Босни Герцеговинаас гэр бүлийнхээ хамт дүрвэн ирсэн дөрвөн настай хүүг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн 32 настай эрэгтэйг Германы цагдаагийн газар баривчилжээ. Бяцхан хүү сар гаруйн өмнөөс сураггүй алга болсонд тооцогдож байсан аж. Харин өчигдөр сэжигтэн эрэгтэйн машинаас алга болсон дөрөвхөн настай Мохамед хүүгийн цогцос олдсон байна. Цогцсыг муурын ялгадас хийх зориулалтын гялгар уутанд хийсэн байсны зэрэгцээ нас бараад нэлээд удсан байдалтай байжээ.
Мохамед хүү энэ сарын 1-нд ээжийгээ даган эгчийнхээ хамтаар Берлин хот дахь дүрвэгсдийн төвд ирэх үедээ ор сураггүй алга болсон байна. Хохирогчийнх Германд жил гаруйн хугацаанд амьдарч буй бөгөөд хууль ёсны орогнох эрхтэйгээр амьдарч байжээ. Харин алга болдог өдөр эх нь түүнийг дагуулан дүрвэгсдийн байгууламжид тэтгэмж авахаар очсон байна.
Цагдаагийн газрын нийтэд дэлгэсэн нууц камерийн бичлэгт сахлаа ургуулсан залуу чихмэл тоглоом гартаа барьсан Мохамед хүүг дагуулан явж буй байдал дүрслэгдсэн байжээ.
Б.ДАВАА