Үнэ цэнэгүй, үзэгчгүй болсон ҮНДЭСНИЙ БӨХ

Хуучирсан мэдээ: 2020.02.18-нд нийтлэгдсэн

НЭГ СЭДЭВ 8 ЭХ СУРВАЛЖ

Үнэ цэнэгүй, үзэгчгүй болсон ҮНДЭСНИЙ БӨХ

Үнэ цэнэгүй, үзэгчгүй болсон ҮНДЭСНИЙ БӨХ

Хэдэн зуун жилийн түүхтэй, үндэсний спорт болох үндэсний бөх, Монголын үндэсний бөхийн холбооны талаар мэддэггүй монголчууд үгүй. Өнө эртнээс уламжлагдан, түүх соёлоо хадгалж, эрийн гурван наадмын нэг Үндэсний бөхдөө хайртай ард түмэн сүүлийн үед бөхдөө “хайргүй” болж эхэлжээ. Бөхчүүд хүн зодон танхайрч, учраа бөхөө уран мэхээр бус уурын мунхгаар бэртээж, эцэс сүүлдээ үндэсний их Баяр наадмын түрүү бөх нь допингийн асуудалтай гэсээр ирэх жилийн наадамтайгаа золгох шинжтэй. Үзэгчээ дээдэлдэг, үзэгч нь бөхчүүдээ хүндэлдэг Монгол уламжлал, үндэсний бөхийн салбарын талаар бид энэ удаагийн “НЭГ СЭДЭВ, НАЙМАН ЭХ СУРВАЛЖ” буландаа онцолж байна.

ЭХ СУРВАЛЖ 1

"Допингийн шинжилгээг солих ямар ч үндэслэлгүй"
wwIFs9l6lN

Өнгөрсөн 2019 оны Үндэсний их баяр наадмын түрүү бөх Э.Оюунболд допингийн шинжилгээнд бүдэрсэн дуулиан өнөө хэр татраагүй байна. Улсын аварга Э.Оюунболдын допинг хэрэглэсэн паян олонд илчлэгдсэний дараа 2009-2019 оны наадмын допингийн шинжилгээний хариуг нийтэд ил болгохыг шаардсан бичгийг Баяр наадам зохион байгуулах хороонд хүргүүлсэн байдаг. Тус хорооноос дорвитой шийдвэр гаргаагүй учраас Э.Оюунболд допингийн шинжилгээний ард явагддаг хууль бус үйл ажиллагааны талаарх гомдлыг Авлигатай тэмцэх газарт хүргүүлж, түүний гомдлын мөрөөр шалгалт явуулж “Допингийн шинжилгээнд гадны нөлөө ордог, шээс сольдог” байж болох ул мөр илэрсэн талаар мэдээлэл цацагдсан.

Шинжилгээнд өгсөн шээсийг солих боломжтой эсэх талаар Монголын допингийн эсрэг үндэсний төвийн гүйцэтгэх захирал н.Мөнхболдоос тодрууллаа. Тус төвийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Сүхбат нь 2019 оны эцсээр ажлаа өгч, түүний албан тушаалд н.Мөнхболд томилогдсон  байна.

“Монголын допингийн эсрэг үндэсний төв”-ийн Гүйцэтгэх захирал н.Мөнхболд:

-Допингийн шинжилгээ авах явц олон улсын стандартын дагуу болдог учраас шинжилгээний хариу солигддог, хуудуутай авдаг, авсан хариуг нь дардаг, дарсныгаа өөрчилдөг асуудал огт байхгүй. Тийм зүйл хийх нөхцөл, үндэслэл ч байхгүй. Учир нь, шинжилгээг олон улсын сургалтад сууж, тодорхой эрх авсан хүмүүс хийдэг. Шинжилгээ авах үйл явц ч гэсэн олон улсын стандарттай. Ямар тамирчнаас, хэдийд яаж авах вэ гэдэг нь ч өндөр хяналттай үйл явц. Тухайлбал, шинжилгээ авч байгаа үйл явцыг 3-4 хүний гарын үсгээр баталгаажуулдаг. Нэгдүгээрт, миний шинжилгээг үнэн авсан гэж өгч буй тамирчин өөрийн гарын үсгээ зурдаг. Хоёрдугаарт, шинжилгээг авч буй допингийн хяналтын ажилтан бас гарын үсэг зурна. Гуравдугаарт, давхар хяналт тавьсан допингийн ажилтан бас гарын үсэг зурдаг юм. Бүр шаардлагатай гэж үзвэл тамирчнаа дагаж ирсэн дасгалжуулагч хүртэл давхар гарын үсэг зурна. 3-4 хүний гарын үсгээр баталгаажсан баримт бичгийн нэг хувь нь тамирчинд үлдэнэ. Нэг хувийг нь Дэлхийн допингийн агентлаг руу явуулдаг. Бас нэг хувь Допингийн төвд үлддэг бол өөр нэгийг лабораторид үлдээдэг. Допингийн шинжилгээ өгч байгаа хүний нэрийг саван дээр бичдэггүй, нууц кодтой байдаг. Тиймээс солих, засуулах, даруулах ямар ч боломж байхгүй. Допингийн шинжилгээнд допингийн эсрэг байгууллага, лаборатори л оролцдог. Түүнээс биш өөр ямар ч хөндлөнгийн оролцоо байхгүй. Өөрөөр хэлбэл, эрх бүхий тусгай байгууллага мэргэшсэн ажилтнаараа дамжуулж олон улсын стандартад нийцсэн лабораторид хийлгэдэг. Тэгэхээр энэ ямар ч үндэслэлгүй хардалт гэсэн үг” гэв.

ЭХ СУРВАЛЖ 2

Т.Баярхүү: Допингийн асуудлыг үргэлжлүүлэн шалгаж байна
АТГ

Авлигатай тэмцэх газраас Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн төрөлд тав болон түүнээс дээш давж шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээний сорьц авах ажлын хэсэгт ажиллаж байсан албан тушаалтнууд шинжилгээний сорьцыг өөрчлөх, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг хууль бусаар өөрчилж, олон нийтэд худал мэдээлэл тараах замаар албаны үүрэг, эрх мэдлээ урвуулан их хэмжээний хахууль авсан байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн билээ.  

Тус газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах комиссар Т.Баярхүүгээс бөхчүүдийн холбогдсон допингийн асуудал ямар шатандаа яваа талаар тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ “Нэг бөх, Допингийн эсрэг төвийн ажилтнуудад холбогдох гомдол ирсний дагуу шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Хэн гэдэг ажилтан болох талаар нэр заагаагүй, төвийн албан тушаалтнууд гэсэн мэдээлэл бий” гэв.

ЭХ СУРВАЛЖ 3

Б.Гончигдамба: Бөхчүүд өөрсдөө бөхийн соёлыг унагааж болохгүй
бөхчүүд (1)

Үндэсний бөхийн Их Эе хуралдааныг хуралдуулах хүсэлтийг 200 гаруй бөхийн төлөөлөл мэдэгдсэн. Энэ талаар тэдний төлөөлөл Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Монгол Улсын гарьд Батнасангийн Гончигдамбаас тодрууллаа.

-Их эеийг хуралдуулах хэвлэлийн хурал хийсний дараа цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор хойшлуулсан. Бөхийн холбоодын маргаан олон жил үргэлжилж байна. Энэ маргаанд цэг тавих боломж харагдаж байна уу?

-Боломж бол байгаа. Бид олуулаа хэлэлцэж, өөрсдийн төлөөллөө гарган, хэвлэлийн бага хурал хийж, одоо үйл ажиллагаа явуулж буй холбоонд мэдэгдэл хүргүүлсэн. Гэтэл тус холбоо маань хууль зүйн чадамжгүй байгаа бол нөгөө талд байгаа холбоо маань үйл ажиллагаа явуулахад хэцүү, 2002 оноос хойш асуудалтай байгаа. Ерөнхийдөө 20 жил хоёр бөхийн холбоод маань маргалдаад зогсохгүй үүний хажуугаар бас элдэв янзын асуудлууд гарч ирээд байна. Холбооныхоо маргаанд хэт анхаараад, бөхчүүдийнхээ асуудалд анхаарах нь бага байгаа тал ажиглагдаж байна. Ийм учраас бид хэлэлцээд нэг холбоотой байх нь зөв юм байна гэсэн байр суурьтайгаар хэвлэлийн бага хурал хийсэн. Бидний зүгээс одоо үйл ажиллагаа явуулж буй холбоондоо мэдэгдэл хүргүүлсэн боловч үүсээд буй хорио цээрийн асуудлаас болж уулзалт, ярилцлагуудаа түр зогсоосон байгаа. Харин хорио цээрийн дэглэм дууссаны дараа асуудлуудаа эргэн шийдээд, цаашдаа хэвийн болох байх. Энэ маргаанд цэг тавих гарц бол харагдаж байгаа. Гол нь одоо барилдаж байгаа, барилдаж байсан, мөн өөр албан тушаал дээрээ байгаа бөхчүүд маань бүгд хүсэх ёстой. Зарим бөх нь хүсэхгүй байхыг үгүйсгэхгүй. Бид тэгж л харж байгаа. Хэрэв бүгд хүсвэл хууль дүрэмд нь нийцүүлээд, ямар нэгэн байдлаар асуудлуудыг шийднэ. 20 жил хангалттай маргалдаж байна. Нэг жил биш дөрвөн жил биш 20 жил маргалаа. Маргаад ямар ч үр дүн байхгүй гэдэг нь ойлгомжтой харагдлаа. Тийм учраас өнөөдрөөс эхлэн хэн нэг хүн нь хувийн ашиг сонирхлоо багасган олон нийтийнхээ эрх ашигт нийцсэн хандлага гаргаж, хоёр холбоогоо нэгтгээд явбал болно.

Бөх гэдэг бол өөрөө маш том соёл. Бөх барилдаж буй хүмүүс буюу бөхчүүд маань бөх гэдэг энэ том агуу үндэсний соёлыг гутаах, доройтуулах эрх бидэнд байхгүй гэж би хувьдаа үзэж байна. Цаашдаа бид энэ асуудлыг бөхчүүдтэйгээ, аваргуудтайгаа зөвлөлдөх хүсэл сонирхолтой байгаа. Олон жил маргаад үр дүн байхгүй учир одоо бол энэ хэрэггүй гэдгийг бөхчүүд маань ойлгоод нэг санаатай байгаа байх гэж найдаж байна.

-Бөхчүүд допингийн асуудалтай холбогдох нь хэр ёс зүйтэй юм бэ. Бяр чадал, оюун ухаанаа уралдуулж, ёс жаягтай, үндэсний уламжлалаа хадгалж, үзэгчээ баясгадаг байсан тэр үнэт зүйлс яагаад алдагдаад байна вэ?

-Бөх бол хэдэн зуун жилийн настай Монголын агуу том соёл. Дээр үеэсээ эхлэн монголчууд цэрэг баатар эрсийнхээ бяр чадал, авьяас билгийг нь тодруулж байсан түүхт ёс заншил. Бөх гэдэг агуу соёлыг өнөө цагт бөх барилдаж буй хүмүүс бид унагааж болохгүй. Нэг үгээр хэлбэл бөх хэмээх аугаа биет бус соёлын өвийг биеэрээ барилдаж бөхийн цолыг хүртсэн хүмүүс энэ соёлыг унагааж болохгүй. Удахгүй тэгээд тодорхой зүйлсийг ярих болно.

ЭХ СУРВАЛЖ 4

“Жин нэмэх хэрээр бөхчүүдийн уран барилдаан байхгүй болж байна”
02

Бөхчүүдийг хөндлөнгөөс бас илүү ойроос мэдэрч, үзэгч олондоо хүргэдэг хүмүүс бол бөх тайлбарлагчид. Үндэсний бөх тайлбарлагч нараас бөхчүүд барилдааны ур чадвараа ахиулж, уран барилдаан үзүүлж чадаж буй эсэх талаарх байр суурийг сонирхлоо.

Үндэсний бөхийн Улсын ахлах тайлбарлагч Ц.Батнасан:

-Ер нь хүн болгон хэлж байгаа. Монгол бөхчүүд жин нэмснийхээ хэрээр уран хурц барилдаан нь байхгүй боллоо гэж ганц би биш бөхийн мэргэжилтнүүд, бөх сонирхогч нар хэлж, ярьсаар байна. Жин нэмснээр барилдаан удааширдаг талтай. Энэ асуудлаар дүрэм журамдаа өөрчлөлт оруулдаг уу, идэвхтэй барилдсанаар нь барьц сонгуулдаг болгох гэдэг ч юм уу ямар нэг өөрчлөлт хийх хэрэгтэй гэж бодож байна.

Үндэсний бөхийн Улсын ахлах тайлбарлагч А.Ганболд:

-Сүүлийн үед бөхчүүдийн жингийн асуудал бөх сонирхогч нарын санааг чилээж буй асуудлын нэг болоод байна. Тиймээс бөхчүүд жингийн асуудалдаа анхаарал хандуулах цаг болсон. Үүнээс гадна допингийн асуудал, Үндэсний бөхийн холбооны асуудлуудаа цэгцэлж байж дараа нь бөхчүүдийн ур чадвар, уран барилдааны талаар ярих нь зүйтэй.

ЭХ СУРВАЛЖ 5

Эрх ашигтай талцлын гол бай нь Бөхийн холбоо
CZAqLjmdyIxXiQwObaterdene

Эртнээс уламжлагдан ирсэн эрийн гурван наадмын чимэг нь Үндэсний бөх. Үзэгч олноо баясгаж, жил бүрийн наадмаар бөхөд хайртай ард түмнээ гурван өдрийн турш цэнгэлдэхэд “уяж” чаддаг байлаа. Бяр, ухаан, уран барилдаанаараа үзэгчдээ өндөлзүүлсэн олон сайхан бөхчүүд өнөөдөр хаана байна вэ. Нутаг нутгийн зөвлөл, аймаг орон нутаг гэсэн жалга довны мөнгөтэй хүмүүсийн “тулаан” болж, эцэстээ Үндэсний их наадмын түрүү бөхгүй, аваргагүй өнөөдөр бид сууна. Бөхчүүд ийн үл хүндлэгдэж, хоорондоо муудалцаж,  холбоогоо булаацалдаж байгаа нь үндэсний бөхийг үнэ цэнэгүй, үзэгчгүй болгож байна.

Үндэсний бөх өөрөө эгнээндээ 5500 орчим хүнийг нэгтгэж, тэдний хөлс хүч, авхаалж самбааг сорьж, бяр, ухаантай нь түрүүлж, түмнээ хайрлагдаж ирсэн бөхчүүд маань нэг л өдөр хоёр талын рингэн дэр гарч, тамгаа булаацалдах болсон. Бөхийн холбоодын маргаан эцэстээ Бөхийн өргөөгөө хамгаалалтад авч, бөхчүүд нь барилдаж чадахгүйд хүрсэн нь эмгэнэл гэмээр. Ийнхүү учраа олохгүй хэдэн жил хоёр тал болсон бөхийн холбоодын тэргүүнүүдийг Ерөнхийлөгч нэг өдөр дуудаж, Бөхийн өргөөг төрд авна гэснээс хойш нэг хэсэг бөхийн холбоодын маргаан намжсан. Гэхдээ тэдний маргаан үүгээр дуусахгүй явсаар 2019 оны наймдугаар сард “цэг тавигдсан”.  Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Л.Чинбат холбооны тамгаа тэргүүнээр сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд шилжүүлснээр маргаан дуусгавар болсон гэж бөх сонирхогчид үзэж байлаа. Гэхдээ энэ маргаан хөшигний ард өрнөсөн хэвээр байсан нь допингийн асуудал байв. Хэзээнээс энэ холбоод допингийн асуудлаар хоёр талд гарч, маргаан үүсгэж байсан нь намжаагүй, холбоодын тэмцэл өрнөсөөр байгааг харуулах нэгэн үйл явц саяхан болов.

Саяхан улсын аварга Н.Батсуурь, Г.Санжаадамба тэргүүтэй 200 гаруй бөхчүүдийн төлөөлөл хэвлэлд хандсан. Тэдний хувьд холбооны бодлого алдаатай, үйл ажиллагаатай холбоотойгоор Цэцдийн зөвлөлийг хуралдуулах хүсэлт өгсөн ч БНХАУ-д тархаад буй шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор Цэцдийн зөвлөлийн хуралдааныг хойшлуулсан. Цэцийн зөвлөл хуралдсанаар Монголын үндэсний бөхийн холбооны Их Эе хуралдааныг яаралтай хуралдуулахыг шаардаж буй. Үүний цаана мөн л допинг, холбоодын маргаан өрнөж байгааг харж болно.

Их эе хурлыг зөвхөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан ёсны бүртгэл дээрх тэргүүн зарлан хуралдуулах ёстой. Эс бөгөөс тухайн хурлаас гарсан ямар ч шийдвэр хүчингүйд тооцогдох хуультай гэж Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Ц.Магалжав мэдэгдсэн. Тэгэхээр Монголын бөхийн холбооны тэргүүн Б.Бат-Эрдэнэ үү, Л.Чинбат уу гэдгийг хамгийн эхэнд цэгцлэх шаардлагатай. Түүгээр зогсохгүй бөхчүүдийн ёс зүй, хариуцлагын асуудлыг ч ярьж, "өвгөрсөн" дүрмээ өөрчлөх цаг нь болсон. Өөрөөр хэлбэл, үндэсний бөх мэргэжлийн спорт мөн үү эсвэл наадам уу гэдгийг шийдэх ёстой гэсэн үг.

Монголын үндэсний бөхийн холбооны зорилго, тэмүүлэл нь бөхчүүдийн хөгжил,  энэ салбарын шинэчлэл, допинггүй, маргалддаг бус нэгддэг холбоог бий болгох үүрэгтэй. Гэвч холбооны удирдлагад “шунасан” эрх мэдэлтнүүд, бизнес, улс төрийн сонирхлууд үндсэн зорилгыг нь алдагдуулж байгаад бөхчүүд төдийгүй, бөх сонирхогчид ч бухимдаж буй. Олон зууны турш ард түмний, үзэгч олны, бөх сонирхогчдын хүндэтгэж ирсэн Монголын үндэсний бөхийг холбоог шинэ шатанд гаргаж, хөгжүүлж урагшлуулж чадахгүй бол ядаж үндэсний бөхийг уландаа гишгэсэн эрх ашигтай талцал хуваагдлаа зогсооно уу, холбооны удирдлагууд аа.

ЭХ СУРВАЛЖ 6

“Алдартай бөх төрөн гарах нь газар зүйн онцлогтой салшгүй холбоотой”
О.Наранбаатар

Бөх судлаач О.Наранбаатар:

-Үндэсний бөхийн холбооноос жилд 50 гаруй бөхийн барилдааныг зохион байгуулж байна. Үндэсний бөх нь эр хүний ёс жудаг, хүч чадал, уран мэхний гайхамшгийг үзүүлдэг спорт юм. Монголчууд ёс жудагтай, буурь суурьтай эр хүний бөхөөр төсөөлдөг. Сүүлийн үед үндэсний бөхийн ёс жудаг, нэр хүндийн асуудал хөндөгдөх болсон нь үнэн. Гэхдээ бөх гэхээрээ  ёс суртахуунгүй, мэдлэг боловсролгүй хүмүүс байдаг юм биш. Ёстой зүйтэй, мэдлэг боловсролтой бөх олон байгаа. Мэдээж, цаашдаа анхаарах хөгжүүлэх зүйлс ч бий. Уран нарийн мэхний гайхамшгийг харуулахаа больсон гэх шүүмжлэл гардаг. Нэг үеэ бодвол манай бөхчүүд байнгын бэлтгэл сургуулилалт хийдэг. Тиймээс бие, биенийхээ барилдах арга тактикийг судлах, мэхнээс нь суралцах зэргээр уран нарийн мэх хийхэд бэрхшээл гардгийг бас үгүйсгэхгүй. Монгол бөхийн үндсэн 25 мэх бий.  Мэх болгоны байрлал, барьц, гүйцэтгэлээс нь хамаарч харилцан адилгүй. 

Бөх судлаачийн зүгээс хэлэхэд монгол бөх хөгжиж байгаа. Бүх л спортод алдаа, оноо байдаг, тэр адил монгол бөхчүүд суралцаж, хөгжиж яваа.  Бөх гэхээр зөвхөн бөхийн барилдааныг бид ярьдаг. Гэтэл бөх өөрөө маш том судлагдахуун шүү дээ.  Бөхийн намтар, соёл, ёс жудаг, зодог, шуудаг, бөхийн цол, ам авах, удамшил гээд том шинжлэх ухаан. Бөх хүний хүүхэд яагаад бөх болдог, бөх хүний охиноос бөх тодордог зэрэг нь бас нэг судлагдахуун шүү дээ. Удам угсаанаас гадна газар зүйн онцлог, нарны байрлал, идэж ууж байгаа зүйл нь хүртэл сайн бөх төрөхөд хамаатай. Олон улсын алдартай бөх, тамирчдыг судлаад үзэхээр  дэлхийн нэг өргөрөгт төрсөн байдаг юм билээ. Монголд ч бас алдар цуутай бөхчүүд төрдөг аймаг, сум гэж бий. Архангай, Өвөрхангай, Увс, Булган, Хөвсгөл аймгаас олон алдартай бөх тодорсон. Сүхбаатар, Баян-Өлгий, Дорнодоос алдар цуутай бөх тодрох магадлал ховор. Мөн айрагны тархалт ч бас хамаатай. Булган аймгаас гэхэд МУГТ Н.Түвшинбаяр аварга төрж, дэлхийд эх орныхоо нэрийг мандуулсан шүү дээ.

ЭХ СУРВАЛЖ 7

Ш.Долгор: Уран барилдаан бус, цаг хожиж барьц сонгох болсон нь бөхийг уйтгартай болгож байна
header_image_fvd2FIp

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газрын үндэсний шигшээ багийн албаны мэргэжилтэн доктор, дэд профессор Ш.Долгортой үндэсний бөхийн спортын талаар ярилцлаа.

-Монголын ард түмний шүтэж, хүндэтгэдэг бөхчүүд сүүлийн үед олон асуудалд холбогдох боллоо. Ялангуяа түрүү бөх нь допингийн асуудалд холбогдоно гэдэг өөрөө үндэсний бөхөд том асуудал байгааг харуулж байх шиг байна. Та юу гэж бодож байна вэ?

-Ер нь допинг хэрэглэсэн болон хэрэглээгүй бөхийн хооронд асар том ялгаа байгаа. Нэг талаасаа допинг хэрэглэж байгаа нь мансуурч буй хэлбэр. Нөгөө талаасаа хүмүүсийн хүсч байгаа хүлээлт маш чухал. Мэдээж хүмүүс уран сайхан барилдаан, цэвэр шударга ёс л хүлээж байгаа. Гэтэл сүүлийн үед бөхчүүдийн дунд допингийн асуудал хавтгайрч байна гэсэн асуудал их сонсогдох боллоо. Бөх байна гэдэг бол цаад гүн утгаар нь аваад үзвэл бүх юмны оройд нь байх чадамжтай, оюуны, сэтгэлгээний, бие бялдрын хувьд бүрэн бүтэн боловсорсон хүн байх ёстой гэж эрт дээр үеэсээ үзэж ирсэн учраас монголчууд бөхөө их дээдэлж ирсэн. Харин одоо үед тийм хүн ховор болчихлоо. Допинг хэрэглээд байгаа шалтгааны нэгдүгээрт хүмүүс мэдээлэлгүй, мөн түүний хор уршгийг мэдэхгүй байна. Хоёрдугаарт дараа нь ирэх тэр нэр алдар, сэтгэл санаа болон бие бялдрынхаа хохирлыг ойлгохгүй байна. Допинг хэрэглээд өнөөдөр хор уршгийг нь биеэрээ эдлээд, амьдралаа там болгосон хүмүүсийн тухай би сонсож л байсан. Ийм хялбар аргаар богинохон хугацаанд амжилт олох гэсэн тэр хүмүүсийг төлөвшөөгүй л байна гэж хэлье. Бөх гэдэг энэ том алдар нэрийг өндөрт өргөж явна гэдэг асар том хариуцлага. Монгол түмнийг Монгол чигээр нь хадгалж байгаа зүйл бол Монгол өв соёл. Гэтэл бөхчүүд ийм том өв соёл тээж байгаагаа ойлгохгүй байна. Тэд зүгээр л “Би энүүгээр мөнгө олж, амьдралаа авч явах боломжтой юм байна" гэж хараад байгаа. Уг нь нөгөө талд нийгмийн асар том хариуцлага байгаа. Өнөөдөр л би ялж байвал маргааш надад юу тохиолдох, эсвэл цэвэр шударгаар барилдсан бөх хохирч үлдэх тухай авч үзэхгүй байна. Энэ бол хэтэрхий амиа хичээсэн үзэл монгол бөх дотор ноёлсон байна л гэж харагдаж байна. Цэвэр сайхан шударгаар барилдсанаараа та амьдралаа аварч байгаа, мөн олон хүүхэд залуусыг энэ спортод хайртай дуртай болгож, монгол хүмүүст Монголоороо байх боломжийг нээж байна хэмээн бодох хэрэгтэй. Гэвч одоогийн хүүхдүүд монгол бөхөөр барилдах нь ховордож, үнэ цэнэ унаж байна. Уналтын доод хязгаар гэж байдаг бол хамгийн доод цэгтээ унасан. Гол шалтгаан нь гэвэл допинг, найраа гэх мэт байна. Барилдаан чинь өөрөө найраа наймаа юм бол бөх чинь өөрөө худалдаа болж байна. Бас нэг допинг хэрэглэхэд хүргэж байгаа шалтгаан бол бөхчүүдэд шийдвэр гаргахад нөлөөлж байгаа хүмүүс. Тэд Монгол генийг устгаж байгаа. Хувийн ашиг сонирхлоо бус нийтийн эрх ашгийг харах хэрэгтэй.

-Допинг хэрэглэсэн Э.Оюунболдын хувьд өөрийгөө буруутай гэж үзэхгүй байгаа. Харин Допингийн үндэсний төв бид буруугүй гэж байгаа. Ер нь энэ допингийн асуудал хэзээнээс эхтэй юм бэ?

-Хэзээнээс эхтэйг нь сайн мэдэхгүй байна. Ямартай ч тодорхой түвшинд үндэсний бөхөд байсан. Яг аль үед байсан тухай мэдэхгүй байна. Өнөөдрийн бүх хүн мэдэх хэмжээнд хүрсэн байна гэдэг бол энэ нэлээд дээрээс эхэлсэн гэж хэлж болох. Магадгүй ардчилал эхэлсэн он жилүүдээс эхэлсэн байж магадгүй. Допинг хэрэглэж насаараа явсаар байгаад бэлгийн сулралтай болох нь чухал уу, эсвэл шударга байгалиас өгөгдсөн бие бялдар, хүч тэнхээгээрээ ялж ялагдах нь чухал уу гэдгийг бодох хэрэгтэй. Улсын их баяр наадамд бөхчүүд чин шударгаар цэвэр өрсөлдөж, ямар нэгэн хор шаргүй барилддаг байсан. Барилдааны дэг жаяг, үнэт зүйлийг дээдэлдэг байлаа. Харин одоо бол бай шагналын төлөө юу ч хийхэд бэлэн болжээ. Нэг талаараа тэр бөхийн амьдралд тус дэм болох гээд бай шагнал сайн өгч байгаа нь зөв. Гэвч нөгөө талаараа энэ шагналын төлөө үхэн хатан тэмцээд, ёс бус зүйл хий гэсэн үг биш. Ард түмний хайр итгэлийг дааж амьдрах хэрэгтэй. Тэр олж авсан хайр итгэлээ эргээд нийгэмдээ үзүүлж байх хэрэгтэй. Тэрнээс биш биеэ тоогоод дээгүүр хараад надаас өөр хүн энийг чадахгүй гэсэн хандлагаа зогсоох ёстой. Бөх хүн эхлээд хүн болж төлөвших хэрэгтэй. Сэтгэл оюунаараа боловсорсон байх хэрэгтэй.

-Бөхчүүд допингийн асуудалтай холбогдох нь хэр ёс зүйтэй юм бэ. Бяр чадал, оюун ухаанаа уралдуулж, ёс жаягтай, үндэсний уламжлалаа хадгалж, үзэгчээ баясгадаг байсан тэр үнэт зүйлс яагаад алдагдаад байна вэ?

-Яагаад алдагдаж байна вэ гэвэл бөх хэмээх үндэсний спортынхоо цаад үнэт зүйлийг ойлгоогүй байгаа юм. Бөх хүн гэж хэн болох, ямар учиртай мөн би бөх юм бол ямар байх ёстой талаараа мэдэхгүй зүгээр барилдаад байна. Эхлээд сайн ёс заншил, өв уламжлал гээд бүхий л зүйлээ сайн судлах хэрэгтэй. Бусад залуу ч бай, хөгшин ч бай хамаагүй бөхчүүдээ хүндлэх хэрэгтэй. Ахмадаас нь үг сонсч, залууд нь сургаж байх үүрэгтэй. Тэрнээс биш доогуур цолтой гээд үл тоох басамжлах, бөхөөр хичээллэх зүрх зоригийг нь үгүй хийх хэрэггүй шүү дээ.

-Ер нь сүүлийн үед бөхчүүдийн нэр хүнд унах, ёс жудгаа алдаж байна гэж хүмүүс шүүмжилж байна. Үүнийг та юутай холбож байна вэ. Холбоодын маргаан уу, эсвэл Үндэсний бөхийн үнэ цэнэ алдагдаад байна уу?

-Барилдаан ч зодоон болж байгаа аймаар зүйлс харагдаж байна. Намайг шимтэн үзэж байх үед бөхчүүд сайхан инээгээд л гарч ирдэг байлаа. Унасан ч, давсан ч сайхан инээгээд л, бие биедээ ямар нэгэн муу санахгүй сайхан байжээ. Хамгийн сүүлийн тод жишээ гэвэл Пунцагийн Сүхбат агсан байна. Тэр хүний өөдөөс хүн муухай хараад гарч ирж байсныг би санахгүй байна. Одоо үед бол муухай хараад л, хөмхийгөө зуугаад, нэг л тийм өс хонзонтой мэт авирладаг. Бөх хүн дурлаж барилдах хэрэгтэй. Дурлаж барилдвал өрсөлдөгчөө хүндэлж гэмтээхийг ч хүсэхгүй, гэмтсэн бөхтэй барилдсан ч аль болох шударга байхыг хичээдэг. Үндэсний бөхийн спортод харгислал байх ёсгүй. Хэрвээ харгислал харуулж байгаа бөх байвал тэр бөх барилдах эрхгүй. Ард түмний шүүмжийг өөр дээрээ зөвөөр тусган авч, сайтар нягтлах хэрэгтэй. Зарим бөхчүүд хүнээс шүүмж сонсож сураагүй, хэт өөрийнхөөрөө байдаг. Монголын дараагийн үеийн бөхчүүдийг ийм биш байгаасай гэж хүсмээр байна.

-Таны үзэж, шимтэж байх үеийн бөхчүүдээс одооны бөхчүүд тэс өөр байсан биз?

-Тийм. Одоо бол бүр үзэгчид нь ч цөөрсөн. Наадам болохоор нэгийн даваа, хоёрын даваа дуустал дүүрэн л суудаг байсан. Одоо бол цол олгох барилдаан дөхөөд ирэхээр нэг юм дүүрэх аястай. Бөхийн өргөөнд гэхэд бараг бөхчүүд нь тал суудлыг нь эзэлж байна. Энэ бол бөх сонирхолгүй болсон л гэсэн үг. Ялангуяа барьц сонголт хамгийн муу шийдвэр болсон. Үзүүр түрүүн дээр уддаг байсан бол одоо бол хамаагүй болж дээ. Допинг хэрэглэж байгаа нэг шалтгаан бол жингээ ихэсгэж, цаг хожин барьц золгуулахыг хүлээдэг болсон. Тэгээд л барьц сонголоо допинг хэрэглэсэн биеэрээ өрсөлдөгчөө яллаа. Арга мэх одоо нэг их харагдахаа больсон байна. Харин залуу хүүхдүүдийн барилдаан дээр уран сайхан мэх ихээр харагддаг шүү. Тийм том жирэмсэн хүн шиг гэдэстэй хүнээс уран мэх гарна гэдэг хэцүү. Бөх бол уран сайхан мэх үзүүлдэг үедээ л сонирхолтой байсан. Тэрнээс биш одоо ингэж байгаад л барьц сонгоно гээд цаг хожоод зогсох биш. Энэ л бөхийг уйтгартай болгож байна даа. Бүх бөхчүүдийнхээ сайн, муу бүх зүйлд баярлалаа. Яагаад гэвэл залуу, хойч үедээ аль нь сайн, мууг тэд харуулж өгч байгаа учраас баярлалаа. Гэхдээ удахгүй дараа үеийн бөхчүүд гарч ирээд Монгол бөхөө сайхан болгоно гэдэгт итгэж л бай.

ЭХ СУРВАЛЖ 8

“Бөхчүүд талцалгүй, шинэчлэлийг зоригтой хийх хэрэгтэй”
Бөхийн өргөө (6)

Үндэсний бөхийн маргаан, талцал үзэгч олноо бухимдуулж, бөхчүүдийн нэр хүнд ч иргэдийн дунд унаж байгаа учраас бид нэг эх сурвалжаараа иргэдийн байр суурийг хүргэж байна.

Иргэн Л.Батжаргал:

-Монголчуудын дунд нутаг усаараа талцах үзэгдэл их байдаг. Үүнийг бөхчүүд илүү дэврээгээд байгаа юм шиг харагддаг. Та юу гэж боддог вэ?

Үндэснийхээ бөхийг монголчууд эртнээс хайрлаж хүндэлж ирсэн. Би ч мөн үндэснийхээ бөхийг дэмждэг, хайрлаж хүндэлдэг хүмүүсийн нэг. Хэний хүү сайхан барилдаж байна түүнийг хараад баярлаж, бахаддаг. Дов жалганы ялгаа гаргалгүйгээр бүгдийг нь хүндлэх хэрэгтэй. Бөхчүүдийн хувьд ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаа нь тухайн хүний ухамсрын асуудлаас гадна нийгэм нь тэр чигээрээ өөрчлөгдсөнтэй холбоотой гэж үзэж байна. Түрүүлсэн бөхөд нутгийн зөвлөлөөс нь  юм уу, орон нутгаас нь шагнал урамшуулал олгодог. Үүнийг  буруу зүйл биш гэж  боддог. Нэгдүгээрт, тухайн хүнд урам өгөх, дараа дараачийн залуу бөхчүүдэд нь ч илүү сайн барилдах сэдэл өгдөг байх. Тэртээ тэргүй монголчуудын амьдрал тийм ч сайхан биш байгаа өнөө үед нэг хүний ч гэсэн амьдрал дээшилж байвал буруу юмгүй.

Иргэн Ц.Цэндсүрэн:

-Бөхчүүдийн дунд яригддаг даваа худалдаж авах, нутгийн бөхдөө тахимаа өгдөг гэх шүүмжлэл хэр бодитой гэж боддог вэ. Монгол наадам найраа болж хувирсныг та хүлээн зөвшөөрөх үү?

-Бөхчүүд шударга барилдах хэрэгтэй. Хэтэрхий нутаг ус, жалга довоороо талцаж байна гэж хардаг. Жишээлбэл, аль нэг аймгийн наадамд зөвхөн нутгийн бөх түрүүлэх ёстой гэсэн бичигдээгүй хууль үйлчилдэг. Мөнгө өгөлцөж авалцаж байгааг нь нүдээр хараагүй ч  бөхчүүдийн дунд найраа гэдэг зүйл байгаа гэж боддог. Үүнээс болоод бөх үзэх сонирхолгүй болсон. Дүрэм журмаа өөрчлөх хэрэгтэй. Ялангуяа допингийн эсрэг асуудал дээр одоо ид барилдаж байгаа бөхчүүд ажил хийгээд эхэлсэн гэж сонсогдож байсан. Цаашдаа өөрчлөгдөөд илүү сайхан шударга болох байх гэж найдаж байна.

Иргэн Д.Нүрэнзэд:

-Сүүлийн үед үндэсний бөхийн ёс жудаг бөх сонирхогчдын шүүмжлэлийг дагуулдаг. Та үзэгч хүний хувьд үндэсний бөхчүүд хэр ёс жудагтай хүмүүс гэж бодож байна?

-Монгол бөх бол эртнээс бие биенээ их хүндэтгэдэг, ялангуяа цолны эрэмбэ гэдгийг маш их эрхэмлэж ирсэн. Гэхдээ зарим нэгэн бөхчүүд дээр дутагдалтай байгаа харагддаг. Уран мэх, хурдан шаламгай барилдаан байхгүй болж, мэхний сонголтгүй болж,  бөхчүүд барьц сонголцох гэдэг юманд хүрэхийн тулд цаг авах гээд зууралдаад зогсоод байдаг болсон байна лээ. Тэрийг бол өөрсдийнхөө ухамсраар болих хэрэгтэй. Мөн хариуцдаг байгууллага нь үүнийг зохицуулах хэрэгтэй. Нутаг усаар талцдаг асуудал бол маш буруу. Бүгд л монгол хүмүүс шүү дээ. Хэн ч түрүүлсэн хамаагүй, аль эртэй бяртай нь л түрүүлэх ёстой. Үүнээс гадна өвдөг шороодсон бөхчүүд нь давсан бөхдөө амжилт хүсээд тахимаа өгдөг байх хэрэгтэй. Сүүлийн үед унаснаа хүлээн зөвшөөрөхгүй, нөгөө бөхөөсөө түрүүлж дэвж байгаа ч харагдах болж. Энэ нь үзэгч бидэнд маш таагүй харагддаг. Ер нь бөхийн спортоор хичээллэж байгаа хүүхдүүдийг бүр багаас нь суурийг нь зөв тавих хэрэгтэй. Аварга арслангууд нь ч залуу бөхчүүддээ зөв үлгэр дуурайлал үзүүлж, сургаалиа хайрлаж байгаасай гэж хүсдэг.

Иргэн А.Хоролсүрэн:

-Бөхчүүдийн допингийн асуудал  үндэсний бөхийн том эмгэнэл болж хувирлаа. Өнгөрсөн жилийн түрүү бөхтэй холбоотой допинг хэрэглэсэн, хэрэглээгүй гээд маргаан улам томорсоор байна. Бөхчүүд допингтой нэр холбогддог асуудлыг та юу гэж дүгнэж байна?

-Хүн хүнээ хайрлах сэтгэл гэдэг зүйл ер нь байхгүй болжээ. Тэр допинг гэдэг зүйл бол нэгдүгээрт тухайн хүний зан авирыг эвдэж байна. Араатан шинжтэй болгож байна. Бөхчүүд бие биеэ хайр найргүй авч шидэж, гэмтээж байна. Хоёрдугаарт, хүний генийг өөрчилж, тэр сайхан бөхийн үр удам тасрах аюултай. Гуравдугаарт, эрүүл мэндийн хувьд маш муу. Сүүлийн үед бөхчүүдийн чагтан холбоос тасрах гэмтэл их гарах болж. Энэ бол хэдий тэр хүн допинг хэрэглээд тархинд нь ядрахгүй байгаа мэдээлэл очиж байгаа боловч бие махбод нь байх ёстойгоосоо илүү их ачаалал аваад эхлэхээр тэр ачааллыг дийлэхгүй гэмтэж байна гэсэн үг. Удирдах удирдуулах ёс гэж хаана ч байх ёстой. Монгол бөхөд шинэчлэлийг зоригтой хийх хэрэгтэй. Допинг хэрэглэсэн бол тохирох шийтгэлийг нь оноож, барилдах эрхийг нь хэдэн жилээр ч байдаг юм хасах нь зүйтэй.

NEWS TEAM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж