Шөнийн нойроо бүтэн авахын тулд яах вэ?

Хуучирсан мэдээ: 2015.10.30-нд нийтлэгдсэн

Шөнийн нойроо бүтэн авахын тулд яах вэ?

Өдөржингөө завгүй ажиллаж арай гэж нэг унтахаар хэвттэл нойр чинь хүрэхгүй сэрвэлзээд байна уу? Шөнийн ихэнхийг орондоо хөлбөрч үүрээр түр дугхийсэн хүмүүсийн сэтгэл санаа, тэр өдрийн ажлын бүтээмж ямар байх нь ойлгомжтой. Тэгвэл яаж эрүүл, зөв нойрсох вэ?

Нойр бол мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагаа, даралтыг тогтвортой байлгах, биеийг эрүүл байлгахын үндэс юм. Орчин үеийн хүмүүс ихэнхдээ хоногт 2-оос доошгүй цаг , зарим нэг нь ч бүр 3-4 цаг дутуу унтаж, энэ нь эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөж, уцаараламтгай, өвчлөмтгий, ужиг ядаргаатай болгож тэр ч бүү хэл үргүйдэлд хүргэж байгааг судалгаагаар тогтоожээ. Бидний бие организм ядаргааг хуримтлуулсаар, нойроо нөхөж авч амарч чадахгүй бол аажмаар гүн бухимдалд нэрвэгдэх аюултай. Дээр үед хүн хоногт 8 цаг унтахад л хангалттай гэдэг байсан бол техник технологи өндөр хөгжсөн, стресс ихтэй өнөө үед хоногт дор хаяж 9-10 цаг унтахгүй бол бидний тархи өдрийнхөө ачааллаас ангижирч, өөрийгөө нөхөн сэргээж амждаггүй байна.

Биохэмнэл ёсоор биднийг унтаж байх үед 22-24 цагийн хооронд арьс шинэчлэгдэх процесс явагддаг бөгөөд энэ үед унтаагүй сэрүүн байх юм бол байгаль эхийн бидэнд үнэгүй өгч байгаа сайхан боломжийг алдаж байна гэсэн үг. Харин 24 цагаас үүрийн 04 цагийн хооронд бидний биед стрессийн эсрэг гормон ялгардаг бөгөөд энэ үед унтаагүй байвал дээрхийн нэг адил нөхөгдөшгүй сайхан боломжоо алдана. Тэгэхээр дор хаяж шөнийн 22 цагаас өглөөний 07 хүртэл унтаж байж ямар ч гоо сайхны салон, эмчийн бидэнд өгч чадахгүй эрүүл сайхан арьстай байж, уур уцааргүй тайван сайхан амьдрах боломжтой болно.

Сайн унтаж амрахын тулд зүгээр л хөнжилдөө ороод нүдээ аниад болоо гэвэл тийм биш. Унтлаганы өрөөнд, орныхоо хажууд зурагт, компьютер, монитор, хөгжим зэргийг байрлуулах нь нүдэнд үл үзэгдэх хортой туяа цацруулж нойрсоход чинь саад болдог. Унтлаганы өрөөнд болж өгвөл орноос өөр зүйл байлгах хэрэггүй бөгөөд хэдийчинээ зай ихтэй байна, төдий чинээ агаарын урсгал сайн байж сайхан нойрсох нөхцөл бүрдэнэ. Агаарын урсгалын эргэлдэх хөдөлгөөнд саад болдог учраас унтлаганы өрөөндөө хивс, хивсэнцэр дэвсэхгүй байвал зохино. Түүнчлэн ханын цаас, тааз нь аль болох зөөлөн, цайвар ногоон, цэнхэр зэрэг өнгөтэй, хөшиг нь нягт эдээр хийсэн гаднаас гэрэл тусахгүй байвал зүгээр. Өрөөний хэм 18-20 градус, утаагүй үед аль болох салхивчаа онгорхой унтаж, өвлийн цагт ойр ойрхон цэвэр агаар оруулж бай. Учир нь таныг унтаж байх үед тархи чинь ажиллаж, өнгөрсөн өдрийн мэдээллүүдийг эмхэлж цэгцэлж байдаг учраас хангалттай хүчилтөрөгч хэрэгтэй байдаг. Өрөөндөө болж өгвөл халаах төхөөрөмж нэмж тавьсны хэрэггүй, энэ нь агаарыг хуурайшуулж, амьсгалах ёстой хүчилтөрөгчийг чинь шатааж байдаг. Ор чинь цэвэр металл юмуу модоор хийсэн байвал зүгээр. Учир нь хуванцар эдлэлээс хүний эрүүл мэндэд хортой бодис ялгарч байдаг. Тэгээд аль болох хатуу матрас сонго. Орон дотроо ном уншихын ч , нөүтбүүк дээр ажиллахын ч хэрэггүй. Ор бол зөвхөн унтахад л зориулагдсан эд. Орны чинь толгой болж өгвөл хойд зүг рүү харж байвал зүгээр.

Аль болох цэвэр хөвөн даавуун юмуу торгон, борог даавуун цагаан хэрэглэл, унтлаганы хувцас хэрэглэж, угаахдаа хурц үнэртэй угаалгын нунтаг, ангижруулагч бүү хэрэглэ.

Унтахын өмнө юу хийж болохгүй вэ?
Унтахын өмнө зурагтаар мэдрэлийн системийг өдөөсөн кино, нэвтрүүлэг үзэх нь нойргүйдлийн нэг шалтгаан болдог. Түүний оронд ном унших юмуу сонгодог хөгжим сонсохыг хичээ. Хамгийн зөв арга нь унтахын өмнө цэвэр агаараар амьсгалах бөгөөд ингэснээр цусыг хүчилтөрөгчөөр хангаж, булчинд ачаалал өгдөг.

Унтахын өмнө юм идэх хэрэггүй, оройн хоолыг дор хаяж 3-аас доошгүй цагийн өмнө идсэн байвал зохино. Бүр юм идмээр санагдаад байвал аяга тараг уух юмуу бага зэрэг жимс, самар ид. Хэтэрхий өлсгөлөн унтах ч бас дэмий. Унтахын өмнө өтгөн цай, согтууруулах ундаа, кофейнтой ундаа уухыг хатуу хориглоно.

Адреналин нь мэдрэлийн системийг өдөөдөг учраас унтахын өмнө дасгал хийхийг хориглоно. Дээрх зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлж чадвал та сайн амарч, цовоо сэргэлнээр шинэ өглөөг угтаж, тэр өдрийн чинь ажил үйлс амжилт бүтээлээр дүүрэн байна гэдэгт итгээрэй. Тавтай сайхан нойрсоорой.

Эх сурвалж: www.goolingoo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж