Хятадын эсрэг хориг нь дүрэм зөрчсөн гэв

Хуучирсан мэдээ: 2020.02.17-нд нийтлэгдсэн

Хятадын эсрэг хориг нь дүрэм зөрчсөн гэв

Хятадын эсрэг хориг нь дүрэм зөрчсөн гэв

Хятадын төрийн зөвлөлийн Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн Баасан гаригт уушгины үрэвсэлт өвчин “COVID-19” үүсгэдэг вирусийн эсрэг тэмцэлд Бээжин нь олон улсын хүн ардын хүлээн зөвшөөрөл, хүндэтгэлийг олсон хэмээн “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Гэнэтийн халдварт өвчний тархалт нь Хятадад төдийгүй дэлхий дахинд том сорилт болсон юм. Хэцүү цаг нөхцөлд Хятадын Засгийн газраас бүх нөөц боломжоо дайчлах үндэсний механизмыг шуурхай, амжилттай бий болгосон гэдгийг Ван И мэдэгджээ. Өнөөдрийн байдлаар “COVID-19” өвчний халдвар нэг хоногт 2103-аар өсч, 69 мянга 266 мянган хүнд халдварлаж, нас барсан хүний тоо 1775 болж, эдгэсэн хүний тоо 10929 болсон байна. Уг өвчин дэлхийн 27 оронд бүртгэгдээд байгаа бөгөөд сүүлд Египетэд халдвартай хүн илэрсэн нь Африк тивийн анхных болжээ.

Олон улсын эрүүл мэндийн дүрмийн (IHR) байгууллагаас ДЭМБ болон 196 оронд хандан хийсэн мэдэгдэлдээ халдвар өвчний тархалтаас сэргийлэх арга ажиллагааныхаа үеэр олон улсын худалдаа, тээврийн үйл ажиллагаанд саад болохоос зайлсхийхийг сануулжээ. Ялангуяа Хятадын эсрэг аяллын хориг тавьж байгаа нь дүрэм журмыг зөрчиж буй үйлдэл гэдгийг онцолсон байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хамгийн түрүүнд нэгдүгээр сарын 31-нд Хятадаас ирж буй зорчигчдыг хориглох шийдвэр гаргасан. Улмаар төстэй арга хэмжээг олон орон авч хэрэгжүүлээд байна. Халдварт өвчний эсрэг хамгийн шуурхай ажиллаж, нисэх буудлуудад зорчигчдын халууныг үзэж эхэлсэн орнууд бол АНУ, Энэтхэг, Нигери, Япон улсууд аж. Гэхдээ Хятадын эрдэмтдийн мэдээлснээр “COVID-19” өвчний вирус нь 24 хүртэл хоногийн хугацаанд ямар ч шинж тэмдэггүй явж болохыг сануулсан. Их Британийн Засгийн газраас нисэх буудалд тусгай мэргэжилтэн ажиллуулж, зорчигчдод шинж тэмдэг илэрсэн нөхцөлд яах ёстой зааварчилгааг нэгбүрчлэн өгч байна. Халдварт өвчинтэй тэмцэхийн тулд хөл хорихоос гадна иргэдэд үнэн зөв мэдээллийг хүргэх нь Засгийн газрын үүрэг аж. Гэвч иргэд албаныхны мэдэгдлээс илүү олон нийтийн сүлжээнд итгэж байгаа нь асуудал дагуулж байна. Тухайлбал, халдвараас сэргийлэхийн тулд хүмүүс хамартаа элдэв тос, шингэн дусааж, худал цуурхал тарааж, нэгнийгээ ялгаварлан гадуурхах хандлага гаргажээ.

Египетэд 33 настай гадаадын иргэн халдвар авсан нь тогтоогдсоноор тус улсын эмнэлэгт тусгаарлагдсан байна. Түүнтэй шууд харилцсан 17 хүнийг шинжлэхэд халдвар илрээгүй боловч 14 хоног тусгаарлахаар болжээ. Их Британид халдварт өвчний сэжигтэй 3000 орчим хүнийг шинжилжээ. Францад 80 настай хятад эмэгтэй нас барснаар “COVID-19,” өвчнөөр Европт хүн нас барсан анхны тохиолдол болжээ. Испанийн Засгийн газраас Барселонд жил бүр болдог олон улсын шоуг цуцалж, халдвараар сэргийлэх арга хэмжээ авч буйгаа зарлажээ. Германд халдвараас сэргийлэн зарим нислэгийг цуцалснаас зорчигчдын тоо өнгөрсөн нэгдүгээр сард 0,7 хувиар буурчээ. Энэтхэг улсаас халдвараас сэргийлэхийн тулд усан онгоцны боомтуудад хөл хорио тогтоох болон хүмүүсийн биеийн байдлыг үзэх тусгай нэгжийг байгуулжээ. Тус улс нь Хятадтай газраар гэхээс илүү далай тэнгис, боомтоор ихээхэн холбогдсон байдаг. Хятадаас ирж буй бүх нислэгийг өндөр хяналттай шалган нэвтрүүлж байна. Энэтхэгт өнөөдрийн байдлаар халдварын гурван тохиолдол бүртгэгджээ. Камбож улс нь олон улсад хүлээн авахаас татгалзсан “Westerdam” хөлгийг боомтдоо буулгаж, зорчигчдыг нүүлгэн шилжүүлсэн. Тус хөлөг дээр халдвар илрээгүй боловч 14 хоногийн турш далайд гацсан байв. Сингапурын Ерөнхий сайд Ням гаригт Чанги нисэх буудалд зочлох үеэрээ аялал жуулчлалын салбар халдварт өвчнөөс болж ихээхэн хохирол амсч байгааг онцолжээ. Сингапурын эдийн засагт “COVID-19,” өвчний хор хөнөөл ирэх хоёр улирлын турш хүчтэй мэдрэгдэх гэнэ. Ази Номхон далайн орнуудын ирэх гурав, дөрөвдүгээр сарын аяллын захиалга жилийн үзүүлэлтээр 10,5 хувиар буурчээ. Түүнчлэн аяллын урьдчилсан захиалга Зүүн Хойд Азид 17,1 хувь, Өмнөд Азид 11 хувь, Зүүн Өмнөд Азид 8.1 хувиар буурсан байна.

ЯПОНЫ ЭРЭГТ ТУСГААРЛАГДСАН ХӨЛӨГ

Олон улсын анхаарал халдвар гарсан хөлөг дээр төвлөрч эхэлсэн энэ үед АНУ-ын Элчин сайдын яамнаас өөрийн орны 400 орчим иргэнийг хөлгөөс нүүлгэн шилжүүлэх тухай захидлыг илгээжээ. Японы эрэгт тусгаарлагдсан хөлгөөс АНУ-ын зорчигчдыг Токио хотын Ханеда нисэх буудлаар дамжуулан нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөсөн аж. “Diamond Princess” хөлөг онгоцонд 3700 орчим хүн зорчиж явсны дундаас нэг эрэгтэй халдвар авсан нь тогтоогдсоноор хоёрдугаар сарын 3-нд Ёкохама боомтод ирмэгц нь тусгаарласан юм. Харин Японы Засгийн газраас маргааш гэхэд хөлөг дээрх бүх хүнийг шинжилж дуусах ба хариу нь гурав хоногийн дараа хоёрдугаар сарын 21-нд гарснаар зорчигчдыг нүүлгэн шилжүүлэхээ мэдэгджээ. Сүүлд хөлөг дээр халдварын 70 шинэ тохиолдол бүртгэгдсэний 38-т нь ямар ч шинж тэмдэг илрээгүй байна. Түүнчлэн Өмнөд Солонгосын Засгийн газраас Ням гаригт мөн л Японы Ёкохама боомтод хөл хоригдсон 355 иргэнээ нүүлгэн шилжүүлэхээ мэдэгджээ. Зорчигчдыг Японы талаас зөвшөөрч, халдваргүй нь тогтоогдвол эх оронд нь авчирна гэдгийг Өмнөд Солонгосын эрүүл мэндийн сайд Пак Нён Ху мэдэгджээ. Тус улсад одоогийн байдлаар халдварын 29 тохиолдол бүртгэгдээд буй. Сүүлд гадаадад аялаад ирсэн 82 настай эрэгтэйгээс халдвар илэрчээ. Өмнөд Солонгост 70 мянга 890 сэжигтэй тохиолдлоос 70 мянга 313 нь сөрөг гарсан ба 577 нь хариу хүлээгдэж, хөл хорионд байна. Өмнөд Солонгосын “Asiana Airlines” нисэх компани халдвараас сэргийлэхийн тулд Зүүн Өмнөд Азийн нислэгийн тоогоо бууруулж, Хятад руу 26 нислэгийнхээ 24-ыг нь цуцалсан байна. Энэ нь тус компанийн энэ оны нэгдүгээр улирлын орлогын 19 хувиар бууруулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж