Нарыг судлах “Интергелиоконд” төслийн хүрээнд Орос улс хоёр төхөөрөмж бүтээж байгаа бөгөөд түүнд шаардагдах зардал 20 гаруй тэрбум рубль болно хэмээн Газрын татах хүч, ионийн давхарга, радио долгионыг судлах хүрээлэнгийн захирал Владимир Кузнецов РИА Новости-д мэдээллээ.
“Хөтөлбөрийн хэрэгжүүлж эхлэх үед 20 орчим сая рубль шаардлагатай гэж тооцож байсан ч одоо бүх зардал өсөөд байна” хэмээн тэр хэлжээ.
Өнөөдрийн байдлаар нарыг судлах зориулалтын хиймэл дагуул Орос улсад байхгүй байгаа юм. Өмнө нь байсан "Коронас-Фотон" хиймэл дагуул 2009 оноос хойш ажиллахаа больжээ.
Сансар судлах холбооны хөтөлбөрт тусгаснаар "Интергелиозонд" хоёр төхөөрөмжийг 2025 он гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байсан ч санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүйн улмаас 2026 он болгон засварласан ажээ. Гэхдээ энэ хугацаа ч мөн адил хойшлох магадлалтай болсон байна.
"Интергелиозонд" нь ОХУ-ын шинжлэх ухааны төрөлжсөн хүрээлэнгүүд мөн Европын 13 орны эрдэмтдийн хамтарсан нар болон дэлхийн харилцан хамаарлыг судлах зорилготой төсөл юм. Төслийн хүрээнд бүтээх хоёр төхөөрөмж нь Сугар гаригийн тойрон олон удаа эргэлдсээр аажмаар нар руу ойртох юм. Нар дээр өрнөж буй процесс, дэлбэрэлтүүдийг судалж мэдэх, нарны туйлыг “харах” боломжийг энэ туршилт хэлж өгнө гэж эрдэмтэд найдаж байгаа юм. Мөн энэ хоёр төхөөрөмжийн илгээх мэдээгээр Дэлхийгээс нар хүртэлх бодит зайг мэдэх боломжтой гэж үзэж байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ