брайантын нэрэмжит хамгийн анхны NBA-ийн Бүх оддын тоглолтын “Үнэ цэнэтэй тоглогч”-оор Лос-Анжелос Клипперс багийн довтлогч Кавай Леонард 30 оноо авж багаа тэргүүлснээрээ тодорлоо.

Мөн энэ тоглолтод Крис Пол тохолт хийснээр 2015 оны аравдугаар сараас хойш анх удаа тохолт хийсэн тохиолдол болжээ. Үүгээр ч зогсохгүй NBA-ийн Бүх оддын тоглолтын үзэлт өнгөрсөн жилийнхээс 9 хувиар нэмэгдсэн нь шинэ зохион байгуулалттай болсонтой холбож байна.

2021 оны NBA-ийн Бүх оддын 70 дах тоглолт Индианаполис хотод ирэх оны хоёрдугаар сарын 14-нд зохион байгуулагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж