Хуучирсан мэдээ: 2020.02.17-нд нийтлэгдсэн

МАСК: Монос VS ШӨХТГ

МАСК: Монос VS ШӨХТГ

Мэргэжилтнүүд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд тогтмол маск зүүх, тэр дундаа N95 маскыг зүүхийг зөвлөж буй. Учир нь, энэ маск нь 0.3 микроноос том хэмжээний тоосонцрын 95 хувийг шүүх чадвартай юм. Энгийн үед N95 маск нь 2500 төгрөгөөр зарагддаг байсан бол одоо энэ үнэ бараг хоёр дахин нэмэгдээд буй. Маскны үнийг нэмж зарж байна гэх иргэдийн гомдлын дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөр газраас шалгалт явуулжээ. Ингээд харьцангуй үнээр маск борлуулсан гэх үндэслэлээр "Монос"-д зөрчлийн хэрэг нээн хариуцлага тооцохоор болжээ.  Энэ асуудлын талаар талуудын байр суурийг сонслоо.

“МОНОС”-ЫГ ОРЛОГЫН ДӨРВӨН ХУВИАР ТОРГОНО

 

Амны хаалтны үнийг нэмж зарсан асуудлыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндуламаас тодрууллаа.


-ШӨХТГ-т маскны үнийг нэмсэнтэй холбоотой хэчнээн гомдол ирж байна вэ?

-Өнгөрсөн долоо хоногт хэрэглэгчийн мэдээллийн 1284 төвд 107 иргэн буюу хэрэглэгчээс гомдол ирсэн. Гомдлыг хугацаанд нь барагдууллаа. Эдгээрийн ес нь амны хаалттай холбоотой гомдол байлаа. Манай байгууллага нэгдүгээр сарын 27-ны өдрийн агентлагийн даргын удирдамжийн дагуу коронавирусийн халдвартай холбоотойгоор амны хаалт, гар ариутгагчид үнийн хөөрөгдөл гарсан эсэх, хомсдол үүсгэж, үндэслэлгүйгээр үнэ тогтоож буй эсэхэд хяналт шалгалт хийсэн. Шалгалтын явцад зохиомлоор хомсдол үүсээгүй байсан. Нийлүүлэлт дууссан, гэнэтийн нөхцөл байдалд бэлэн бус байсантай холбоотойгоор хомсдол үүссэн байсан. Мөн тухайн үед зарим эмийн сангуудад харилцан адилгүй үнээр, зах зээл дэх үнээс өндөр үнээр маск борлуулж буй байдалд хяналтын ажил хийсэн.

Шалгалтын явцад салбартаа давамгай байдалтай байгууллага аж ахуй нэгж болох “Монос” ХК-ийн салбараар N95 маскыг харилцан адилгүй үнээр борлуулж хэрэглэгчийг хохироож буй нөхцөл байдал тогтоогдсон тул хоёрдугаар сарын 3-нд зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.

“Монос” нь эм ханган нийлүүлэх салбарт давамгай байдалтай аж ахуй нэгж болохыг манай байгууллага 2019 онд тогтоосон. Давамгай байдалтай байгууллага нь борлуулж буй бүтээгдэхүүнээ харилцан адилгүй үнээр хэрэглэгчдэд ойлгомжгүй байдлаар худалдаалж байсан нь ноцтой зөрчил юм. Тухайлбал барааны падан, и-баримт зэргийг үндэслэн нэг ижил загварын N95 маскыг 2500, 3600, 5700 төгрөгөөр ялгаатай худалдаж байсан нь тогтоогдсон.

-“Монос”-ын яг аль салбар дээр хэдэнд явуулсан шалгалт вэ. “Монос”-оос өөр эмийн сангуудад ийм зөрчил илэрсэн үү?

-Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төвөөр дамжин ирсэн хэрэглэгчийн гомдол мэдээлэлд тулгуурлан явуулсан шалгалтад “Монос”-ын хэд хэдэн салбар хамрагдсан. Зөрчлийн хэргийг “Монос-Метромалл” салбарт нэгдүгээр сарын 29-нд явуулсан шалгалтаар дээрх зөрчлийг илрүүлж, зөрчлийн хэрэг нээж ажиллаж байна.

Бид манайд ирсэн хэрэглэгчийн мэдээллийн дагуу шалгалт явуулдаг. “Монос”-оос өөр газарт зөрчлийг илрүүлж, торгууль ногдуулаагүй.

-Зөрчлийн хэрэг нээсэнтэй холбоотойгоор хэдэн төгрөгөөр торгож байгаа вэ?

-Зөрчлийн тухай хууль, Зөрчлийг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу 2017 оны долдугаар сарын 1-нээс эхлэн  хяналт шалгалтын байгууллага нь ямар нэгэн зөрчил илрүүлсэн  бол аливаа торгууль, шийтгэлийг зөрчлийн хэрэг нээж, холбогдох хянан шалгах ажиллагааг явуулсны үндсэн дээр ногдуулдаг болсон. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9-т заасны дагуу давамгай байдалтай аж ахуй нэгж нь давамгай байдлаа ашиглаж хориглосон үйл ажиллагаа явуулсан бол тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн орлогын дөрвөн хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгоно гэсэн заалтыг үндэслэж байгаа.

АВСАН ҮНЭЭСЭЭ ХЯМДРУУЛСАН ТУЛ 10 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛ ҮҮССЭН

Ингээд “Монос-Улаанбаатар” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Л.Алтанцогтоос яагаад маскны үнийг нэмж зарсныг тодрууллаа.


-Танайх нэгдүгээр сарын 29-нд N95 маскыг 3600, 5700 төгрөгөөр, маргааш нь 2500 төгрөгөөр борлуулсан байна. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Коронавирусийн халдвар урд хөршид гарсантай холбоотойгоор манайд байсан маск хэд хоногт дуусч, хомсдолд орсон. Манайх маскны эрэлд гарч, долоон хувь хүн, албан байгууллагатай гэрээ хийж, нэг маскыг 3600 төгрөгөөр худалдаж авсан. Ингээд гэрээ хийсний маргааш нь буюу нэгдүгээр сарын 29-нд худалдаж авсан маскаа салбар эмийн сангууддаа тараасан. Манайд маск нийлүүлсэн байгууллага, хувь хүн нь НӨАТ өгөх боломжгүй гэсэн. Харин манайх үйлчлүүлэгчдээ НӨАТ өгдөг. Маскыг НӨАТ-гүй 3600-гаар аваад НӨАТ-тайгаар хэрэглэгчдэд хүргэхэд 4000 төгрөгөөр худалдаж авсантай тэнцэж байгаа юм. Ингээд бид үйл ажиллагааны зардал болгон бага зэрэг нэмээд гүйцэтгэх захирлын тушаалаар нэгдүгээр сарын 29-нөөс эхлэн маскыг 5700 төгрөгөөр худалдаалсан. Гэтэл N95-ыг гадуур илүү хямдаар худалдаалж байна гэсэн мэдээлэл ирсэн. Тиймээс маск зарахаа шууд зогсоогоод үнийн судалгаа явуулсан. Гадуур N95-ыг 2500 төгрөгөөр худалдаалж байсан. Ингээд нэгдүгээр сарын 30-наас эхлэн 2500 төгрөгөөр худалдаалах зааврыг салбаруудад хүргэсэн. Салбаруудад энэ мэдээллийг хүргэх хооронд ШӨХТГ-аас шалгалт явуулж таарснаар маскыг гурван янзын үнээр худалдаалсан мэт мэдээлэл тарсан.

Маск дээр бид ямар нэгэн ашиг хараагүй. Харин ч 3600 төгрөгөөр худалдаж авсан бүтээгдэхүүнээ 2500 төгрөг болгон, НӨАТ-тайгаар олгоход 10 гаруй сая төгрөгийн алдагдал үүсч байгаа.

Үүнтэй холбоотойгоор маскны үнийг хямдруулж борлуулах талаарх захирлын тушаал, бичиг баримт имэйл зэргийг ШӨХТГ-т өгсөн. Нийгмийн хариуцлагаа ухамсарлан хэрэглэгчдийг маскаар хангахын тулд алдагдлыг өөрсдийн нуруундаа үүрээд ажиллаж байхад энэ байдлыг буруугаар ашиглан ташаа мэдээлэл тарааж байгааг зөвшөөрөхгүй.

-Одоогоор танай аль ч салбарт N95 маск байхгүй байна. Хэзээ масктай болох вэ?

-Бид Казахстан, ОХУ, Турк руу холбогдсон. N95 маск нийлүүлэх ажил гэрээ, хэлэлцээрийн түвшинд явж байна. Дэлхий дахинд маск хомсдолтой байгаа болохоор их хэмжээний маск нийлүүлэх боломжгүй болоод байна. Тиймээс гаднын орны хувь хүмүүстэй холбогдож, хүсэлт тавьсны дүнд нэг удаагийн маск нийлүүлэхээр болсон.

-Өнгөрсөн жил N95 маскыг хэдэн ширхэгийг борлуулсан бэ?

-Өнгөрсөн жил манайх 69 нэр төрлийн маскыг худалдаалсан. N95  маск тун цөөн хувийг эзэлж байсан.

Харин 2019 онд 113 мянга ширхэг нэг удаагийн маск худалдаалж байсан бол 2020 оны нэгдүгээр сард ОХУ-ын хувь хүнээс авсан 220 мянган ширхэг маск долоо хонолгүй дууссан. Тухайн үед нэг удаагийн нэг ширхэг маскыг 300 төгрөгөөр борлуулсан. Нөгөө хүнтэйгээ дахин холбогдоход үнэ нь ОХУ-даа 10 рубль болсон гэж хэлсэн. Бид ОХУ-аас нь 500 төгрөгөөр худалдаж  авахад хүрч байгаа юм. Хэрэв хэлсэн үнээр нь аваад нэг ч төгрөг нэмэлгүй зарвал биднийг дахиад л үнээ нэмж зарлаа гэх байх. Тиймээс авах үгүйгээ шийдэж чадахгүй болчихоод байна.

Ийм хүнд нөхцөлд биднийг дэмжих биш, заримдаа шахалт үзүүлээд байгаа нь байдлыг хүндрүүлж байна.

-Орхон аймагт N95-ыг үйлдвэрлэдэг шүү дээ. Тэр компанитай холбогдсон уу?

-Бид холбогдсон. Уул уурхайн компаниудад маскаа нийлүүлдэг болохоор манайд нийлүүлэх боломжгүй, тийм хэмжээний нөөц байхгүй гэсэн.

N95 болон нэг удаагийн маск ч олдохгүй байгаа энэ үед иргэдийг маскаар хангахын тулд өөр ямар арга хэмжээ авч байна вэ. Үнийг нь нэмэгдүүлэхгүй байхын тул ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид буюу оёдлын цехүүдтэй хамтран ажиллаж байна. Одоогоор дөрвөн цех манайхтай хамтран ажиллаж байна. Нимгэн, зузаан, шүүлтүүртэй, шүүлтүүргүй зэргээс хамаараад 800-2900 төгрөгийн үнэтэй байгаа.

Манайх маскнаас гадна гар ариутгагч бодисууд болон бусад ямар ч бүтээгдэхүүний үнийг нэмээгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж