“NEWS” агентлаг 2020 оны УИХ-ын сонгуульд хэн, хэн нэр дэвших вэ гэдгийг тойрог бүрээр нь уншигчдадаа хүргэж эхэлсэн. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 3-р тойрог буюу Баянхонгор аймгийг онцолж байна.
Дөрөвхөн сарын дараа УИХ-ын сонгууль болно. Хэзээнээс гурван мандаттай байсан баянхонгорчууд өнгө алаглуулж, сонголтоо хийсээр ирсэн. Ерөнхийлөгч Х.Баттулгыг өнгөрсөн сонгуульд өвдөг шороодуулж чадсан баянхонгорчууд энэ удаад цэнхэртэх үү, улаарах уу. Өнгөрсөн долоон удаагийн сонгуульд баянхонгорчууд АН-д дөрөв, МАН-д гурван удаа итгэл үзүүлсэн байдаг. 2016 оны сонгуулиар баянхонгорчууд АН-ынхнаас “урваж”, МАН-ын гурван гишүүнд итгэл үзүүлсэн нь УИХ-ын дарга Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, М.Билэгт нар юм. МАН энэ удаад ч Баянхонгор аймагт УИХ-ын дарга Г.Занданшатар, Л.Элдэв-Очир М.Билэгт нарыг нэр дэвшүүлэх нь бараг л тодорхой болсон байгаа. УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаас УИХ-ын дарга болсон Г.Занданшатарын хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадсан, парламентыг илүү сахилга баттай болгосон түүхэн гавьяатай гэж танхимын нөхөд нь үнэлдэг. Гэхдээ түүнийг нутаг ус ойр учраас Ерөнхийлөгч Х.Баттулгатай “ойр” гэх яриа улс төрийн хүрээнд яригддаг. Тиймээс УИХ-ын даргын хувьд, зарим хүнтэй “ойр” хүний хувьд нэр дэвших нь тодорхой хүний нэг. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын хувьд Ерөнхийлөгчтэй “харш” хүний нэг. MCS-ийн төлөөлөл гэдэг утгаар нь улс төрийн хүрээнд түүнийг Ерөнхийлөгчтэй “харш” гэж дүгнэдэг ч байж болох. Гэхдээ түүний хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд намынхаа, УИХ-ын даргын шинэчлэлийг дэмжиж, гар бие оролцсон гишүүдийн нэг учраас сайдын суудлын санал ч авч байсан гэдэг. Түүний хувьд намын даргатайгаа ойр, дэмждэгийн хувьд энэ удаад асуудалгүй нэр дэвших хүн гэж тодорхойлж болно. УИХ-ын гишүүн М.Билэгтийн хувьд намын дарга нэр дэвшүүлнэ, дэвшүүлэхгүй гэдгээ албан ёсоор хэлээгүй ч бие даагаад ч Баянхонгорт гараад ирэх боломжтой нэгэн. Тиймээс намын удирдлага нь рейтингийн судалгаа, эмэгтэйчүүдийн квотоо харсан ч түүнээс өөр МАН-аас Баянхонгорыг зорих хүн М.Билэгтээс өөр олдохгүй болов уу. Түүнээс гадна аймгийн Засаг дарга Г.Батжаргал 2020 оны сонгуульд өрсөлдөх сонирхол байгаа ч намын удирдлага ямар шийдвэр гаргахаас хувь заяа нь шийдэгдэнэ.
Харин Ардчилсан намын хувьд ҮБХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан “бидон” Д.Ганбат, "НарМон" ХХК-ийн захирал М.Хүрэлсүх нарын нэр яригдаж эхэлсэн. "Бидон" Д.Ганбатын хувьд хааяа нэг тойргоо усалж, бидон тараах, оюутны улирлын төлбөр өгөх зэргээр ажиллаж байгаа бол М.Хүрэлсүхийн хувьд Байгаль, орчны дэд сайдаар ажиллаж байсан туршлагатай. Мөн Баянхонгор аймгаас хоёр удаа нэр дэвшиж байсан гээд арвин намтартай нэгэн. Харин ҮБХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ "Баянхонгор хөгжлийн төлөө сан", "Хонгорын хурд" МСУХ гээд ТББ-ыг үүсгэн байгуулж, "Жийп сервис" ХХК-иасаа санхүүжүүлэн Хонгор нутгийнхнаас ганц төгрөгийн зардал гаргалгүйгээр 10-аад жилийн турш үйл ажиллагаагаа жигд явуулсаар ирсэн нь Байнхонгортоо рейтингээрээ дээгүүр бичигдэх шалтгаан болсон гэдэг.
БНХАУ-ын ӨМӨЗО-д дипломат алба хашиж байгаад ирсэн Д.Мөнх-Эрдэнэ МАН-ын лидер Ц.Нямдорж болон түүний хүү Н.Анхбаяр, Ж.Батзандан нарын үнэн төрхийг илчилсэн нь залуу үеийнхэн дундаа цахиур хагалсан үйл явдал болсон төдийгүй нам дотроо ч "орчин цагийн залуу хувьсгалч" нэрийг авч 2020 оны сонгуулиар намдаа суудал авч ирэх найдьартай залуу лидерийн нэгээр тодорсон гэх.
УИХ-ын гишүүн асан Д.Ганбатын хувьд 2012 оны сонгуульд ялалт байгуулж байсан ч 2016 оны сонгуульд Ерөнхийлөгчтэйгөө хамт өвдөг шороодсон. Түүнийг Ерөнхийлөгчийн “хүн” гэх яриа улс төрийн хүрээнд байдаг учраас энэ удаад намаасаа квот авах эхний хүн гэгдэж буй.
БАЯНХОНГОР АЙМГААС СОНГОГДОЖ БАЙСАН УИХ-ЫН ГИШҮҮД:
- 1992 он: Б.Гомбо, Д.Дашцэдэн, Цэрэндагва /Бүгд МАХН/
- 1996 он: Ё.Гэрэлчулуун, Ц.Элбэгдорж, Д.Батнасан /Бүгд Ардчилсан холбоо эвсэл/
- 2000 он: Д.Түмэндэмбэрэл /МАН/, Ц.Шийрэвдамба /МАН/, С.Дулам /МАН/
- 2004 он: Г.Занданшатар /МАН/, Ц.Жаргал /Эх орон ардчилсан эвсэл/, Х.Баттулга /АН/
- 2008 он: Г.Занданшатар /МАН/, Х.Баттулга /АН/, Б.Батбаяр /АН/
- 2012 он: Х.Баттулга /АН/, Д.Ганбат /АН/
- 2016 он: Г.Занданшатар , М.Билэгт, Л.Элдэв-Очир /Бүгд МАН/
Ш.ЧИМЭГ