НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2015.10.30-нд нийтлэгдсэн

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо

Нэгдсэн үндэсний байгууллагын(НҮБ) Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулган дээр болсон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүдийг сонгох сонгуульд манай улс ялалт байгуулж, сонгогдсон нь энэ долоо хоногийн онцлох үйл явдлын нэг байлаа. Энэхүү хурал энэ сарын 28-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо болсон бөгөөд өнөөдөр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнөөдөр бид бүхэн АНУ-аас ирээд энэхүү мэдээллийг хийж байна. Энэ сарын 28-ны өдөр буюу өнгөрөгч гурав дахь өдөр Нью-Йорк хотноо НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр Монгол Улс сонгогдлоо. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулган дээр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн орнуудыг сонгох сонгуульт ажил явагдсан. Энэ зөвлөлд нийт 47 гишүүн орон байдаг. Эндээс 18 гишүүнийг сольсон байгаа. Ази, Номхон далайн бүлэгт 5 суудал өгсөн. Үүнд 7 орон өрсөлдөж, Монгол Улс 192 орноос 172 орны саналаар нэгдүгээр байрт жагссан. Манай улстай өрсөлдсөн орнуудаас АНЭУ 159, Киргиз 147, БНСУ 136, Филиппин 113 улсын саналаар удаалан Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. Пакистан, Лаос улс саналаараа орж чадаагүй. Манай улс энэхүү сонгуульд анх 2012 онд Л.Болд сайдын үед нэрээ дэвшүүлж байсан. Энэ том сонгуульд өнөөдөр Монгол Улс ялалт байгуулж байгаа нь манай улсын нэр хүнд Олон улсын хэмжээнд ямар түвшинд байгааг харууллаа. Энэ маань олон жил ажилласан дипломатуудын маань ажлын үр дүн юм.

Тэрбээр цааш хэлэхдээ “Бид 2016-2018 онд Женевт байрладаг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд ажиллахаар болж байна. Хүний эрхийг хамгаалах чиглэлээр Олон Улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулах, Олон улсын хэмжээнд шийдвэр гаргах түвшинд ажиллах боломжтой болж байгаа. Бидэнд одоо хүн хүч тавих анхаарал гарч байна. Эндээс манай залуу дипломатич, хуульчид, хүний эрхийн чиглэлээр мэргэших, Олон улсын бодлогод оролцох, туршлага судлах, Монгол Улс өөрийнхөө нэр хүндийг өсгөх боломж олдож байгааг бид анхаарах болсон. Сүүлийн 25 жил бид ардчилал, хүний эрхийг хангах талаар ардчилалын замаар амжилттай яваа нь манай улсын нэр хүнд Олон улсын хэрхэн хүлээн зөвшөөрөгдсөн нь харагдлаа. Санал асуулга нууцаар явагдсан. Маш олон орон бидэнд итгэж саналаа өгсөн нь бидний нэр хүндийн асуудал болж байна. Одоо бидэнд энэ итгэлийг алдахгүй ажиллах үүрэг тохиож байна гэсэн үг.” юм.

БЭЛТГЭСЭН: Ч.БОЛОРЧУЛУУН, Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж