Дарханы МАН-ынхан далдуур дайтаж байна

Хуучирсан мэдээ: 2020.02.18-нд нийтлэгдсэн

Дарханы МАН-ынхан далдуур дайтаж байна

Дарханы МАН-ынхан далдуур дайтаж байна

Дархан-Уул аймаг бол Монголдоо ложистик, харилцаа холбоо, дэд бүтцийн хөгжлөөр толгой цохих аймгийн нэг. Социализмын үеэс аж үйлдвэрийн районы нэг байсан бөгөөд тухайн үедээ засаг захиргааны хувьд бие даасан нэгж байгаагүй. Хуучнаар ЗХУ-ын мэргэжилтнүүд олноор Дархан хотод ажиллаж, амтдарч байснаас “Найрамдлын Дархан” нэртэй байсан. Харин 1994 оноос засаг захиргааны бие даасан нэгж болж Дархан-Уул аймаг болсон билээ. Социализмын үеийн эдийн засгийн суурь хөгжил нь өнөөгийн Дархан-Уул аймгийг бусад аймгаас илүү давуу байдал болж өгдөг. Тиймээс ч Аймгуудын өрсөлдөх чадварын индексээр эхний байруудад тогтмол багтдаг. Тухайлбал, 2018 оны Аймгуудын өрсөлдөх чадварын индексээр Дархан-Уул аймаг 96.68 оноогоор Орхон аймгийн дараа хоёрт жагссан байна.

Хэдий ийм сайхан үзүүлэлт байгаа ч МАН-ын угсаа залгамжилсан удирдлага, тэдний үе уламжилсан буруу бодлого өнөө цагийн шаардлагыг хангаж чадахгүй байгааг дарханчууд шүүмжилсээр удаж байна. Ялангуяа, залуу сонгогчдын хүлээлтийг МАН-ын үе залгамжилсан удирдлага гүйцэлдүүлж чадахгүй байна.

Дархан-Уул аймгийн сүүлийн 20 жилийн амьдралыг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа ба түүний команд удирдаж ирсэн. Дархан-Уул аймгийн Засаг даргаар 10 орчим жил ажиллаад 2008 онд УИХ-д дэвшээд явахдаа эрх мэдлээ өөрийн хүн гэгддэг одоогийн Засаг дарга С.Насанбатад үлдээсэн гэж дарханчууд ярилцдаг. Д.Хаянхярваагийн өвийг залгамжлагчид Дархандаа "БАТ"-ууд гэдэг нэрээрээ алдартай. Засаг дарга С.Насанбат, ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг даргын орлогч А.Түвшинбат, Аудитын газрын дарга Ч.Чүлтэмбат, Худалдан авах ажиллагааны газрын дарга н.Батсүх, Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхбат гээд “буян заяагаар” холбогдсон хүмүүс.

Д.Хаянхярваа тус аймгийн Засаг даргаар ажиллаж байх үед Хонгор сумын эмгэнэл болсон. Хонгор суманд алт олборлохлоо мөнгөн усыг хууль бусаар ашигласнаар Хонгор сумын иргэд эрүүл мэндээрээ хохирч, амьжиргааны эх үүсвэр болсон мал хордож, сэтгүүлчид чадах чинэээгээрээ энэ хууль зөрчсөн, хүнлэг бус үйлдлийг бичиж байсан “Хонгор хордоогүй” гэсэн үгийг хэлсээр суугаад 2008 онд УИХ-ын сэнтий рүү шилжсэн хүн бол Д.Хаянхярваа. Хонгор хордлогоос хойш сумын иргэд оршин суугаа нутгаасаа дайжсан нь үнэн. Алтны чамгүй нөөцтэй энэ бүс нутаг алт гэдэг баялгийг дарга нар нь зөвхөн амин хувийн эрх ашигт нийцүүлэн хууль зөрчих боломжийг олгосоор ирсний хохирлыг жирийн иргэд л амссан. Одоо ч Дархан-Уулд алт олборлолттой холбоотой дуулиан тасраагүй л байгаа.

Гэвч 2016 оны парламентын сонгуулиас хойш Д.Хаянхярваагийн командынханд ном дотроос нь өрсөлдөгч гарч ирсэн нь УИХ-ын гишүүн Б.Жавхлан юм. Эрхэм гишүүнээр дахин сонгогдож улс төрийн цаашдын зам мөрөө тэгшитгэнэ гэвэл тойрогтоо "хөлтэй" байхаас өөр аргагүй. Харин тэр хөл нь хуучин эздүүдэддээ үнэн.ч Тиймээс Б.Жавхлан Дарханы нөлөө бүхий албан тушаалуудад ойр тойрны хүмүүсээ томилуулж эхэлжээ.

Тухайлбал, Дарханы хоккейн холбоог үүсгэн байгуулалцаж явсан М.Жаргалсайханыг Дарханы ДЦС ТӨХК-ийн захирлаар томилуулж, хуучин эздийн хүн болох бас нэгэн “Бат” Н.Чимэдбатыг солиулжээ. Мөн Татварын ерөнхий газрын даргын 2020 оны Б/17-р тушаалаар Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Татварын улсын ахлах байцаагч Х.Оюунцэцэг томилогдов. Х.Оюунцэцэг нь Б.Жавхлан гишүүний ангийн хүүхэд гэнэ. Өмнөх дарга н.Баярт-Одыг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа санал болгож Ч.Насанбат татварын албаны даргаар томилуулж байжээ. Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд эрх мэдэл нэн чухал. Тэр тусмаа өөрийн тойрогтоо "хөл"-өө бэхжүүлэх нь туйлын ашиг тустай.

Ийнхүү Дархан-Уулд МАН-ын хоёр бүлгийн сөргөлдөөн сонгууль дөхөх тусам идэвхжиж байна.

А.ТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж