ЭТТ: Тавдугаар сараас ногдол ашгаа олгож эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2020.02.17-нд нийтлэгдсэн

ЭТТ: Тавдугаар сараас ногдол ашгаа олгож эхэлнэ

"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргасантай холбогдуулан өнөөдөр /2020.02.17/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан болон Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар мэдээлэл өглөө. Нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96 мянга 480 төгрөг оногдож байна.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшиг иргэдэд ногдол ашиг тараах болсон талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар болон “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: “Эрдэнэс Тавантолгой” компани 10 гаруй жил үйл ажиллагаа явуулахдаа Компанийн тухай хуулийн дагуу ногдол ашиг хуваарилж ирсэн түүх байхгүй. Анх удаа “Эрдэнэс Тавантолгой” компани хуулийн хүрээнд хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах шийдвэр ТУЗ-ийн хуралдаанаас гарлаа. Өмнө нь тодорхой хэмжээнд төр давуу эрхээрээ зарим иргэний хувьцааг бэлэн мөнгөөр худалдаж авч байсан. Энэ удаагийнх ногдол ашиг их хуваарилалт бол бэлэн мөнгө тараалт биш, хуулийн хүрээнд хийгдэж буй ажил.

Жилийн өмнө нэгж хувьцаанд 25 төгрөг буюу нийт 26 мянга орчим төгрөг хуваарилахаар байсан. Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхлээд борлуулалт өмнө нь байгаагүйгээр нэмэгдсэн. Нийтдээ 1 их наяд орчим төгрөгийн орлого олсон. Тиймээс нэгж хувьцаанд олгох мөнгийг тооцоолоод 90 төгрөгөөр бодож, 1072 ширхэг хувьцаанд 96 мянган төгрөг хуваарилахаар шийдвэр гарсан. Өнгөрсөн жилийн тооцооллоос ногдол ашиг дөрөв дахин нэмэгдсэн гэсэн үг.

Цаашид бүтээн байгуулалтын ажлуудаа хийгээд, төмөр зам болон дагалдах төслүүдийг хэрэгжүүлээд эхэлбэл нэгж хувьцаанд ногдох төгрөгийн хэмжээ нэмэгдэх нь ойлгомжтой. Нөгөө талаар ТББ-уудыг бид ойлгож байгаа. Төр аливаа шийдвэрийг гаргахдаа хуулийн хүрээнд нь шийдвэрлэж, улсын бүтээн байгуулалт, иргэд олон нийтийг орлоготой байх талаас нь гээд асуудалд бүхий л талаас авч үзсэнээр дээрх шийдвэрийг гаргасан.

Тус компани 2019 онд нэг тэрбум 30 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан. Тиймээс нэгж хувьцааны ногдол ашгийг 90 төгрөгөөр тооцож, 1,072 ширхэг хувьцаанд 96 мянган төгрөг хуваарилахаар шийдсэн.

Цаашдаа компанийн орлого нэмэгдсэн тохиолдолд ногдол ашиг ч нэмэгдэнэ. 2014 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн иргэдэд хувьцаа эзэмшүүлсэн. Харин түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 600 мянга гаруй хүүхэд шинээр төрсөн. Бидэнд шинээр төрсөн хүүхдүүдэд ногдол ашиг тараах бүрэн боломж бий. Бид энэ асуудлыг Засгийн газарт танилцуулж, тухай бүрт нь мэдээлэл өгнө.

МӨНГӨ ТАРААЛТ БИШ КОМПАНИЙН ХУУЛИЙН ДАГУУ ОЛГОДОГ АШГИЙН ДАРААХ ҮР АШИГ

"Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: "Эрдэнэс Тавантолгой" ХК 2019 онд нэг тэрбум 30 сая ам.долларын борлуулалтын орлого олсон. 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Улсын төсөвт 670 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Үндсэн хуульд Монгол Улсын иргэд байгалийн баялгаас тэгш хүртэнэ гэсэн эрхтэй. Энэ хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарын чиглэлийн дагуу тодорхой судалгаа, тооцоог хийснээр "Эрдэнэс Тавантолгой” компани иргэддээ анх удаа ногдол ашиг олгохоор боллоо. 2016 оноос хойш манай  компани цэвэр ашигтай ажиллаж байгаа. 2016 он хүртэл "Эрдэнэс Тавантолгой" компани маш их хэмжээний өр төлбөрийг дарж, сүүлийн хоёр жил бүрэн барагдуулж дууссан. Ингэснээр 2019 онд гадаад, дотоод өр төлбөргүй ажилласан. Монгол Улсын төрийн өмчит компани маш сайн ажилладаг гэдгийг харуулсан бодит жишээ. Мөн төр муу менежер биш гэдгийг харуулсан. Тиймдээ ч өнөөдөр 2.5 сая хувьцаа эзэмшигч иргэд болон аж ахуй нэгж, байгууллагууд, 85 хувийг эзэмшиж байгаа төрд ногдол ашиг олгохоор ТУЗ-өөс шийдвэрлэлээ.

1072 хувьцаатай 1 сая 80 мянган иргэн байгаа. Тэд 96 мянга 480 төгрөгийн ногдол ашиг хүртэнэ. 667 мянга 898 иргэн 750 хувьцаатай байгаа. Тэд 67 мянга 500 төгрөгийн ногдол ашиг авна. 741  хувьцаатай 334 мянга 500 хувьцаа эзэмшигч 66 мянга 690 төгрөгийн ногдол ашиг авах юм. Нийтдээ 2 сая 80 иргэн ногдол ашиг авна гэсэн үг. Өнөөдөр 850 орчим иргэн хувьцааныхаа бүртгэлийг хийлгээгүй байна. Энэ нь ихэнхдээ хүүхдүүд байгаа. Мөн гадаадад байгаа иргэд бий. Мөн бусад бүртгүүлээгүй иргэд байгаа. Эдгээр иргэдийн бүртгэлийг хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл буюу ирэх дөрөвдүгээр сарын 17-ны өдрийг хүртэл явуулна. Ногдол ашиг өнөөдөр шууд иргэдийн дансанд орох асуудал биш. Нэгдүгээрт бүртгүүлэх ёстой. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг ирэх дөрөвдүгээр  сарын 17-нд зарлахаар төлөвлөж байна. Бид энэ хурлаар өнөөдрийн шийдвэрийг танилцуулснаар иргэдийн ногдол ашиг авах эрх нь баталгаажна.

Энэ жилдээ багтаад ногдол ашгийг олгоно гэж ойлгох хэрэгтэй. Эхний ээлжид бид бүртгэл, дансаа баталгаажуулаад, тавдугаар сараас ногдол ашгаа олгож эхэлнэ.

Энэ шийдвэр гарсантай холбогдуулан эерэг, сөрөг янз бүрийн мэдээлэл нийгэмд цацагдана, гарч эхэлнэ. Ялангуяа улс төрийн ашиг хонжоо хайж, нэр хүндээ өсгөх гэсэн төрөл бүрийн албан бус хаягаас мэдээлэл авахгүй байхыг иргэдээсээ хүсч байна. Тиймээс өнөөдрөөс 1072 нэг цонхны мэдээллийг ажиллуулж эхэллээ. 18001072 гэдэг утсаар иргэд мэдээлэл авах боломжтой. Бид 1.2 сая иргэн рүү утсаар мессеж явуулж байгаа. Тэр дагуу апп татаж авах боломжтой. Мөн фэйсбүүк хуудсаар ч мэдээлэл явуулна. Мөн 1072 төвд Даваа гараг болгоны 13.00 цагт бүртгэлийн тоон мэдээллийг тогтмол өгнө. Бид онлайнаар иргэд хувьцааны дансаа бүртгүүлэх боломжийг ч бүрдүүлж өгч байна. Гадаадад амьдарч байгаа иргэд онлайнаар дамжуулж бүртгэлээ хийлгэж, дансаа нээлгэж болно” гэв.

Түүнчлэн  “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшиж байгаад нас барсан иргэний ногдол ашгийг өв залгамжлалын дагуу олгоно. Малчдын ихэнх буюу бараг 90 орчим хувь нь бүртгэлээ хийлгүүлсэн гэдгийг  тодотгож байна.


ЕТТ нэгдсэн бүртгэлийн аппликейшн ашиглах заавар

Хувьцаа эээмшигч иргэн та www.ett.mn сайтаар орж нэвтрэх хэсэгт дарж регистерийн дугаар болон утасны дугаараа оруулан нэвтрэх боломжтой Та гар утасныхаа Playstore, Аррstore-оос Эрдэнэс Тавантолгой гэж хайгаад манай апликейшнийг татаж суулгаарай

Хэрэв та анх удаа аппликейшнийг ашиглах гэж байгаа бол ногдол ашиг хэсэгт дарж регистерийн дугаар. утасны дугаараа оруулан нэвтэрч орсны дараа дэлгэрэнгүй мэдээллээ бөглөөрэй Ингээд та өөрийн хувьцааны тоо ширхэг болон. ногдол ашгийн хэмжээг харах боломжтой болно

Данс шалгах хэсэгт орж “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хэдэн ширхэг хувьцаатай болохоо шалгахыг хүсвэл өөрийн регистерийн дугаараа оруулж шалгаарай Мөн данс нээлгэсэн брокерийн компаниа харж холбоо барих мэдээллийг авч болно

Үнэт цаасны компаниуд хэсэгт орж Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй брокерийн компаниудын хаяг. байршил. утасны дугаар бүхий мэдээллийг авч холбогдон хувьцааны дансаа нээлгэж үйлчлүүлэх боломжтой.

Харилцах утас: 1800-1072

Вэб сайт: www.ett.mn

Facebook page хуудас: 1072 Хувьцаа мэдээллийн төв

Appstore апп нэр Эрдэнэс Таван Толгой

Playstore апп нэр: Эрдэнэс Таван Толгой хувьцаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж