Санхүүгийн шинжээчид ойрын ирээдүйд мөнгөний ертөнцийг криптовалютууд өөрчилнө гэдэгтэй санал нийлж буй юм. Өнөөдөр тэдгээрийн зах зээлийн үнэлгээ олон арван тэрбум доллараар үнэлэгдэж байгаа билээ.
Дэлхийн хүмүүс шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтын эсрэг чадах чинээгээрээ тэмцэж, вакцин гарган авахаар чармайн ажиллаж байна. Олон хүний амь нас авч одсон коронавирусийн хяналтыг дэмжих зорилгоор технологи хөгжүүлэгчид CoronaCoin криптовалют худалдаанд гаргасныг бид “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа онцоллоо.
Блокчэйн протоколуудын нэг эфириүм (Ethereum) дээр үндэслэн шинэ CoronaCoin крипто валют (NCOV)-ыг худалдаанд гаргажээ. Дэлхийн хүмүүсийн тооноос хамааран токен буюу тоон актив нь 7,604,953,650 болохыг “Reddit” дээрх бичлэгээс харж болох нь. Өдгөө CoronaCoin нь 0.002 ам.долларын ханштайгаар бирж дээр хөрвөх чадвар багатайгаар арилжаалагдаж буй аж.
Энэхүү технологийг хөгжүүлэгчид өөрсдийн албан ёсны вэбсайт дээр “Олсон орлогынхоо тодорхой хэсгийг Улаан загалмайн нийгэмлэгт хандивлах бөгөөд коронавирусийн аюул заналын талаар аль болох олон хүн мэдээсэй гэсний үндсэн дээр ажиллаж байна” хэмээн бичжээ.
Криптовалютын ханш
ШИНЭ ТӨРЛИЙН КОРОНАВИРУСИЙН ДЭГДЭЛТИЙГ НАМЖААХАД 42 САЯ ДОЛЛАР ШААРДЛАГАТАЙ
UNICEF-ээс коронавирусийн дэгдэлтийг намжаахад 42 сая доллар шаардлагатай гэж мэдэгджээ. Ухань хот дахь халдварт өвчний "Лэйшэньшань" эмнэлгийн ерөнхий эмч Ван Синхуань “БНХАУ дахь шинэ коронавирусийн дэгдэлт дээд цэгтээ хэдийнэ хүрчихсэн бөгөөд шинээр халдварласан тохиолдлын тоо аажмаар буурч байна. Цаашид нөхцөл байдал сайжирна” хэмээн хэлсэн байна.
Тэрбээр “Коронавирустэй эрчимтэй тэмцэх үе хэдийнэ ирчихээд байна. Халдвар авсан хүмүүсийн талаарх статистик мэдээллээр, бүртгэгдсэн тохиолдлуудын дийлэнх нь эрт илрүүлсэн ангилалд хамаарч байна. Миний ажигласнаар, өндөр хэмийн халуунтай байсан өвчтөнүүдийн тоо тав дахь өдрөө дараалан буурч байна” хэмээн тэрбээр ярьжээ.
Хятадаас гадна шинэ коронавирусийн халдвар хамгийн ихээр бүртгэгдэж буй орнуудын нэг нь Япон. Тус улсын Яокохама далайн боомтод байрлаж буй "Diamond Princess" аяллын усан онгоцны 175 зорчигчоос COVID-19 илэрснээс гадна Японы бусад бүс нутагт 30 халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Харин тус улсын засгийн газар 136 сая ам.долларыг энэ аюулт вирусийн тархалттай тэмцэхэд зарцуулахаар баталжээ.
Энэхүү тусламжийн багцаас зарим хөрөнгийг бичил бизнес, тэр дундаа аяллын компаниудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор олгохоор болсон байна. Шинэ коронавирусийн тархалтын улмаас санхүүгийн хохирол амсаж, үйл ажиллагаа нь зогсонги байдалд ороод байгаа компаниудад ийнхүү Японы засгийн газар гар сунган тусалж байна.
КРИПТОВАЛЮТЫН ЭРГЭЛТ 60 ТЭРБУМ ДОЛЛАР ДАВАВ
Криптовалют гэж хувь хүмүүс хоорондын солилцоонд оролцдог шифрлэгжсэн зохицуулалтгүй цахим валют юм. Эдгээр мөнгөн тэмдэгтүүд нь биет хэлбэрээр байдаггүй бөгөөд өгөгдөл хэлбэрээр хадгалагддаг цахим хөрөнгийг илэрхийлдэг. Тэд цахим шуудан илгээхтэй адилхан аргаар танд мөнгө шилжүүлэх боломж олгодог. Энэ нь банкны шилжүүлгийг ашиглахтай харьцуулвал хамаагүй бага цаг хугацаа, бага хураамж шаарддаг, банкны карт болон бусад зуучлагч нарыг ашигладаггүй.
Криптовалютын зах зээл маш хурдан өөрчлөгдөж, зарим криптовалют шинээр бий болж, зарим нь алга болсоор байна. Криптовалютын хүмүүсийг татдаг зүйл бол өөрсдийн мөнгийг үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн уналтаас хамгаалах явдал юм. Улам их өсч буй жижиглэн худалдаа эрхэлдэг дэлгүүрүүд нь Bitcoin болон бусад цахим валютуудыг төлбөрийн хэлбэр болгон хүлээн авч эхэлсэн бөгөөд Япон зэрэг улс орнуудад валютыг төрийн түвшинд албан ёсоор баталсны ачаар хүмүүс үүнийг илүү их ашиглаж буй.
Эхэндээ Bitcoin-ийг голдуу ил бус ажилладаг сайтууд дээр хүлээн авдаг байсан нь аажмаар хүлээн зөвшөөрөгдөж, онлайн болон энгийн жижиглэн худалдааны дэлгүүрүүдэд хүлээн зөвшөөрөгдсөн бүрэн хэмжээний валют болжээ. Улам олон аж ахуйн нэгж үүнийг төлбөрийн хэлбэр болгон хүлээн авч эхлэх тусам илүү богино хугацаанд энэ нь санхүүгийн ертөнцийг өөрчилж, засгийн газар болон банкуудын анхаарлыг татах боломжтой шинэ бүтээгдэхүүн юм.
Ерөнхийдөө криптовалютын зах зээлийн үнэлгээ дээд амжилтад хүрч, эргэлт нь 60 тэрбум доллараас дээш хэмжээтэй байгаа нь хүмүүс криптовалютыг судалж эхэлсэн, хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгон авч үзэж байгаатай холбоотой юм.
Эх сурвалж: REUTERS, CRYPTOPOTATO, MEDIUM
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ