Үндэсний статистикийн хорооноос 2020 оны нэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг өнөөдөр /2020.02.17/ танилцууллаа.
Тус тайланд дурдсанаар, өрхийн нийгэм, эдийн засгийн 2019 оны дөрөвдүгээр улирлын судалгаагаар, нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 150.4 мянган төгрөг буюу 13.5 хувиар өсчээ. Өрхийн мөнгөн орлого өсөхөд цалин хөлсний орлого 86.8 мянган төгрөг, ХАА-н үйлдвэрлэлийн орлого 26.6 мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Харин өрхийн сарын дундаж зарлага мөн адил 1.3 сая төгрөг болж өссөн байна. Энэ өмнө оны үетэй харьцуулахад 184 мянган төгрөг буюу 16 хувиар өсчээ. Өрхийн зарлага өсөхөд хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага 145.7 мянга, хүнсний бүтээгдэхүүний зарлага 25.2 мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
БЭЛГИЙН ЗАМААР ДАМЖИХ ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ 538-ААР НЭМЭГДЖЭЭ
Улаанбаатар хотод 2020 оны нэгдүгээр сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 288 болов.
Үүний зэрэгцээ, халдварт өвчнөөр өвчлөгчид 4184 болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 513-аар нэмэгдсэн байна. 2020 оны нэгдүгээр сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1900 болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 538-р нэмэгдэж, амьсгалын замын халдвар 1516 болж, 169-өөр, гэдэсний халдварт өвчин 185 болж, 116-аар буурчээ.
ГАДААД ХУДАЛДААНЫ ТЭНЦЭЛ 14.3 САЯ АМ.ДОЛЛАРЫН АЛДАГДАЛТАЙ ГАРЧЭЭ
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 178.9 сая ам.доллар /16.1 хувиар/, үүнээс экспорт 148.2 сая ам.доллараар /24.4 хувиар/, импорт 30.7 сая ам.доллараар /6.1 хувиар/ тус тус буурчээ.
Экспорт өмнөх оны мөн үеэс 148.2 сая ам.доллараар буурахад боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт хийгдээгүй, зэсийн баяжмалын экспорт 43.2 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Харин импорт өмнөх оны мөн үеэс 30.7 сая ам.доллараар буурахад суудлын автомашины импорт 15.4 сая ам.доллар, ачааны автомашин импорт 10.8 сая ам.доллароор буурсан нь голлон нөлөөлжээ.
Гадаад худалдааны тэнцэл 2019 оны нэгдүгээр сард 103.3 сая ам.долларын ашигтай гарч байсан бол 2020 оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 117.5 сая ам.доллараар буурч, 14.3 сая ам.долларын алдагдалтай байна.
АЖ ҮЙЛДВЭР САЛБАРЫН НИЙТ ҮЙЛДВЭРЛЭЛ БУУРЧЭЭ
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2020 оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 191.4 /14.5 хувь/ тэрбум төгрөгөөр буурлаа. Үүнд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 219.0 /23 хувь/ тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлөв. Үүнд, нүүрс олборлолт 183.1/43.9 хувь/ тэрбум төгрөгөөр, газрын тос олборлолт 18.1 /23 хувь/ тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 17.4 /3.9 хувь/ тэрбум төгрөгөөр, бусад ашигт малтмал олборлолт 452.0/5.4 хувь/ сая төгрөгөөр тус, тус буурсан нь голчлон нөлөөлжээ.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2020 оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 370.4 /23.3 хувв/ тэрбум төгрөгөөр буурлаа. Үүнд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулалт 524.4 /43.9 хувь/ тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлсөн байна.
Холбоотой мэдээ