Миний тэмцэл газрын маргаанд загвар болж байгаа

Хуучирсан мэдээ: 2010.07.29-нд нийтлэгдсэн

Миний тэмцэл газрын маргаанд загвар болж байгаа

“Монгол глобал” компанийн Ерөнхий захирал Б.Ганбаярыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Их хотын замын түгжрэлийг бууруулахад хувийн хэвшлийнхэн хувь нэмрээ оруулах эхлэлийг танай компани тавилаа. “Нарны зам” гэж ярьдаг шиг “Саруул” төвийн замыг жолооч нар, нийслэлийнхэн андахаа больжээ. Таныг компанийнхаа эзэмшлийн ба­рилга,  байгууламжаа ну­раан зам зассан гэж сонссон юм байна?

-Улсын маань нүүр царай, нэрийн хуудас болсон Улаанбаатарын төлөвлөлт, барилга орон сууцны байрлал сүүлийн хэдэн жилд үнэхээр утгаа алдсан. Мөнгө олохын тулд замыг нь хааж, байшин барьснаар хэчнээн олон хүн зам тээврийн осолд орж байгаа билээ. Өдөрт хэдэн арван автомашин мөргөлдөж байна. Замын түгжрэлийн тухай ярих ч юм биш. Хотын төлөвлөлтөд санаа зовж явдгийн хувьд компанийнхаа эзэмшлийн газар нутагт урдаасаа хойшоо нэвтэрдэг гудамж нээж, зам тавилаа. Замаа засахын тулд төлөв­лөгөө боловсруулж тэрбум гаруй төгрөгийн үнэтэй бай­шингаа нураалаа. Оф­фи­сын барилгынхаа зүүн талаас 200-гаад метрийг хаслаа. Ингэж сулласан 1300 метр.кв талбай дээрээ долоон метр өргөнтэй, хоёр талдаа явган хүний замтай нийтийн эзэмшлийн зам талбай байгуулаад дуусах шатандаа явж байна.

Зөвхөн замаа засахад 200 гаруй сая төгрөг зарцуулсан. Мөн зүлэгжилт хийж байна. Гэрэлтүүлгийг нь шийднэ. Замын хажууд байх урлагийн бүтээл юу байх вэ гэж бодож байна. Сайхан юм хийж хотынхоо өнгө төрхийг сайжруулахад чадлынхаа хэрээр нэмэр болмоор байна шүү дээ. “Зам  дагаж хөгжил ирдэг” гэж ярьдаг даа. Ийм бүтээн байгуулалт хийж байгаадаа баяртай байгаа. Өглөө, өдөрт замынхаа хажуугаар явахаар ойр орчмынхон баяр хүргэж байна. “Өө, “Саруул” төвийн замын Ганбаяр байна гээд гар барих жишээтэй. Энэ чинь бахархал. Хотынхоо хөгжилд оруулсан хувь нэмрийг маань иргэд үнэлж байгаа хэрэг. Ингэхээр илүү сайхныг бодох, төлөвлөх, хийх, бүтээх урам орох юм. 

-”Саруул” төвийн сайхан замын хажууд барилга барьж байгаа бололтой. Давчуухан зайд байшингийн суурь тавьжээ. Хажууд нь гурван кран байна. Энэ өнөөх “Монгол глобал”, “Монгол эм импекс”, “Цаст констракшн” компанийн дундах маргаантай газарт байшин барьж байгаа байдал уу?

-Бизнес хийж байгаа бол хүнд хэрэгтэй юм бүтээх ёстой. Гэтэл барилгын зарим компани жаахан нүх л олдвол байшин барьдаг. Тэр байшин гаднаа салхилах, хүүхдээ тоглуулах, автомашинаа байрлуулах талбайгүй байна. Бүр орцгүй орон сууц хүртэл барих юм. Ийм жишээ олон байгаагийн нэг бол “Цаст констракшн”-ы манай эзэмшил газрын дэргэд барьж байгаа барилга. Манай хашаатай залгаад байшин барина гэх юм. “Энэ чинь болохгүй ээ, барилгын стандарт норм зөрчинө” гэхээр болно гээд хөрөнгөөрөө “шатах” юм. Нийслэлийн Засаг дарга болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг мэргэжлийн байгууллагаас “Цаст констракшн” компанийг Газрын тухай хуулийн хэд, хэдэн зүйл, заалтыг зөрчиж, барилга барихаа зогсоо гэсэн шаардлага хүргүүллээ. Гэтэл “Өчнөөн сая төгрөг зарж байгаа та нар хохирч үлдэнэ шүү” гээд үнэнийг нь хэлэхээр над руу  дайраад байх юм. Өөрөө юу алдчихав аа гэдгээ ерөөсөө ухаарахгүй байна. “Монгол эм импекс” болон манай компанийн дундах газрыг  “Цаст констракшн” худалдаж авсныг бид анхнаас нь мэдсэн. Худалдаж авсан газартаа орон сууц барихад нь эсэргүүцээгүй. Тэр байшин бидний эрх ашигт нөлөөлөх нь бага юм байна гэж үзсэн. Гол нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, 120 мянгатад байдаг ногоон байгууламж дээр орон сууц барих гээд оршин суугчидтай хоёр сар тэмцээд хөөгдсөн. Тэндээсээ хөөгдөж энд ирээд “Бид хятад ажилчин олноор авчирсан. Барилгаа барихгүй бол “шатах” гээд байна” гэхээр нь хөрш болох “Монгол эм импекс”, манай компани хоёр зөвшөөрөөд барилгыг нь бариулсан. Гэтэл энэ хавар хоёр дахь барилгаа бариад эхэлчихлээ. Ингэхдээ хөрш байгууллагынхаа эрх ашгийг огт харгалзаагүй. Ерөөсөө л ойд майхан барьж байгаа юм шиг аашилсан. Би арга ядахдаа “Монгол эм импекс”-ийн захиралтай уулзаж “Цастынхан дахиад байшин барина гээд байна. Болохгүй бол гурван компани газраа нийлүүлж байгаад консорциум байгуулаад нэг барилга барья” гэж ярилаа. Гурван компани  тус бүр 500 метр.кв газраа нийлүүлж байгаад тоглоомын талбай, машины зогсоолтой орчин үеийн ганц сайхан орон сууц барьж болно биз дээ. Энэ санаагаа “Цаст констракшн”-ы захирал Баярсайханд хэлэхэд “Битгий донгос. Би тэр газарт чинь тэрбум төгрөгөөр нүх ухсан” гэдэг байгаа. Нэг тэрбум төгрөгөөр нүх ухсан гэдэгт би эргэлзэж гайхсан. Нэгэнт зөвшилцөж чадаагүй учраас манай компани нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улаанбаатар хотын ерөнхий архитектор гээд холбогдох байгууллага, албан тушаалтнуудад албан бичиг хүргүүлсэн. Ингээд нийслэлийн Засаг даргын барилга хариуцсан орлогч дарга Мөнхбаатар “Цаст констракшн”, “Монгол эм импекс” болон манай компанийн удирдлагуудтай уулзлаа. Энэ хурал дээр “Цаст констракшн”-ы удирдлагад “Танай барих гэж байгаа барилга норм, стандартад таарахгүй  байна. Зураг төслөө өөрчил” гэсэн. Өөрөөр хэлбэл, барилгынхаа хажуугаас хас гэж шаардсан. Гэтэл Баярсайхан “Та нар мэддэггүй юм. Бид шүүхдэнэ” гээд хаалга саваад гарсан.

-“Цаст констракшн” хуулийн дагуу газар эзэмших эрх авсан байна билээ. Өөрийнх нь эзэмшлийн газарт яагаад байшин бариулахгүй гээд байгаа юм бэ?

-Төрийн дунд шатны албан тушаалтнуудын ажлаа мэддэггүй, алдаатай шийдвэр дээрх маргааныг эхлүүлсэн. Анхнаасаа газар олгохдоо алдаатай бичиж гэрчилгээ олгосон байдаг. Гэтэл “Цаст констракшн” тэр газартаа ямар ч төлөвлөгөөгүйгээр барилга барьж эхэлсэн. Бүр дулааны шугам дээр барилга барьж байгаа. Муугаар бодоход гал гарлаа гэхэд гал унтраах машин ороод унтраачих зай, завсар байхгүй. Ийм юм байж болохгүй гэдгийг мэргэжлийн бүх байгууллага шалгаж, тогтоосон. Нийслэлийн Засаг дарга газар олгосон захирамжаа хүчингүй болголоо, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтынхан ч дүгнэлтээ гаргасан. Ерөнхий архитектор “Барилгын ажлаа зогсоо” гэж удаа дараа шаардлага хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл барилгын ажлаа үргэлжлүүлсээр байгаа. Ерөөсөө л “Цаст констракшн”-ийхан хуулийн орчин хүсээд байгаа байхгүй юу. Ингэж болдог бол хотын дарга гэж байгаад яах юм. Хотын төлөвлөгөө зохиох ч хэрэг алга. Иргэн бүр ая тухтай орчинд амьдрах ёстой гэж Үндсэн хуульдаа зааж, хуульчилсны хэрэггүй биз дээ. Иргэн бүр хашаан дотроо юу дуртайгаа барья л даа. Хэн нэг нь хашаандаа хүн чандарладаг байр барьчихаад утаа гаргаад сууж болох нь байна шүү дээ. Бизнесмэнүүд ингэж анархи зан гаргаж болохгүй. Анархи байдлаараа “Цаст констракшн”-ийнхан байшингаа барих юм бол би газартаа илүү өндөр байшин барья л даа. Хоёр байрны дунд 100 метр хүрэхгүй зай гарна. Тэгвэл “Цаст констракшн”-аас байр авахаар захиалга өгсөн иргэд нарны гэрэл харахгүй. Тэгэхээр тэдний эрх ашиг яах билээ. “Жигүүр гранд”, “Гангар инвест” компанийн дунд иймэрхүү газрын маргаан гарч “Жигүүр гранд” ханан дээрээ байгалийн зурагтай, цонхгүй байшин барьчихсан. Ингэж иргэдийг доромжилмооргүй байна. Миний тэмцэл газрын маргаанд маш том загвар болж байгаа. “Цаст констракшн”, “Монгол глобал” хоёрын дунд маргаан болж, ийм үр дүнд хүрсэн, ингэж хохирч үлдсэн шүү гэдэг сургамж үлдэнэ. Ийм сургамж үлдээж байгаадаа  баяртай байна. Бизнесийнхэн төрийн дунд шатны албан тушаалтнуудын хууль бус үйлдлээс болж хохирч байна гэдгийг “Цаст констракшн”-ынхан ойлгох хэрэгтэй. Үүнийг ойлгохгүй орцгүй байшин барих юм гэнэ. Бүр байшингийнхаа доогуур машин явах юм гэсэн. Ийм юм байж болохгүй.

-Танай компани барилга барих төлөвлөгөө “Цаст констракшн”-аас хоцорч гаргасан юм биш үү. Барилгаа түрүүлж эхэлсэн нь хожих учиртай. Үүнтэй таныг эвлэрэхгүй байгаа гэх яриа бий. Энэ үнэн үү?

-Яахаараа хоцорсон гэж. Миний газраас намайг хэн хөөгөөд байгаа юм бэ. “Цаст констракшн” газрынхаа 80-90 хувьд барилга барина гэж төлөвлөсөн байдаг. Уг нь барилга барих бол газрынхаа 30 хувьд байшин барих учиртай. Ер нь байгаа газрынхаа хэмжээгээр барилга барья гэвэл  мэргэжлийн хяналтынхныг байнга “хоолонд оруулаад” байж болно шүү дээ. Тэгээгүйдээ буруутаж байгаа юм уу. Төрийн хариуцлагатай ажил хийж байгаа хүмүүс бизнесмэнүүдийг ингэж хохироож, дараа нь барилгаа нураахад хүргэж болохгүй шүү дээ. Төрийн дунд шатныхан буруу шийдвэр гаргаснаас “Цаст констракшн” компанийн захирал шүүхэд дуудагдаж байгаа. Шүүхээр асуудлыг шийдэх болохоор зугтаад хэн нэгэн мэргэжилтнээ хариуцагчаар татдаг жишиг бас байна.

-Барилгын компаниудын удирдлага, төрийн албан хаагчдын ашиг харсан шийдвэр, үйл ажиллагаанаас болж эцэст нь иргэд хохирч үлдэхэд хүрнэ. Энэ байдлаас яавал гарах вэ?

-Гурван компани нэгдээд барилга барья гэсэн саналаас татгалзаж байгаа нь учиртай. “Цаст констракшн”-д байр захиалж мөнгөө өгсөн иргэд хохирч үлдэнэ, харж л байгаарай. Энэ байшин баригдахгүй гэдгийг би анхнаасаа л хэлсэн. “Цаст констракшн”-ынхан захиалагчдад “Хажуу талын хоёр компани байшин бариулсангүй. Хотын захиргаа шийдвэрээ буцаачихлаа” гээд л нүүгээд явчихна. Иргэд бетон зарж мөнгө олж авах уу. Захиалсан орон сууц нь ашиглалтад ороогүйгээс иргэд л хохирч үлдэнэ.  Би ашиг хөөсөн, утга учиргүй барилга барьж байгаа үйлдэлтэй тэмцэж байгаадаа ерөөсөө бухимдахгүй байгаа. Нийслэлээ зөв хөгжихөд нь бизнесмэнүүд туслах ёстой. Бизнесмэнүүд учир зүйгээ ололцож, өөрсдийнхөө байгууллагын хүрээлж байгаа газраа тохижуулбал нийслэл аяндаа хөгжинө шүү дээ. Хүн мөнх биш.  Хийсэн бүтээсэн зүйлээрээ л бурхны оронд шүүгдэнэ. Ганц олдох амьдралдаа буян хийе л дээ.

-Барилгын салбарт бизнес эрхлэгчдэд хамгийн их саад учруулж  байгаа зүйл нь юу вэ?

-Хуулийн цоорхой их байна. Газар төлөвлөлт замбараагүй байна. Нэг өглөө гэрээсээ гарахад л явдаг зам нь тойруу болчихсон байгаа биз дээ. Ингэж хамаагүй байшин барьж байгаа нь төрийн дунд шатны албан тушаалтнуудын авлигатай холбоотой. Барилгатай холбоотой ажилладаг төрийн албан хаагчдын олонхи нь зөвшөөрөл өгч барилгыг нь бариулсан компанийнхаа байранд амьдарч байгаа. Ийм бохир шилжилтийн үеэс хурдан гармаар байна. Барилгатай холбоотой бүх мэдээллийг нээлттэй, хууль ёсных болгомоор байна. “Цаст констракшн” барьж байгаа барилгаа дулааны шугам сүлжээн дээр барьчихсан. Дулааны шугам дээр гарааш барихад л хүчээр нураадаг биз дээ. Гэтэл орон сууц барьчихаад дулааны шугамыг нь зөөх юм гэнэ. Тэр шугам нь манай компани болон “Монгол эм импекс”-ийн газар байдаг. Бид шугам зөөхгүй гэвэл яах юм бол. Төрийн дунд шатныхан ингэж л хуулийг завхруулж байна.

-Барилгын компаниуд хүүхдийн тоглоомын талбайгүй, стандартын шаардлага хангаагүй барилга барьчихаад худалдан авагчгүй болохоор төрд шахдаг. Төр нь эргээд албан хаагчдад хөнгөлөлттэй зээлээр зардаг жишиг тогтсон. Нэгэнт хууль зөрчиж, стандартын шаардлага хангахгүй барилга барьсан бол өөрсдөд нь хариуцлага хүлээлгэх ёстой байх.

-Төрийн шийдвэрийг хурдан биелүүлдэг байх ёстой. Хууль зөрчиж барьсан барилгыг нураадаг байх учиртай. Москва хотын захиргаа бидэнд үлгэр дуурайл болох ёстой. Долоон сая ам.доллараар хаус барьсан олигархийн байшинг нураасан. Манайд бол цаг хожоод нэг барилга бариад авчихвал яаж ч чадахгүй гэсэн зарчим үйлчилдэг. Хууль бусаар барьсан барилгуудаас ганц, хоёрыг нь нурааж сануулга өгөх хэрэгтэй. Москвад орон сууцанд өргөтгөл хийхийн тулд оршин суугчдаас санал асуулга авдаг. Оршин суугчид зөвшөөрсний дараа мэргэжлийн байгууллагад хүсэлт тавьдаг. Гэтэл Монголд орон сууцны нэг давхар сунаад л байдаг. Москвад барилгыг улсын комисс хүлээж авахдаа гадна талын гудамж руу харсан бүх хэсгийг нийслэлийн өмч болгож авдаг. Тэгэхээр цонхоо будахдаа хүртэл Хотын захиргаанаас зөвшөөрөл авдаг. Цонхныхоо хаалтыг хийхдээ тэндээс гаргаж өгсөн загвараар хийдэг. Хот төлөвлөлт ийм байдаг. Гэтэл манайд гоё загвараар барьсан барилга ашиглалтад ороод л муухай харагддаг. Бусад барилгатайгаа зохицохгүйгээс тэр.

-Та төр, барилгын салбарт бүгсэн хар барааныг ихэвчлэн ярилаа. Таны яриад байгаа барилгын салбарын шилжилт дуусч байна уу?

-Сайхан зүйл байна шүү дээ. “МCS”-ийн байгуулсан бүтээн байгуулалтыг хар л даа. Усан оргилуур нь ямар сайхан байна вэ. Мөдхөн барилгын салбарын шилжилтийн үе дуусна. Хувийн хэвшлийнхэн нийслэлд бүтээн байгуулдаг, хөгжүүлдэг болно. Бүгдээрээ гоё хоттой болно гэдэгт итгэлтэй байна.  Бид өнөөдрөө биш ирээдүйгээ харах хэрэгтэй. Би өнөөдрөө хараад мянга гаруй метр.кв талбайдаа орон сууц бариад мөнгө олж чадна. Би “Цаст констракшн”-ынхнаас муу менежер биш. Гэхдээ байшин барих цаг үе нь өнөөдөр биш. Хотын төлөвлөлт тодорхой болог. Тэр үед нь л барилга барина. Миний хийж байгаа бүтээн байгуулалт хангалттай. “Саруул” зах маань сайхан ажиллаж байгаа. Соёлтой орчинд үйлчлүүлэхиргэдийн хүлээлт байгааг “Саруул” захыг ашиглалтад өгснөөр илүү их мэдэрч байна. 

-Танайх барилга барих биш бүтээн байгуулалт хийж байна гэдэгтээ бардам байна уу?

-Бүтээн байгуулж байна гэдэгтээ бардам байна. Ганц хоёр лиценз авчихаад түүнийгээ зарах гэж улайрдаг бизнесмен би биш.

-Таныг хийж бүтээхэд сөрөх, эсрэг үйл ажиллагаа явуулах хэсэг ч бий. Бизнесменүүдийн хоорондох маргааны учиг нь хууль тогтоомжтой  холбоотой байдаг юм шиг. Та үүнтэй санал нийлж байна уу?

-Яг үнэн. Хууль бус шийдвэр гарснаас л бизнесийнхэн хоорондоо “зодолддог”. Би “Цаст констракшн”-ийнхантай тэмцмээргүй байна. Гэтэл төрийн албан тушаалтнуудын хууль бус шийдвэрийг зөв гэж ойлгоод буруу замаар яваад байгаагаараа л “Цаст констракшн”-ийнхан буруутай шүү дээ.

-Бизнесмэнүүд тодорхой амжилтад хүрснийхээ дараа улс төрд хүч үздэг. Та ашиг харахаасаа илүү зам засах зэргээр нийгмийн бүтээн байгуулалт хийж байна. Улс төрд орох бодол байна уу?

-Зүгээр хараад суугаад байж болдоггүй юм байна. Гэхдээ би дэс дараатай явна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд 2012 онд нэрээ дэвшүүлнэ. Миний бодож, хийж байгаа  зүйл нийслэлийн хөгжилд нэмэр болно. Тиймээс нийслэлийнхэнтэйгээ хамтарч ажиллах нь зөв юм байна гэж бодож байгаа. Дараа нь шаардлага гарвал улс төрд орохгүй гэх газаргүй.

-Төрийн шийдвэр гаргах түвшинд салбарынхаа зовлон, жаргалыг мэддэг хүн дутдаг юм шиг санагддаг.

-Зам тавиад үзчихсэн хүн ИТХ-д орвол том шүүмжлэгч болно. Хар, бор юм хийгээд үзчихсэн хүн хэн хулхи юм хийх гээд байна, яаж хийвэл болох вэ гэдгийг сайн мэднэ. Сүхбаатар дүүргийнхэн л гэхэд миний хийсэн бүтээн байгуулалтыг мэдэж байгаа. “Саруул”, “Бэлх” захыг  ашиглалтад оруулснаар нь миний мэдрэмжийг дүгнэж байгаа хэрэг.

-Хар, бор ажил мэддэг гэснээс таны бизнесийн гараа яаж эхлэв?

-Дунд сургуулийн сурагч байхаасаа л “Дэнжийн 1000”-ын зах дээр наймаа хийж байлаа. Түүнээс хойш бүх төрлийн худалдаа хийсэн. Москвад олон жил ажиллахдаа Хятад, Туркээс бараа татаж зарж үзлээ. Энэ бүх туршлага надад маш их хэрэг болдог. Ер нь Монголд бизнес хийж байгаа бүх хүнтэй танил. Танилтай хүн талын чинээ гэдэг шүү дээ. Хожуу ч гэсэн боловсролдоо анхаарч байна.  Биеийн тамирын дээд сургуулийг энэ онд төгслөө. Ирэх намар МУИС-ийн хуулийн ангид орж суралцах гэж байна. Мөн бизнес эрхлэх ганцхан л түлхүүр байдаг нь хөдөлмөр. Олон жил хөдөлмөрлөж, бизнес хийхэд маш их туршлага хуримтлуулдаг.

-Танай компани “Монголдоо сайхан амьдаръя” гэсэн уриатай. Монголд сайхан амьдрах боломж байна уу?

-Монгол Улс хөгжлийнхөө гараан дээр гарчихсан гэдэгт итгэлтэй байна. “Монголдоо сайхан амьдаръя” гэсэн уриаг зүгээр ч нэг өгчихөөгүй. Гадаадад байгаа монголчуудыг хараад байхад тэр бүр сайхан амьдардаггүй. Хүний газар олигтой бизнес хийнэ гэдэг хэцүү. Маргалдаад шүүхэд очлоо гэхэд хөөгдөөд л гарна. Тиймээс мэдлэг, боломжоо Монголдоо ашиглах хэрэгтэй. Өмнөд Солонгост монгол ажилчдад өгдөг мөнгийг манай компани өгдөг болох зорилготой. Тэгвэл Өмнөд Солонгос явах гэж биш манай компанид ажилд орох гэж дугаарлана биз дээ. Монголчуудаа гадаад руу боолчлуулахаар явуулдгийг болих хэрэгтэй. Өмнөд Солонгост таван жил ажилласан хүн тэнд дасчихдаг. Эндээ ирээд дасахгүй, боолын хөдөлмөрөө  хийхээр буцдаг. Гэтэл манай улстөрчид гадаадад очихоороо “Манай улсаас 20 мянган хүн авч ажиллуулаач” гэж гуйх юм. Түүнийхээ оронд “Samsung”-ийнхаа үйлдвэрийг Монголд байгуулаач. Бид эрэг, шургийг нь ч гэсэн хийдэг болмоор байна гэх хэрэгтэй. Тэгээд мянган хүнийг хөгжилтэй орны жишгээр цалинжуулмаар байна. Монголын зах зээл мэргэжилтэй боловсон хүчнээ үнэлдэг болжээ. Барилгын сайн засал хийдэг залуус нэг сая төгрөгийн цалин авч байна. Монголд 4-5 мянган ам.долларын цалин авч байгаа залуусыг би мэднэ. Ингэж хамаатан садантайгаа ойр Монголдоо сайхан амьдрах боломж бий. Ийм гэгээлэг юм ярих хэрэгтэй. Бүгдээрээ сайхан амьдаръя л даа. Танай сонинд амжилт хүсье. Гэгээлэг мэдээлэл түгээж, шинэ Монголыг бүтээгээрэй гэж ерөөе.

-Баярлалаа. Танд ч бас амжилт хүсье. Та энэ зун амарч амжих нь уу?

-Намайг амраахгүй байна шүү дээ. Хажууд байшин барьж, хашаа хороо эвдэж зовоогоод байна шүү дээ. Шуудхан хэлье. Сүхбаатар дүүргийн архитектор Ц.Хорлоо, Нийслэлийн мэргэжлийн хяналтын барилга хариуцсан хэлтсийн дарга Мөнхжаргал хоёр хууль бус шийдвэрээрээ намайг амраасангүй. Дээр нь замаа дагасан бүтээн байгуулалт хийгээд завгүй байна.

-Худалдааны төвөө “Саруул” гэж нэрлэсэн нь ямар учиртай юм бэ?

-Манай охины нэр. Энэ нэр сартай шөнө уул саруул харагддаг гэсэн утгатай юм билээ. Тийм ч учраас “Саруул” захаа бүхнээс саруулхан, гэгээтэй байлгахыг хичээж ажиллаж байна даа.

-Ярилцсанд баярлалаа.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж