Монгол хүмүүсийн бахархал болсон шилдэг романууд хэвлэгдэн гарч уншигчдын гарт очиход бэлэн болжээ. Төрийн хошой шагналт, зохолч Д.Намдаг “Цаг төрийн үймээн" Төрийн шагналт, зохиолч С.Удвал “Их хувь заяа” СГЗ, зохиолч С.Пүрэвийн “Усны гудамж” мөн Монгол хүн бүрийн заавал унших ёстой ном хэмээн нэрлэгддэг Төрийн шагналт, СГЗ, зохиолч Ж.Пүрэвийн “Манан будан”, “Зүрхний хилэн”, “Хөгжмийн эгшиг” бүтээлүүдийг шинээр хэвлүүлжээ. Тус романуудын нээлт өнөөдөр Азхур номын их дэлгүүрт болов. Уг бүтээлүүдийг “Болор судар” хэвлэлийн газраас санаачилан дахин уншигчдын гар дээр хүргүүлж байна. Ихэнх романууд нь дал, наяад оноос хойш хэвлэгдээгүй бөгөөд ном шимтэн уншдаг хүмүүсийн дунд маш их хүлээлт үүсгэсэн бүтээлүүд юм. “Болор судар” нь ХХ зууны сор болсон Монголын болоод дэлхийн алдартай сонгодог бүтээл романуудыг дахин хэвлэж хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор тус ажлыг эхлүүлсэн байна. Төрийн шагналт, СГЗ, зохиолч Ж.Пүрэвийн “Манан будан”, “Зүрхний хилэн” зэрэг бүтээлүүд маш том романууд учраас хоёр боть болгон хэвлэжээ. Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч С.Пүрэвийн “Усны гудамж” номынхоо тухай “Өнөөдөр ном дахин хэвлэгдэж байгаад баяртай байна. Миний ном 1990 онд хэвлэгдсэн. Түүнээс хойш 25 жилийн дараа ахиж гарч буйд талархууштай юм. Энэ ном бол хүн чанарын тухай өгүүлэх бөгөөд хэлмэгдэлтийн үеийн тухай гарна. Гэхдээ номоо бичихдээ арай өөр өнцгөөс бичвэл зүгээр юм болов уу гэж бодсон гэв. Эдгээр романуудын нээлтэнд Улсын драмын эрдмийн театрын жүжигчид уран бүтээлчид болон иргэд хүрэлцэн ирсэн байв. Тэдний хувьд “Монголын оюуны сор болсон гайхалтай бүтээлүүд дахин гарч байгаад баяртай байна. Өнөөдөр Монголын нийгэмд үгүйлэгдэж дутагдаж байгаа тэдгээр бүтээлүүдийг дахин уншиж өөртөө болоод үр хүүхэддээ үлдээх болсондоо сэтгэл өндөр байна” гэв.
Т.ХАТАНБААТАР