В.Жириновский: Кавказ бол Оросын хүзүүн дэх дөнгө

Хуучирсан мэдээ: 2010.07.29-нд нийтлэгдсэн

В.Жириновский: Кавказ бол Оросын хүзүүн дэх дөнгө

Сүүлийн үед Орост үндэстэн хоорондын зөрчилдөөн нэмэгдэж, энэ нь хурц асуудал үүсгэж байгаа юм. Энэ талаар ОХУ-ын Думын гишүүн В.Жириновскийн “Русская служба новостей” радиод өгсөн ярилцлагаас та бүхэнд хүргэлээ.

-Та Кавказын бүс нутгийг Оросын хүзүүн дээрх дөнгө гэж нэрлэсэн нь үнэн үү?

-Ямар утгаар тэр гэж. Энэ асуудал хэдэн зууны түүхтэй. Та бүхэн хаант засаг, зөвлөлтийн үеийг хараад үз. Тэр үед ч гэсэн маш олон асуудал байсан. Тэр бүхэн нь газар зүйн онцлог байдлаас нь үүссэнээс биш олон муу хүн байдгаас болсон юм биш. Жишээ нь Палестин, Израил хоёрыг аваад үзье л дээ. Тэд жаран жилийн турш нэг ч асуудал дээр тохиролцож чадахгүй байна. Курдууд ч гэсэн зуун жилийн турш тохиролцож чадаагүй. Абхаз, гүрж, армен, азербайжан гээд … Тиймээс хаа сайгүй л тохиролцож чаддаггүй тийм цэг олон байна. Энэ байдлыг нь харгалзан үзвэл Кавказын бүс нутаг нь газар зүйн хувьд манай хамгийн хүнд бүс нутаг юм. Тэнд хоорондоо эрс ялгаатай ард түмнүүд амьдардаг. Энэ үнэлгээнд аль нэг ард түмнийг буруутгах зүйл байхгүй харин газар зүйн хувьд бол байгаа.

-Оросын хувьд дөнгө гэж байгаа юм бол энэ дөнгийг аль нэг тийш нь болгож шийдвэрлэх хэрэгтэй биз дээ. Дөнгийг гол төлөв авч хаядаг?

-Оросын төв хэсгийн болон Кавказын ард түмний хооронд хагаралдан дайсагнах үйл явц гарахаас сэргийлэх хэрэгтэй. Яагаад энэ бүхэн болж байна гэж үү. Чеченьд нэг дэх, хоёр дахь гэж нэрлэдэг цэргийн ажиллагаа болсон. Дээр нь Дагестан, Кабардин-Балкар дахь үйл явдлууд болсон. Энэ бүхэн нөлөөлөх нь гарцаагүй. Ахмад үеийнхэн гэхдээ 1944 онд тэднийг хүчээр эх орноос нь нүүлгэснийг санаж л байгаа. Кавказын түүхийн хувьд тэдний үздэг сурах бичигт тэнд болсон дайны тухай байгаа. Тэнд дайн маш удаан бараг 30 жил үргэлжилсэн. Тиймээс гацаа бүрт нь урьд болсон зэвсэгт тулааны ул мөр байдаг. Тэднээс цэргийнхэн, хохирогчидтой нэлээд хэсэг нь хамт байсан. Орос хүний цус ч их урссан. Энэ бүхнийг уламжилж авсан нь нөлөөлж байна.

-Кавказын хувьд тийм байж. Тэгвэл тэд нэг янз байдаг. Бид өөр болохоор хоорондоо тохирохгүй гэсэн үг үү?

-Хаант засгийн үед нэг давуу тал байлаа. Тэр үед газар нутгийн хувьд зааглагдаагүй байсан. Тэгэхэд Гүржийн муж гэж л байсан шүү дээ.

-Үндэстэн хооронд хил зааг байгаагүй юу?

-Үндэстэн хооронд газар нутгийн зааг байгаагүй. Гэхдээ тэд нэг хязгаар нутгийн хүрээнд л байсан. Тэгэхээр оросууд бид энд, кумызууд тэнд, нагайчууд тийшээ, осетүүд ийшээ гээд нарийн ялгах боломж байгаагүй. Харин Зөвлөлт засаг  үндэстнүүдийг заагласан торон хашаа байгуулсан. Энэ л тэдэнд хоёр үндэстний улс байгуулах боломж олгосноор дээрх асуудал бий болсон. Жишээ нь энэ бол миний  Чечень, миний Дагестан, харин энэ бол Орос гэж хэлэх боломжтой болсон. Үүнийг бид шийдэж чадаагүй байгаа. Ардчилсан хувьсгалын явцад бид үндэстэн хоорондын заагийг хүчингүй болгочихсон бол маш том давуу талтай болох байлаа. Гэтэл бид торийг нь хадгалж үлдсэн. Одоо ард түмнүүд илүү эрх олж авахыг хүсэх болжээ. Зарим үндэстний бүс нутаг татвар бага төлдөг шүү дээ. Тэдэнд төвөөс маш их мөнгө өгдөг хэрнээ асуудал нь огт шийдэгддэггүй. Тэр бүхэн нь оросуудын зүгээс элдэв хардлага бий болгож, ямар ч үр дүн гарахгүй байхад бүс нутгуудад мөнгө хаях ямар хэрэгтэй юм гэсэн асуулт тавьдаг.

-Нэг сонсогч маань тэд хэвийн харилцааг ойлгодоггүй юм. Хүчээр л хандах хэрэгтэй гэж байна?

-Энэ бол уулынхны соёл иргэншилтэй илүү хамаатай. Тэнд хүмүүс маш бага орон зайд, цэнгэлдэх хүрээлэн, театр, номын сангүй зөвхөн амьдрах байртай нөхцөлд амьдардаг. Тэнд бүх шийдвэрийг гол төлөв ахлагч нар буюу эрэгтэйчүүд гаргадаг болохоор эмэгтэйчүүдийн эрх хязгаарлагдмал. Энэ бүхэн нь өнгөрсөн үед хэрэглэж байсан хүч хэрэглэх үйлдлүүдтэй холбоотой.  Хүнд асуудал л даа. Одоо ч гэсэн байгаа. Тэд уулнаасаа бууж тал газар амьдарвал өөр хэрэг. Чеченьчүүд болон Умард Кавказын бусад ард түмнээс Москвад амьдарч байгаа хэсэг нь бүрэн ууссан. Тэд биднээс огт ялгардагггүй. Яах вэ, овог нэр, гадаад төрх нь жаахан өөр байдаг. Гэхдээ харилцаа, соёлын хувьд хэн ч түүнийг нь анзаардаггүй. Жишээ нь манайд Мазлоев  гэдэг осети эр байсан. Бид түүнийг осети гэдгийг бүр мартчихсан байж билээ.

-Та Москвад энэ бүхэн тэгж мэдрэгддэггүй гэж байна. Гэхдээ л Оросын хүзүүн дээрх дөнгө гэсэн шүү дээ. Та Кавказыг тусгаарлах гэсэн юм уу?

-Салан тусгаарлах тухай яриагүй. Харин ийм асуудал байна гэдэг тухай ярьсан юм. Бүгд үүнийг мэдэрч, тэд ч гэсэн мэдэрч байна. Бид Чечений тухай дурсахдаа Дудаев, Басаев зэрэг зэвсэгт дайчдыг нь боддог. Гэтэл Махмуд Исанбевыг хэн ч дурсдаггүй. Тэдний хамгийн шилдэг бүжигчин шүү дээ. Тэр хүн ЗХУ-д хамгийн шилдэг бүжигчин байсан. Бид түүнийг чечень гэдгийг ерөнхийдөө мэддэг л байсан. Гэхдээ ЗХУ дахь аль ч тоглолтын танхимд “Махмуд Исанбаев бүжиглэнэ” л гэж зарладаг байсан.

-ЗХУ-ын Ардын жижигчин үү?

-Тийм ээ, Ардын жүжигчин. Тэрбээр оросоор маш сайн ярьж, байнга инээмсэглэдэг байсан. Харин одоо түүнийг Чечений ард түмний амжилт гэж танилцуулдаг. Дагестаны хувьд мөн адил. Яруу найрагч Расул Гамзатов дууны үгийг нь оросоор бичиж байсан. Харин одоо “зэвсэгт дайчид дэлбэллээ, амиа золиослогч тэглээ…”гэх мэт мэдээ хүмүүст нөлөөлж байна.

-Та энэ талаар хуулийн төсөл санаачлах уу?

-Хууль зүйн талаар ямар санаачилга байж болно гэж. Бид харин ч эсрэгээрээ хурцадмал байдлыг нэмэгдүүлэхгүй талаас нь арга хэмжээ авах хэрэгтэй. Яагаад гэвэл, залуу үе өсч байна. Хэрэв тэд өөрсдийгөө Орост гадны хүмүүс шиг мэдэрч, оросууд Дагестанд үлдэж амьдрахыг хүсэхгүй байвал өөр хэрэг. Дагестанд маш олон цэргийн албан хаагч байдаг. Тэд цэргийн албаа дуусгаад тэндээ амьдрахаар үлдэж байвал хоорондын зааг ялгаа нь багасч, нэг нэгэндээ уусах үйл явц бий болно.  Статистик тоо баримтаас үзэхэд, Карачаев-Черкесийн нутгаас оросууд олноороо нүүж эхэллээ. Кабардин-Балкарын нутагт мөн адил дүр зурагтай байна. Гучин жилийн өмнө намайг Кавказад алба хааж байхад Зөвлөлтийн бусад нутагтай харьцуулахад Гүржээс хамгийн олон орос иргэн нүүн гарч байв. Гэвч энэ асуудлыг нууж, огт ярьдаггүй байсан. Зүгээр л статистик тоо байсан юм. Надад ч гэсэн үлдэх хүсэл төрөөгүй. Би Умард Кавказын бусад ард түмнийг гомдоохгүйн тулд Гүржийн тухай ярьж байгаа юм. Арменд ч гэсэн ижил дүр зурагтай байна. Бид тэдэнд тусалж байгаа боловч үнэндээ бол тэд бусдаасаа хамгийн түрүүнд Арменаас оросуудыг шахан гаргасан юм.

-Үндэстэн хоорондын зааг ялгааг арилгах хэрэгтэй юм байна, тийм үү?

-Тийм ээ, янз бүрийн хувилбарыг авч үзэх хэрэгтэй. Коммунистууд “Ард түмнүүдийн найрамдал сайн” гэж хэлдэг бол бидэнд энэ талаар нэгдсэн ойлголт байх ёстой. Үндэстэн байгаа цагт хүмүүс ямар нэг байдлаар өөрийгөө ялган илүү эрх дарх олж авахыг оролдох болно. Тиймээс хоорондоо дайсагналцан сөргөлдөхгүй байх хувилбарыг эрэлхийлэх хэрэгтэй. Хамгийн гол нь газар нутгийн заагийг арилгах хэрэгтэй гэж боддог. Ингэснээр Оросын иргэн хаа ч явсан Оросын иргэн гэдгээ мэдэрч байх ёстой. Хаа ч гэсэн ямар нэг давуу тал, ахиц гарч байх ёстой. Соёл, хамтын цугларалтын хувьд ч гэсэн. Сургуульд гэхэд “Бид бүхэн гэж хэн бэ” гэсэн сургалт явуулж болно. Уугуул ард түмэн гэх бид хэн юм гэх мэт. Зарим ард түмэн оросуудаас ч илүү эртний түүхтэй байдаг. Гэтэл энэ талаар тусгай курс алга. Манай улсыг хэрхэн байгуулж байсныг хэн ч мэддэггүй. Хаант Оросын үед энэ асуудлыг хэчнээн сайн шийдэж байсан билээ. Харин одоо Зөвлөлт засгийн үед хийсэн алдааг засч, энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. 

Д.МӨНХБОЛД

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж