Турк улсад зочилсон тэмдэглэл | News.MN

Турк улсад зочилсон тэмдэглэл

Турк улсад зочилсон тэмдэглэл

Турк улсад зочилсон тэмдэглэл

Бүгд Найрамдах Турк Улс болон Монгол Улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу “Турк эйрлайнс” хувьцаат компани 2020 оны нэгдүгээр сараас албан ёсны шууд нислэг хийж эхэлсэн билээ. Ийнхүү шууд нислэгтэй болсноор Турк улс руу албан ажил болон аялал жуулчлалаар зорчиход хамгийн хямд үнээр тийзээ захиалж, илүү тав тухтай аялах боломж нээгдсэн юм. Өнөөдөр нислэгийн цаг гурван цагаар богиносч, шууд нислэг найман цагийн турш үргэлжилж байна.


Улаанбаатараас долоон хүний бүрэлдэхүүнтэй манай баг “Турк эйрлайнс”-ын шууд нислэгээр зорчиж, “Истанбул” нисэх онгоцны буудалд газардлаа. Өдөрт олон мянган жуулчин хүлээн авах хүчин чадалтай тус олон улсын нисэх онгоцны буудал өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын 6-нд шинээр ашиглалтад оржээ.

Биднийг онгоцноос буухад цас орж хайлмагтаад, Истанбулын цаг агаар чийглэг, сэрүүхэн байлаа. “Истанбул” нисэх онгоцны буудал БНСУ-ын “Инчон”, Хятадын "Дашин", Японы “Нарита” зэрэг олон улсын нисэх буудлуудаас хамаагүй том юм. Дэлхийн хамгийн том нисэх онгоцны буудлуудын нэгд зүй ёсоор тооцогдож буй энэхүү нисэх онгоцны буудлыг “Limak”, “Kolin”, “Cengiz”, “Mapa”, “Kalyon” гэх таван компанийн нэгдсэн консорциум бүтээн байгуулжээ.

2023 он гэхэд бүрэн ашиглалтад орох уг нисэх онгоцны буудал 500 нисэх онгоцны багтаамжтай нислэгийн зургаан зурвастай бөгөөд 70 мянган автомашины зогсоолтой. Мөн жилд 200 сая гаруй зорчигч уг нисэх онгоцны буудлаар үйлчлүүлнэ гэсэн таамаглал бий. Өдгөө өдөрт 2000 орчим нисэх онгоц уг нисэх буудлаар дамжин өнгөрч, 250 гаруй компани 350 чиглэлд нислэг үйлдэж буй юм байна.

ИСТАНБУЛ – “МЕСРЮТИУЕТ ЖАД” ХУДАЛДААНЫ ГУДАМЖ

Манай багийнхан Истанбулын нисэх онгоцны буудлаас хөдөлж, 1892 онд баригдсан эртний түүхт “Пера палас” зочид буудалд байрлалаа. Туркийн түүх, соёл иргэншлийг илтгэсэн тус буудлын дотоод засал чимэглэл эртний өнгө төрхтэй, тансаг хийц загвартай бөгөөд бүхэлдээ модон эдлэлээр чимэглэгдсэн нь сонирхол татаж байлаа. Энэ ч утгаараа жуулчид тогтмол ирж үйлчлүүлж, сэтгэл ханамжтайгаар эх орондоо буцдаг биз ээ.

Истанбул хот. Ромын үеийн уран барилгын дурсгалуудаас эхлээд Исламын ертөнцийн Микеланжело гэгддэг Мимар Синаны сүрлэг москууд, зорчсон хүнд Парисыг санагдуулах европ хэв маягийн чулуу шигтгэн зассан замтай нарийн гудамжууд, нэн орчин үеийн тэнгэр баганадсан цамхагууд гээд өрнө ба дорно, өнгөрсөн ирээдүй энд л сүлэлдэн нэгдэх. Зуун зууны түүхт барилгууд нь нэгэн цагт Ази, Европыг дамнасан эзэнт гүрний нийслэл байсан дурсамжаа тээн чимээгүй дүнхийнэ.

Бид Туркэд очсон оройноо “Пера Палас” зочид буудлын ойролцоох “Месрютиует Жад”/Mesrutiyet Cad/ нэртэй худалдааны гудамжтай танилцлаа. Гишгэх зайгүй гэмээр энэ алдарт гудамжаар хүмүүс завсар чөлөөгүй сүлжилдэх ажээ.

СУЛТАН АХМЕД ХААНЫ “ЦЭНХЭР СҮМ”

Аяллын эхний өдрөө бид Султан Ахмед хааны сүмд зочиллоо. Энэ нь Истанбул хотын чимэг болсон, олны мэддэгээр “Цэнхэр сүм” гэгдэх тансаг орд юм. Сүмийг 20 мянган цэнхэр хавтангаар бүтээсэн бөгөөд барилгыг 1606-1616 оны хооронд Ахмед I хааны үед буюу түүний 19 настай байх үед барьжээ.

Сүмийн гадна болон дотоод өнгө төрхийг байнга тордож, засаж чимэглэж байна. Биднийг очиход засал чимэглэлийн ажил хийгдэж байсан юм. Сүмийн доторх хана, таазыг гар аргаар хийсэн цагаан, цэнхэр керамик хавтангаар чимэглэжээ. Тус сүм нь нийт 4600 ам метр талбайтай. Цамхаг бүрийн өндөр нь 64 метр. Сүм рүү нэвтрэхийн тулд хүн бүр гутлаа тайлан уутанд хийж, тавиур дээр тавина. Аяллын өдөр хэдийгээр хүйтэн байсан ч цэцгэн хээтэй битүү дэвссэн улаан өнгийн хивсэн дээгүүр гишгэхэд зөөлөн бөгөөд дулаахан мэдрэмж төрж байв. Эмэгтэйчүүдийн хувьд исламын шашны зарчмын дагуу толгойгоо алчуураар ороож орох ёстой. Сүмийн хаалганы гантиг чулуун босго хонхойтол элэгдсэн байх бөгөөд энэхүү гайхалтай түүхэн дурсгалт газарт өдөр бүр хэдэн зуун сая зочин айлчилж, үзэж сонирходгоороо алдартай ажээ.

“ТУРК ЭЙРЛАЙНС” ХК

Бидний аялал “Турк эйрлайнс”-ын үйл ажиллагаатай танилцсанаар үргэлжиллээ. Тус компани хамгийн анх 1933 онд дөрвөн чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн түүхтэй бол 2003 оноос 55 орны 144 чиглэлд нислэг үйлддэг болж өргөжжээ.

2019 оны байдлаар “Турк эйрлайнс” компани дотоодын зорчигч жилд 31 сая, гадаадын 50-иад сая, нийтдээ 80 сая орчим зорчигчид үйлчилдэгээрээ дэлхийн хэмжээнд 17 дугаар байрт жагссан байна.

Шинээр ашиглалтад орсон “Истанбул” олон улсын нисэх онгоцны буудлын хувьд жилд 200 сая зорчигч хүлээн авч, найман сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд 515 онгоц өдөр бүр үйлчилгээнд явдаг аж. Одоогийн байдлаар тус компани 126 улсын 327 чиглэлд нислэг тасралтгүй үйлдэж буй юм байна.

Хятадын “Дашин” нисэх онгоцны буудлын ачаа тээвэрлэлтэй харьцуулахад дөрөв дахин илүү хүчин чадалтай бөгөөд Европын орнуудад ачаа тээвэрлэлтээрээ нэгдүгээрт жагсдаг гэсэн судалгаа бий.

“Турк эйрлайнс” ХК-ийн удирдлагууд 2025 он гэхэд нийт 225 мянган ажилтантай, зорчигч үйлчлүүлэгч, ачаа тээврийг 4,9 хувиар өсгөх зорилт тавин ажиллаж буй ажээ.

АЛДАРТ “ДО ЭНД КО”

Аяллын хоёр дахь өдөр бид Агаарын тээврийн хоолны үйлчилгээ эрхэлдэг “До & Ко” хоолны компанид зочлов. Нисэх онгоцны буудалтай ойрхон байрлах тус компанийн үүд хаалга хоол хүнс, сургалтын газар гэхээсээ илүү зочид буудлын лобби шиг санагдсан.

Тус компани 2007 онд Турк улсад үүсгэн байгууллагдсан. “Do & Co” нь хоолны бүтээгдэхүүнээрээ алдартай бөгөөд 60 гаруй агаарын тээврийн компанид үйлчилдэг. “Turkish Airlines” болон “Do & Co” компаниуд 50, 50 хувиар хувьцаа эзэмшдэг аж. Одоогоор Турк улсад есөн агаарын хоолны цогцолбор үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэ компани нь голдуу турк ажилтнууд ажиллуулдаг бөгөөд 300 гаруй ажилтантай. Тэд олон тооны гар хийцийн бүтээгдэхүүн, өдөр бүр шинэ хоолны цэс бэлтгэх, дизайны бүрэн загвар, рестораны хэв маягийг санал болгодог.

Истанбул нисэх онгоцны буудлын Туркийн агаарын тээврийн танхимын бүх хоолны газрыг “До & Co” компани хариуцдаг ажээ. Нийтийн хоолны газруудад гахайн мах, согтууруулах ундаа хэрэглэдэггүй онцлог нь тус компанийн бүтээгдэхүүнүүдээс илт харагдаж байв.

Танилцуулгын дараа бид цагаан цув, малгай, маск өмсөн хоол бэлтгэх байгууламж руу нэвтэрлээ. Энд бүх зүйлийг шинээр бэлтгэж байгаа нь харагдана. Өдөр бүр шинэ жимс, хүнсний ногоог тайрч, хоол хийхэд бэлддэг байна. Туркийн “Do & Co Catering” компани нислэгийн үеэр амттай хоолоор үйлчилдэг нь үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг улам бүр нэмэгдүүлдэг ажээ.

ОНГОЦ ЖОЛООДОЖ БУЙ МЭТ ГАЙХАЛТАЙ МЭДРЭМЖ

“Турк эйрлайнс” компанийн нисэгчид Нислэгийн сургуульд байнга сургалтын дадлага туршлага хийнэ. Энэхүү академи нь онгоцны материалаар хийгдсэн зориулалтын  22 ширхэг кабинд хичээл сургалтаа явуулдаг байна. Нисэгчид зургаан сар тутамд сургалт хийж, нислэгийн аюулгүй байдлыг хангах, ур чадвар, авьяас мэдрэмжээ хөгжүүлэхэд чиглэлээр мэдлэг мэдээлэл өгдөг ажээ. Нэг нисэгч зургаан сарын турш дадлага хийхдээ өдөрт дөрвөн цагаар тогтмол хичээллэдэг байна.

Бид зориулалтын сургалтын кабинд орж сонирхон, нисэгчийн суудалд тухалж үзлээ. Урд талын цонхоор харахад яг л бодит амьдрал дээр онгоц жолоодож буй мэт мэдрэмж төрсөн юм. Газраас хөөрч газарт буух, үүл манан дунд орж, үүлэн дээгүүр нисэхээс эхлээд хадтай цохиотой газар тэртээ доор харагдах нь сүрдэм байсныг нуух юун.

Зах хязгаар нь үл харагдах их далайн дээгүүр нисэх нисэгчээс ямар их тэвчээр, эр зориг, хатуужил, авьяас мэдрэмж шаарддаг нь харагдаж байлаа.

Л.ЧИМГЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
8
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-18 203.91.115.55

турк бол хогийн улс шүү өчнөөн монгол хүн алуулсан

Avatar

Зочин 2020-02-18 66.181.191.204

ОРК

Avatar

Геолог 2020-02-18 66.181.161.5

Дэлхийн хамгийн сайхан байрлалыг Туркууд авсан гэж үздэг

Avatar

Зочин 2020-02-18 192.82.65.168

turk shan oron shuu

Avatar

Зочин 2020-02-18 192.82.65.168

хоол нь гоё юм бна лээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж