Н.Мандуул: Бид Г.Загдаатай цаашид ч хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2020.02.17-нд нийтлэгдсэн

Н.Мандуул: Бид Г.Загдаатай цаашид ч хамтран ажиллана

Н.Мандуул: Бид Г.Загдаатай цаашид ч хамтран ажиллана

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга Н.Мандуултай ярилцлаа.


-Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Г.Загдаагийн хооронд үүссэн маргаан сошиал орчинд өнгөрсөн долоо хоногт олон нийтийн анхаарлыг ихэд татлаа. Яг юу болсон талаар бидэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Болсон үйл явдлын талаар ярихаас өмнө энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Манай байгууллага Г.Загдаагийн "Зөв амьдрах ухаан" ТББ-тай хамтран ажилладаг. Одоо ч гэсэн хамтран ажиллаж байна. Бид зорилтот бүлгийн буюу архины хамааралтай болчихсон гэр бүл, насанд хүрсэн хүмүүсийг энэ хамаарлаас нь гаргах, гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийнхөө хүрээнд "Зөв амьдрах ухаан" ТББ-тай гэрээ байгуулан, тодорхой ажлыг тус байгууллагаар гүйцэтгүүлэн, хамтран ажилладаг. Гүйцэтгэсэн ажлынх нь хүрээнд харилцан тохиролцсоны дагуу тодорхой гэрээний санхүүжилтээ манайх тус байгууллага руу шилжүүлээд явж байна. Одоо ч гэсэн энэ гэрээний хүрээнд нэг жижигхэн ажил хийгдээд явж байна. Г.Загдаагийн ТББ-тай бид цаашдаа ч хамтран ажиллана.

-Яагаад? Хоёр байгууллагын дунд нэлээн ширүүхэн маргаан үүссэн байх шиг байсан шүү дээ?

-Яагаад гэвэл, өнөөдөр Монголын нийгэм тэр дундаа нийслэл Улаанбаатар хотод архины хамааралтай хүмүүсийн тоо асар их байна. Бид саяхан тооллого хийж үзэхэд, бараг 1570 хүн архины гүн хамааралтай, амьдралын зорилго нь архи болчихсон хүмүүс байна. Эдгээр хүмүүст тусламж үзүүлэх зорилготой Нийслэлийн нийгмийн хамгааллын тусгай төв гэж бий. Тухайн төв нь 250 ортой бөгөөд өнөөдөр нэг ч хүн нэмж авах боломжгүй болчихсон. Ийм үед бид зөвхөн "Зөв амьдрах ухаан" ТББ-аас гадна хэд хэдэн байгууллагатай хамтран ажилладаг. Тухайлбал, нийслэлийн АА нийгэмлэг, Амьдралын аваргууд гэх мэтчилэн эдгээр байгууллагын үндсэн чиг үүрэг нь яг ижилхэн. Архины хамааралтай хүмүүст үйлчилгээ үзүүлэн, архины хамаарлаас нь гарган, амьдралын зөв, хэвийн хэв маягт нь оруулахад үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд. Тэдгээр байгууллагуудтай бид хамтран ажилладаг. Түүний нэг нь "Зөв амьдрах ухаан" ТББ байгаа юм.

-Тэгвэл ямар учир шалтгааны улмаас танай хоёр байгууллагын дунд асуудал үүсч, сошиал орчинд шуугиан дэгдээв?

-"Зөв амьдрах ухаан" ТББ-т 62 хүүхэд бий. Тэдний 55 нь тэнд амьдарч буй хүмүүсийн хүүхдүүд, үлдсэн долоон хүүхэд нь эцэг эх, асран хамгаалагчийнх нь ямар ч зөвшөөрөлгүйгээр тус газарт амьдарч байна. "Зөв амьдрах ухаан" ТББ нь хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулах магадлан итгэмжлэх авсан байгууллага болохоос биш асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлдэг буюу хүүхдийг 24 цагаар асардаг, хамгаалдаг байгууллага биш. Ингэхийн тулд тусгай зөвшөөрөл авдаг. Өнөөдөр нийслэл хотод ийм тусгай зөвшөөрөл авсан 17 байгууллагын 27 төв ажиллаж байна. Эдгээр төвд 867 хүүхэд амьдарч байна. Тэдгээр 27 төвийн дунд "Зөв амьдрах ухаан" ТББ байхгүй. Тэд тусгай зөвшөөрлөө аваагүй. Иймээс Г.Загдаад тэдгээр долоон хүүхдийг асран, халамжлах эрх нь байхгүй гэсэн үг.

Иймээс бид Г.Загдаагаас тусгай зөвшөөрлөө авахыг нь шаардаж байгаа юм. Тусгай зөвшөөрлийг нь манай байгууллага өгдөггүй, холбогдох мэргэжлийн байгууллага нь өгч, дүүргийн Засаг даргын захирамж гарсны дараа тэдгээр долоон хүүхдийг Загдаа гуай өөр дээрээ байлгах боломжтой.

"Зөв амьдрах ухаан" ТББ тусгай зөвшөөрөлгүй учраас бид тэдгээр хүүхдүүдийг тус төвд байлгах боломжгүй байгаа юм.

-Тухайн хүүхдүүд яг ямар учиртай хүүхдүүд вэ?

-"Зөв амьдрах ухаан" ТББ-д байгаа долоон хүүхэд нь эцэг эх асран хамгаалагчийн зөвшөөрөлгүй тус газарт амьдарч байгаа юм. Тухайн долоон хүүхдийн хоёр нь одоогоос таван жилийн өмнө Бадамлянхуа асрамж, халамжийн төвд байрлахаар Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж гарч байсан боловч өнөөдрийг хүртэл тэд "Зөв амьдрах ухаан" ТББ-т байсаар байна. Бадамлянхуа асрамж, халамжийн төвөөс бидэнд хэлэхдээ, тэд хоёр, гурван удаа хүүхдүүдийг авах гэж очсон боловч өгөөгүй гэх тайлбарыг өгсөн. Мөн Баянзүрх дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас дээрх хоёр хүүхдийг авах гэж очсон боловч мөн адил авч чадаагүй гэдэг зүйл ярьдаг.

Үлдсэн таван хүүхдийн асуудал гэвэл, дөрвөн хүүхдийнх нь эцэг эх нь тодорхой. Нэгэнт олны дунд нийгмийн сүлжээгээр нэр ус нь тархчихсан тул нэрийг нь хэлье. Нэг нь н.Халиунаа гэж эмэгтэй бий. Түүний нэг хүүхэд, мөн н.Сандагдоржийн гурван хүүхэд бий. Эдгээр хүүхдүүдийн эцэг эх нь өнөөдөртөө байна. Яагаад би өнөөдөртөө гэж хэлж байна вэ гэхээр эцэг, эх байх эрхийг нь түдгэлзүүлэх, хасах шийдвэрийг Монгол Улсад шүүх гаргадаг. Гэтэл шүүхээс тийм шийдвэр гаргаагүй. Эцэг эх нь хүүхдүүдээ "Зөв амьдрах ухаан"ТББ-д байлгахыг зөвшөөрөөгүй, очоод авъя гэхээр өгдөггүй ийм л асуудал үүсээд байна.

Төрийн байгууллага болох бидний зүгээс нөхцөл байдлын үнэлгээ гэдэг зүйлийг тус газарт нь болон ар гэрт нь хийсэн. Ар гэрт нь байлгах уу аль эсвэл өөр газар байлгах уу гэдэг дүгнэлтийг манай байгууллага гаргадаг. Бид шүүхэд н.Халиунаа, н.Сандагдорж хэмээх хүмүүсийг эцэг эх байх эрхийг нь хөндсөн хүсэлт гаргачихсан байгаа. Тэгэхээр шүүх эцэг, эх байх эрхийг нь хасах шийдвэр гаргачихвал бид Хан-Уул болон Чингэлтэй дүүргийн Засаг дарга нарт нь хандан, тэнд байгаа дөрвөн хүүхдийг хаашаа нь өгөх вэ гэдгийг шийднэ.

Хуулийн дагуу эцэг эх байх эрх нь хасагдсан бол асран хамгаалагч тогтоох ёстой. Асран хамгаалагчийг хуулийн дагуу хэрхэн тогтоодог вэ гэхээр тухайн дүүргийн Засаг дарга Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй асрамж, халамжийн төвүүдтэй харилцан зөвшилцөж байгаад тухайн төвд тогтоож өгдөг. Өөрөөр хэлбэл, дээр хэлсэн 27 төвийн аль нэгэнд нь эдгээр хүүхдүүдийг байлгана. Улсын "Өнөр бүл" төв, Нийслэлийн хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор аль, аль нь тэдгээр хүүхдүүдийг авахад бэлэн байна гээд мэдэгдчихсэн.

Харин үлдсэн нэг хүүхэд нь Чингэлтэй дүүргийн харьяат, энэ жил 10 нас хүрнэ. Бид энэ хүүхдийн ээжтэй яг одоо ажиллаад явж байгаа. Ээж нь архины хамааралтай, тодорхой өвчтэй хүн байгаа. Бид ээжтэй нь ажиллаад, ах дүү хамаатан садан нь ямархуу хүмүүс байх вэ, хүүхдээ буцааж авах боломж бололцоо юу байна. Боломжгүй гэвэл хүсэлтээ гаргаад Засаг даргаар нь захирамжийг нь гаргуулаад бид 27 асрамжийн төвдөө авахад бэлэн. Яг одоо энэ ажил хийгдээд явж байна.

Энэ шийдвэр гарлаа гэхэд бид "Зөв амьдрах ухаан" ТББ-аас тэдгээр хүүхдүүдийг авч чадах уу гэдэг яг үнэнийг хэлэхэд жаахан асуудал байна.

-Яагаад хүүхдүүдийг өгөхгүй байгаа юм бол?

-Мэдэхгүй байна. Үүнийг хууль хяналтын байгууллагынхан шалгах байх.

-Та нар захирамжаа танилцуулаад авч болдоггүй юм уу. Төрийн байгууллага шүү дээ?

-Би түрүү нь хэлсэн. Бадамлянхуа асрамжийн төв дөрвөн жилийн өмнө захирамж нь гарчхаад байхад авч чадахгүй байдалтай өнөөдрийг хүрлээ.

Бид өнгөрсөн жил "Зөв амьдрах ухаан" ТББ-д амьдарч байсан хоёр хүүхдийг эцэг эхтэй нь нэгтгэх ажлыг хийсэн. Тухайн хүүхдийн аав, ээж нь "Зөв амьдрах ухаан" ТББ-д байсан. Нөхөр нь долоон жил орчим, эхнэр нь таван жил орчим байж байгаад тэндээсээ гарсан. Нэг нь банканд хамгаалагч хийж байна, харин нөгөө нь зоогийн газарт тогооч  хийж байна. Учиргүй мундаг сайхан биш ч гэсэн ямар ч л байсан айл болоод амьдарч байна. Хоёр хүүхдийг нь бид нэлээн юм болж байж авсан. Манай дээд байгууллага болох Засгийн газрын агентлагийнхаа Хууль, эрх зүйн газрын дарга, ХЭҮК-ийн ажлын албаны дарга, референт, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын албаны хүмүүс гээд бид нийлж байгаад очиж авсан. Бас л бөөн шуугиан болж, бичлэг, лайв хийгдэж байж авч, эцэг эхэнд нь эргэн нэгтгэсэн.

-Өнгөрсөн хугацаанд хэчнээн хүүхдийг ар гэрт нь нэгтгээд байна вэ?

Дээр хэлсэнчлэн 27 асрамжийн газар байгаа 900 орчим хүүхдээс өнгөрсөн жил бид 61 хүүхдийг ар гэрт нь нэгтгэсэн. Өөрөөр хэлбэл, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага болон бидний барьж байгаа бодлого ч асрамжийн төвийг шинээр олныг байгуулаад, аль болох олон мянган хүүхдийг асрамжийн газар байлгах гэхээсээ илүүтэй хүүхдүүдийг аав ээжтэй нь байлгая гэдэг рүү чиглэж байна. Өндөр хөгжилтэй орнуудад жил бүр асрамжийн газрын тоо, тэнд байгаа хүүхдүүдийн тоо ч гэсэн буурч байна.

-Манай улсад энэ тоо хэр байна вэ?

-Манай улсад энэ тоо тогтмол байна. Үүнийг бууруулах ажлыг бид хийж байна. 2019 онд бид 61 хүүхдийг эцэг эхэд нь эргэн нэгтгэсэн. Бид хяналт, эргэн тойрох ажлыг дүүргээрээ дамжуулан хийж байна. Энэ бол том амжилт.

Бид 2020 ондоо үүн дээрээ суурилаад үүнээс ч олон хүүхдийг ар гэрт нь нэгтгэх ажлыг хийхээр төлөвлөгөөгөө боловсруулаад байж байна.

Аав, ээж нь байдаг хэр нь хүүхэд нь асрамжийн төвд байх тохиолдол олон бий. Тэд хүүхдээ өлсгөлөн явуулахгүй гэсэндээ ийм сонголт хийдэг. Ийм бодолтой хүмүүсийг бид гэр бүлийг дэмжих бодлогынхоо хүрээнд хамруулан тодорхой хугацааны дараа хүүхэдтэй нь нийлүүлдэг.

Өнгөрсөн жил бид гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг туршиж эхэлсэн. Улаанбаатар хотын хэмжээнд 2430 өрхийг зайлшгүй хөгжлийн болон хамгааллын нөхөн сэргээх үйлчилгээ шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Иймээс тэдгээр өрхийг дүүрэг дүүргээр нь хуваарилан, тусгай баг гарган ажиллуулж байна. Эдгээрээс тодорхой өрх нь төлөвшөөд, асрамж халамжийн төвд байсан хүүхдүүдтэй нь нэгтгэж байна.

Дээрх ажлуудыг бид төсвийн хөрөнгөөр хийхээс гадна олон улсын хүүхдийн байгууллагуудтай хамтран ажиллаж, тэдгээр байгууллагаас санхүүжилтийг нь гаргуулах тохиолдол бий.

Тухайлбал, бид олон улсын хүүхдийн байгууллага болох Кристина Нобелтай хамтын ажиллагааны хүрээнд 60 гэр бүл дээр хөгжлийн үндэс хөтөлбөрийг хэрэгжүүлж, гэр бүлийг дэмжих үйлчилгээг үзүүлсэн. Мөн 15-25 насны 100 залууг хөгжүүлэх ажлыг өнгөрсөн жилээс эхлэн хэрэгжүүлж байна. Энэ 2020 онд тэдгээр залуучуудыгаа цааш нь хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг чиглэлд дээр анхаарч ажиллана. Энэ хөтөлбөрт ихэвчлэн асрамжийн төвөөс гарах насан дээрээ оччихсон залуус хамрагддаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж