Наймаачид хохирч, түрээслүүлэгчид хожиж байна

Хуучирсан мэдээ: 2020.02.18-нд нийтлэгдсэн

Наймаачид хохирч, түрээслүүлэгчид хожиж байна

Наймаачид хохирч, түрээслүүлэгчид хожиж байна

Шинэ төрлийн вирус дэлхий дахинд аюулын харанга дэлдэж, иргэдээ эрсдлээс хамгаалах үүднээс төр засгаас  хөл хорио тогтоосон энэ үед монгол түмэн уламжлалт баяраа гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, төмөр хулгана жилээ угтахаар болж байгаа юм. Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жил төрт ёсны их баярыг тэмдэглэхийг “хориглосон” ч айл бүр  дор бүрнээ тавгийн идээ, гоёлын дээлээ сэмхэн зэхсээр.

Өвчин  тахалгүй, хөл хорио тогтоогоогүй бол сар шинийн баяраар үйлчилгээнийхэн ч орлоготой, худалдан авалтай сайтай байдаг.  Сар шинэ өнгөтэй өөдтэй угтах гэсэн хүмүүсийн хөлд зах дэлгүүр дарагддаг байлаа.  Ингээд "Бөмбөгөр" худалдааны төвийг зорьсон юм. Үүдээр нь ороход  хөл гишгэх зайгүй хүмүүс зөрөлдөж, наймаачид амрах ч завгүй байдаг бол энэ жил тус захаар хөл хөдөлгөөн багатай байлаа.

"Алтжин Бөмбөгөр" худалдааны төвд хүний хөл багатай, үйлчлүүлэгчгүй шахуу хоосон танхимд худалдагчид "зүгээр" сууна. Ном уншиж, утсаа “маажиж”, зарим нь ойр зуурхныг ярьж цаг нөхцөөж байх.  Худалдаачид "зүгээр" суухын хэрээр  түрээсээ яаж төлөх вэ гэсэн бэрхшээл учирч байгаа аж.

ОРЛОГО БУУРЧ, ТҮРЭЭСЭЭ ТӨЛЖ ДИЙЛЭХГҮЙД ХҮРЧЭЭ

Түрээслэгчдийн энэ хоёрдугаар сард  орлого багатай,  худалдан авагч харуулдаж өдрийг барсаар түрээсэндээ “шатаж” байна гэдгийг хэлж байв. Тус төвд лангууны түрээсэнд сард дунджаар 600 мянгаас  нэг сая хүртэлх төгрөг төлдөг байна. Гэвч түрээсээ ч төлж дийлэхгүй, алданги хүү өдрийн 10-20 мянга тооцуулахад хүрчээ. Ийнхүү орлого буурсан нь худалдагч нарт ч хамаатай. Борлуулалтын орлогоороо урамшууллаа тооцуулдаг худалдагч нар цалингаа бүтэн авч чадахгүйд хүрчээ.

"Алтжин Бөмбөгөр" худалдааны төвийн түрээслэгч Б.НЯМГЭРЭЛ: 

-Цагаан сарын худалдан авалт өмнөх жилүүдтэй харьцуулахад муу байна. Орлого эрс буурсан. Өдөртөө 100-200 мянган төгрөгийн бараа чадан ядан зарна. Зарим үед 100 мянган төгрөгийн ч орлогогүй хоосон үе байна. Хүмүүс цагаан сарын бэлгэнд түлхүүрийн оосор, эсгий бойтог, шаахай бөөндөж авдаг юм. Энэ жил цагаан сарыг хориглосон болохоор бэлэг бэлдэх хүн ховор байна.  Уг нь цагаан сарын үеэр өдөрт 700-800 мянган төгрөгийн орлого олдог. Миний хувьд орлогоороо цалинжиж ажилладаг болохоор борлуулалт шууд хамаатай. Орлого муудвал цалин буурна. Бага цалингаар зээлээ төлж, амьдарч хүчрэхгүй. Тухайлбал, сард 700-800 мянган төгрөгийн цалин авдаг байсан бол одоо 500-600 мянган төгрөг авч байна гэсэн үг. Ажил олгогчийн зүгээс худалдан авалт буурсныг ойлгож байгаа. Ер нь аль аль талдаа л хэцүү байна. "Алтжин Бөмбөгөр" гэхэд түрээс нь дунджаар нэг сая төгрөг юм билээ.

ТҮРЭЭСЭЭ ХУГАЦААНД НЬ ТӨЛӨХГҮЙ БОЛ ӨДРИЙН ХҮҮ 20 МЯНГАН ТӨГРӨГ ТООЦНО

"Алтжин Бөмбөгөр" худалдааны төвийн түрээслэгч А.МӨНХБАЯР:

-Цагаан сар болоход долоо хоног  үлдлээ. Цагаан сарын өмнө өдөрт нэг сая төгрөгөөс дээш орлого олдог байсан бол одоо 200 мянган төгрөгийн орлоготой харьж байна. Энэ жил халдварт өвчин дэгдсэнтэй холбоотой хил хаагдаж, бараагаа ч авч чадахгүй болсон. Орлого эрс буурсан. Хөл хорио тогтоосон, худалдан авалт муудсан үед түрээслүүлэгчид уян хатан хандах ёстой. Ядаж түрээсийн үнээ бууруулмаар байна. Бид түрээсэнд сард дунджаар нэг сая төгрөг төлдөг. Ашиг олох нь бүү хэл зарлагаа нөхөж дийлэхгүй байдалтай байна. Гэтэл түрээслүүлэгчид эсрэгээрээ үнээ буулгахгүй, дээр нь хугацаандаа өгч чадахгүй болд өдрөөр нь алданги тооцож хүү бодно. Хүү нь өдөрт 20 мянга төгрөг. Энэ бол бидний хувьд их алдагдалтай гэлээ.

ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨРТ  5-12 САЯ ТӨГРӨГ ТӨЛЖ БАЙНА

Хотын төвд байрлах Улаанбаатар Их дэлгүүрт худалдан авалт ямархуу байгааг сонирхлоо. Тус дэлгүүрт ч бас хүний хөл хөдөлгөөн бага, ихэнх бараандаа 30-70 хувийн хямдрал зарлажээ. Худалдагчдын хэлснээр бараандаа хямдрал зарлахгүй л бол орлогогүй аж. Тус дэлгүүрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд түрээсэнд хамгийн багадаа таван сая, түүнээс дээш төлдөг байна. Гэвч хөл хорио тогтоосон энэ үед түрээсийн төлбөр бас л асуудал болжээ.

Ангар” брэндийн худалдагч М.НЯМ-ЭРДЭНЭ:

-Улс орон даяар онцгой дэглэм тогтоосон ийм үед "Улаанбаатар" их дэлгүүрийн зүгээс уян хатан бодлого барьж, түрээсийн үнээ буулгах ёстой. Манайх түрээсийн төлбөрт таван сая төгрөг төлдөг. Тиймээс манай удирдлагууд дэлгүүрт түрээсийн үнээ буулгах талаар албан ёсны хүсэлтээ өгсөн байгаа. Миний хувьд борлуулалтын орлогоороо цалинжиж ажилладаг болохоор худалдан авалт эрс буурсан. Үйлчлүүлэгчдийн хувьд  аль болох хямдралтай барааг сонирхож, худалдан авахыг зорьж байна. Өдөрт 300-400 мянган төгрөгийн борлуулалт хийж байгаа нь өмнөх жилүүдтэй харьцуулахад эрс буурсан. Цагаан сар дөхсөн үед сая төгрөгийн борлуулалт хийдэг, хүмүүс өөрт таалагдсан гутлаа шууд л авдаг, худалдан авалт маш сайн байсан. Хэрэв хөл хорионы хугацааг сунгаж, орлого буурсан байдал удаан үргэлжилбэл амьдралд минь шууд нөлөөлнө. Ар гэрээ тэжээх, зээлээ төлөх зэрэгт хүндрэл учирна.

Мөн тус дэлгүүрт үйл ажиллагаа явуулж буй “Goyol” брэндийн ажилтнуудтай уулзахад цагаан сарын өмнөх худалдан авалт эрс буурсныг хэлж байв. Тус компанийн хувьд түрээсэндээ 12 сая төгрөг төлдөг байна. Иймд түрээсийн үнийн асуудлаар албан бичгээ "Улаанбаатар" их дэлгүүрийн удирдлагуудад өгсөн ч хариу ирүүлээгүй байгаа аж.

Иргэдийн худалдан авалт ямархуу байгаа талаар тус брэндийн менежер Л.Барсаа хэлэхдээ “Цагаан сараас өмнөх арав хоногт хүмүүсийн хөл хөдөлгөөн ихэсч, худалдан авалт сайжирдаг. Гэвч энэ жил хөл хорио тогтоосноос болоод хүмүүсийн хөл хөдөлгөөн эрс багассан. Худалдан авалт ч эрс муудсан” гэлээ.

Худалдан авалт муудсан энэ үед Улаанбаатар Их дэлгүүрийн удирдлагууд мэдээллээ өгөхөөс татгалзав. Тус дэлгүүрийн зүгээс түрээсийн үнэ ханш болон түрээслэгчдийн мэдээллээ өгөхгүй гэх байр суурийг илэрхийлсэн билээ.

Манай улсын бизнес регистрийн санд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдээс 79.7 хувийг худалдаа үйлчилгээний салбарынхан эзэлж буй. Энэ чиглэлээр 150 мянга орчим компани үйл ажиллагаа явуулдаг гэж Үндэсний статистикийн хорооны тайланд дурджээ. Хөл хорио тогтоож, цагаан сарын баярын цуцалсан энэ үед хамгийн их хохирч буй түрээслэгчид болжээ. Гэтэл ийм онцгой үеийн зохицуулсан буюу онц байдал зарласан, нийтийг хамарсан аюулт өвчний дэгдэлт, гамшгийн үед эдийн засгийн өсөлтийг хадгалах аж ахуйн нэгж, өрхийн орлогыг тасалдуулахгүй  байх, учирсан хохирлыг яаж барагдуулах талаар хуулийн тусгайлсан зүйл заалт алга гэвэл болох нь.

Б.ЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж