Шийдлийн засаг дэд сайдгүй ажиллана

Хуучирсан мэдээ: 2015.10.30-нд нийтлэгдсэн

Шийдлийн засаг дэд сайдгүй ажиллана

16:26

2015 оны төсвийн тодотголыг баталлаа

УИХ-аар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотгол, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөвдэх хэлэлцүүлгийг хийж, зүйл заалт бүрээр санал хураалган, гишүүдийн 86 хувийн саналаар хуулиудыг бүхэлд нь баталлаа.


16:07

Сайд нар хэдийг зарцуулах вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголын гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг тус бүр хийж, төсөв ерөнхийлөн захирагч нарын төсвийн зарцуулалтыг дараах байдлаар баталж өглөө.

1.Ерөнхийлөгчийн тамгын газар 6.3 тэрбум

2.УИХ-ын дарга 26.2 тэрбум

3.Үндсэн хуулийн цэц 809.6 сая

4.Улсын Дээд Шүүх 3.9 тэрбум

5.Шүүхийн ерөнхий зөвлөл 52.1 тэрбум

6.Хүний эрхийн үндэсний комисс 832 сая

7.Улсын ерөнхий прокурор 18 тэрбум

8.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга 2.048 тэрбум

9.Улсын ерөнхий аудитор 9.7 тэрбум

10.Авлигатай тэмцэх газрын дарга 10.4 тэрбум

11.Санхүүгийн зохицуулах хорооны дарга 4.1 тэрбум

12.Төрийн албаны зөвлөлийн дарга 612.6 сая

13.Үндэсний статистикийн хорооны дарга 7.4 тэрбум

14.Сонгуулийн ерөнхий хорооны дарга 876.6 сая

15.Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга  507.2 сая

16.Ерөнхий сайд 76.8 тэрбум

17.Шадар сайд 109.7 тэрбум

18.Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга 15.203 тэрбум

19.Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд 67.7 тэрбум

20.Гадаад хэргийн сайд 60.5 тэрбум

21.Сангийн сайд 2.9 их наяд

22.Хууль зүйн сайд 415.3 тэрбум

23.Зам тээврийн сайд 158.4 тэрбум

24.Батлан хамгаалахын сайд 201.7 тэрбум

25.Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд 1.1 их наяд

26.Уул уурхайн сайд 19.8 тэрбум

27.Хүнс хөдөө аж ахуйн сайд 135.2 тэрбум

28.Хөдөлмөрийн сайд 52.8 тэрбум

29.Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд 404.3 тэрбум

30.Эрүүл мэнд, спортын сайд 605 тэрбум

31.Аж үйлдвэрийн сайд 19.3 тэрбум

32.Барилга хот байгуулалтын сайд 57.8 тэрбум төгрөгөөр тус бүр баталлаа.


15:33

Дэд сайд нарыг цомхотголоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн анхны хэлэлцүүлгээр нь батлахыг гишүүдийн 90.6 хувь дэмжсэнээр баталлаа. Ингэснээр дэд сайд нарыг цомхотгох болж байна. Энэ хууль нь УИХ-аас Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголын хууль батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжих юм.

Мөн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг гишүүдийн 80 гаруй хувийн саналаар дэмжин баталлаа. Мөн Төрийн албаны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг гишүүдийн 82.4 хувиар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 82.4 хувийн, Гүйцэтгэх ажлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 76.9 хувийн саналаар, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 76.9 хувийн саналаар тус бүр баталлаа.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гишүүдийн 82.4 хувийн, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 72.5 хувийн, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд гишүүдийн 70.6 хувийн саналаар дэмжигдэж, тус бүр батлагдлаа.


15:22

2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 89.6 хувийн саналаар баталлаа.

Дээрх хуулийн төслийг батлахын өмнө УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “2016 оны төсвийн орлогыг 1 их наяд төгрөгөөр бууруулахаар болсон байтал төсвийн төсөөлөлд алдагдлыг нэмээд байна. Орлогын хэмжээг 1 их наяд төгрөгөөр нэмж, алдагдлыг 900 тэрбум төгрөгөөр нэмж, Засгийн газрын өрийг нэмэх боллоо. Төв банкнаас оруулж ирсэн Мөнгөний бодлого, Засгийн газар ямар бодлого хэрэгжүүлнэ, түүний дагуу явна гэсэн. Оруулж ирсэн төсвийн төсөөллөөр арилжааны банкуудын хүү өсөх нь, төгрөгийн ханш сулрах нь, Засгийн газрын өр нэмэгдэх нь. Яагаад ийм бодлого оруулж ирээд байна вэ” гэв.

Сангийн сайд Б.Болор: Өр нэмсэн юм байхгүй. Та бол сайн мэдэж л байгаа. 2010 оноос хойш явсан буруу зарчим нь алдагдлыг дотоодын бонд гаргаж нөхсөөр яваад ийм байдалд хүрсэн. 2016 оны төсвөөр алдагдлыг нөхөх замаар дотоод, гадаад бонд гаргахгүй. 2017 оноос алдагдлыг 0- лэх боломж бүрдэнэ. Дээр нь та бүхний гаргасан саналуудыг оруулаад сайжруулах боломжийг эрэлхийлж байна” гэсэн хариулт өглөө.


14:55

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 14.00 цагт зарлагдсан ч ирц бүрдэхийг хүлээсээр 14.55 цагт эхэллээ. Хуралдааны эхэнд өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн найруулгыг сонсч баталлаа. Уг хууль батлагдсан өдрөөс буюу өчигдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн.

Өршөөлийн хууль хэрэгжиж эхэлснээр 1700 иргэн шоронгоос суллагдана.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж эхлээд байна. Эхний дөрвөн асуудал нь энэ оны төсвийн тодотголтой холбогдож байгаа юм.

Г.ДАРЬ


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж