Популистуудын эрин үе иржээ

Хуучирсан мэдээ: 2020.02.18-нд нийтлэгдсэн

Популистуудын эрин үе иржээ

Популистуудын эрин үе иржээ

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар иргэдийн ардчилалд итгэх итгэл буурч, ардчилалд сэтгэл дундуур байх хандлага их болжээ. Үүний нэг том хүчин зүйл бол улс орнуудыг хэт популистууд удирдаж байгаа явдал юм. Популизм ардчиллын дайсан гэдэг. Эсрэгээрээ ардчилал байгаа газар популистууд оршсоор байдаг ч гэж ярьдаг.

“The Guardian” сонин 20 жилийн турш дэлхийн 140 удирдагчийн илтгэлийг судалсны эцэст доорх дүгнэлтэд хүрчээ. Нийт 40 орны Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, Канцлеруудын илтгэлд үндэслэн хийгдсэн судалгаагаар популист удирдагчдын тоо 2000-аад оны эхэн үеэс хойш хоёр дахин нэмэгдсэн байна. Түүнчлэн энгийн улс төрчид ч аажмаар популист болж байгааг харж болохоор байгаа юм.

Энэхүү төслийг популизм судлалд “текстийн шинжилгээ”-г анх нэвтрүүлсэн улс төр судлаач олон улсын эрдэмтдийн “Team Populism” баг удирдан явуулжээ. Ингэхдээ удирдагч бүрт буюу судлагдахуун бүрийн хэлсэн үгэнд хэр их популист санаа бүхий текст агуулагдаж байгаагаар оноо өгч дүгнэсэн байна. Тэднийг популист биш, хэт популист гэх хоёр туйлын хооронд 0-2 оноогоор хэмжжээ. Нийт 40 орны популизмын дундаж оноо 2000 оны эхэн үеэс 0,2 байсан бол өнөөдөр 0,4 болж өссөн байгаа юм. Харин бага зэрэг популист гэх ангилалд багтсан удирдагчдийн тоо 0,5 ба түүнээс дээш оноо авсан байна.

Уг судалгаанд Венесуэлийн удирдагч асан Уго Чавез тэргүүлж, хамгийн орчин цагийн, хамгийн популист удирдагчаар нэрлэгдсэн бол тус улсын удаах удирдагч Николас Мадуро түүний энэхүү “сөрөг” амжилтыг өвлөн авчээ.

Эквадорын Рафаэль Корреа, Боливийн Эво Моралес, Чехийн Мирек Тополанек нар засгийн эрхэнд гарч байх үед буюу 2006-2009 онд популист улстөрчдийн тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн. Туркийн Режеп Тайип Эрдоган, Оросын Владимир Путин нар ч мөн популист арга барилаар ажилладаг удирдагчдын тоонд багтана.

Популистуудын хамгийн том сэргэн мандалт нь сүүлийн таван жилийн хугацаанд буюу АНУ-ын Дональд Трамп, Энэтхэгийн Нарендра Моди, Мексикийн Андрес Мануэль Лопез Обрадор, Бразилын Жаир Болсонаро нар засгийн эрхэнд гарсан он жилүүд байв. Тэд одоохондоо “алтан дундаж”-д багтаж байна.

Судалгааны ажлыг удирдсан Бригам Янгийн их сургуулийн дэд профессор Кирк Хокинс "Сүүлийн 250 жилийн турш популизмын давалгаа байсаар ирсэн. АНУ зэрэг улс оронд гуравдагч этгээдийн зүгээс популизмыг улам нэмэгдүүлж байгаа харагддаг. Гэхдээ Европ, Хойд Америкийн ихэнх орнуудын хувьд шинэ давалгаа гарч ирж байна. Ялангуяа Латин Америкт популизмын түвшин улам нэмэгдсээр байна" хэмээн хэлжээ.

Профессор Хокинс дээрх судалгааг хийхдээ 13 өөр хэл дээрх текстийг шинжлэхийн тулд 46 мэргэшсэн судлаач эрдэмтдийг хөлсөлсөн байна. Эдгээр эрдэмтэд удирдагчдын бүрэн эрхийн хугацаан дахь дөрвөн илтгэлд дүн шинжилгээ хийж, популизмын оноог нь гарган авчээ. Ингэхдээ Ерөнхийлөгч, эсвэл Ерөнхий сайд болохоос өмнөх яриануудыг одоогийнхтой нь харьцуулан судалсан байна.

Тун удахгүй дээрх судалгааг багтаасан дэлхийн популизмын нэгдсэн мэдээллийн санг бий болгохоор ажиллаж байгаа ба энэ нь популизмыг судлах хүсэлтэй эрдэмтэн судлаачид, сэтгүүлчид, бодлого боловсруулагчдад нээлттэй эх сурвалж болох юм.

Польшийн Дональд Туск, Их Британийн Дэвид Камерон, Бразилийн Луиз Инасио Лула да Силва, Германы Ангела Меркель зэрэг удирдагчид "популист биш" гэх ангилалд багтжээ. Харин Италийн Сильвио Берлускони гэх мэт удирдагчид “дунд зэргийн популист", Чехийн Тополанек "популист", Латин Америкийн зүүний хүчний Чавез, Мадуро, Моралес, Корреа зэрэг удирдагчид "хэт популист" удирдагчаар нэрлэгдсэн байна.

Туркийн удирдагч Эрдоган “хэт популист” ангилалд багтсан цорын ганц Латин Америк биш удирдагч болсон бөгөөд тэрбээр анх 2003 онд төрийн эрхэнд гарах үедээ “популист биш” гэсэн ангилалд багтаж байв. Үүнтэй адил Оросын Ерөнхийлөгч Владимир Путин 2008 онд Ерөнхийлөгчөөс огцорч, Ерөнхий сайд болох үеэс эхлэн популист үг хэллэг ихээр ашиглах болжээ. Унгарын Виктор Орбан 2002 онд популист байгаагүй ч 2010 онд засгийн эрхэнд эргэн ирснийхээ дараа Европын хамгийн популист Ерөнхий сайдын нэг болсон байв.

2000-аад оны эхээр хэд хэдэн орныг “бага зэрэг популист” удирдагчид удирдаж байсан ба үүнд Эквадор, Латви, Парагвай, Хорват улсууд багтаж байв. Харин өнөөдөр энэ жагсаалтад Турк, Мексик, Бразил, Энэтхэг, Орос, АНУ зэрэг хэд хэдэн томоохон улс орнууд хүч түрэн орж иржээ.

Мөн “бага зэрэг популист” удирдагчтай улс орны хүн амын тоо 17 жилийн өмнө 120 сая байсан бол өдгөө хоёр тэрбум давсан байна. Түүнчлэн популист улс төрийн намуудад өгөх саналын тоо 1998 оноос хойш гурав дахин нэмэгдсэн байна. Сүүлийн 20 жил ганц ч популист удирдагтай байгаагүй 15 орон байгаа ба үүнд Герман, Норвеги, Швед, Уругвай, Чили, Франц, Испани, Австри, Нидерланд, Канад зэрэг улс орнууд багтжээ.

Эх сурвалж:  GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж