Covid-19 дэлхийн зах зээлд санаанд оромгүй хохирол учруулж байна

Хуучирсан мэдээ: 2020.02.17-нд нийтлэгдсэн

Covid-19 дэлхийн зах зээлд санаанд оромгүй хохирол учруулж байна

Covid-19 дэлхийн зах зээлд санаанд оромгүй хохирол учруулж байна

Дэлхийн үйлдвэрлэлийн хүчирхэг гүрэн БНХАУ-д шинэ вирус дэгдэж, хөл хорио тогтоосны уршиг нь хачирхалтайгаар бидний амьдралд нөлөөлж байна. Жишээ нь бид ирэх өдрүүдэд шинэ iPhone утасны хомсдолд орно.

Хятад улс шинэ өвчний тархалтыг тогтоон барих зорилгоор зарим нутгуудад хөл хорио тогтоож, ихэнх хотуудынхаа сургууль, цэцэрлэг, ялангуяа үйлдвэрүүдийг хааж, иргэдээ гэрээс гарахгүй байхыг зөвлөснөөр үйлдвэрлэл зогсонги байдалд ороод байгаа. Ийнхүү коронавирус бидэнд даяарчлалын нэгэн сөрөг талыг харуулж байна.

ҮЙМСЭН ИРГЭД БАРАА НӨӨЦЛӨВ

Вирус ганцаараа үймээн тариад байгаа буруутан биш аж. Дайны хажуугаар дажин гэгчээр хүмүүсийн ам дамжсан элдэв цуурхал барааны хомсдол үүсгэх хамгийн том шалтгаан болж байна. Жишээ нь Хятадаас ихээхэн хамааралтай байдаг Хонгконгийн дэлгүүрүүдийн ариун цэврийн цаас, будаа, гоймон, гурил гэх мэт анхдагч хэрэгцээний бараанууд сүүлийн хэдэн долоо хоногт дуусч, дахин үйл ажиллагаа явуулахад хүртэл хүнд болжээ. Мөн энэ сарын эхээр ариун цэврийн цаас хомсдох талаар цуу дэгдсэнээр хүмүүс бүгд ариун цэврийн цаас нөөцлөхөөр шуурч, гэмт хэрэг хүртэл гарсан байна.

ХООЛ ХҮНС

Вирусээс болоод хүнсний хомсдол үүсэх эрсдэлтэй байна. Жишээ нь Африкийн гахайн ханиаднаас болж, гахайн махны импорт буурсан, АНУ, Европ, Бразил махаа экспортолж байгаа ч тээвэрлэхийн тулд маш их анхаарал болгоомж шаардлагатай болдог. Харин хөл хорионд орсон хотуудад тийнхүү анхаарал болгоомжтойгоор мах буулгаж, зөөвөрлөх ажилчид дутагдаж байна.

ХУВЦАС

Хөл хорионы үеийг ашиглаад биеэ хөгжүүлээд авахыг бодсон хүмүүс хуучин биеийн тамирын хувцсаа өмсөхөөс өөр аргагүй бололтой. Учир нь даавуу, түүхий эдийн хомсдол үүсч энэ улирлын эдийн засагт 60 сая ам.долларын цохилт болж байна.

Үүнээс шалтгаалан хувцасны брендүүд ихээр хямарч байна. Жишээ нь Лондонд байрладаг дизайнер Шюжи Чений брендийн хувцас Шанхайд үйлдвэрлэгддэг гэнэ. Тэрбээр хэзээ бизнес нь дахин үргэлжилж эхлэхийг ч мэдэхгүй байгаа гэнэ. Түүнээс гадна барууны олон брендүүдийн хувцас Хятадад үйлдвэрлэгддэг билээ.

Нөгөө талаас Милан, Лондон, Италийн загварын шоунууд болох үеэр Хятад худалдан авагчид гэртээ сууж байгаа нь тэдний бараа зарагдахад ч маш том бэрхшээл учруулж байна.

НАСАНД ХҮРЭГЧДИЙН БАРАА

Вирусийн дэгдэлт насанд хүрэгчдийн барааг бас хомсдуулж байгаа бололтой. Оросын насанд хүрэгчдийн бараа зардаг том сүлжээ дэлгүүрийн эзний хэлснээр ихэнх бараа болон түүхий эд нь Хятадад үйлдвэрлэгддэг тул хөл хорио цаашид удаан үргэлжилбэл энэ салбар ч дагаад хямрах төлөвтэй байгаа аж.

Сингапур, Хонгконгт аль хэдийн бэлгэвчний хомсдол үүсээд байгаа гэнэ. Дэлхийн бэлгэвчний үйлдвэрлэлийн дор хаяж дөрөвний нэг хувийг БНХАУ дангаараа эзэлдэг билээ.

СПОРТ

Спортын одод ч гэсэн хомсдолд өртөж байна. NHL-ийн тоглогчид болон элит үйлчлүүлэгчидтэй Bauer Hockey компани өнгөрсөн сард Жэжян мужийн Тоншиан хот дахь үйлдвэрээ хаасан бөгөөд хэзээ эргэн нээх нь тодорхойгүй байна.

Ийнхүү хоккейн цохиур үйлдвэрлэгдэхгүй байвал тоглогчид бэлтгэл болон хоёр тоглолтыг нэг л саваатайгаа туулахаас өөр аргагүй болох нь. Энгийн үед тоглогчид нэг тоглолт дээр л хэд хэдэн саваа ашигладаг тул энэ нь хоккейн спортын хувьд хүнд цохилт болж байна.

БИЗНЕС

Коронавирусийн цохилт ирээдүйн эдийн засагт хүчтэй мэдрэгдэх бололтой. Дэлхийн гар утасны хамгийн том үзэсгэлэн худалдаа болох Mobile World Congress  зэрэг олон улсын хэмжээний чухал үзэсгэлэн худалдаанууд бүгд хойшилж эсвэл цуцлагдаж байна. Жишээ нь энэ сарын сүүлээр Барселонд 100 мянга гаруй оролцогчтойгоор зохион байгуулагдах байсан бага хурал бүрэн цуцлагдсан. Мөн Swatch, Cisco зэрэг брендүүдийн арай жижиг хэмжээний хурлууд ч болохоосоо өнгөрсөн.

Берлиний кино наадамд 50 гаруй Хятад төлөөлөгч болон бусад зарим гишүүд оролцож чадахааргүй болсноор бүрмөсөн цуцлагдав.

ЭХ СУРВАЛЖ: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж