Өнгөрөгч 2019 онд Байгалийн түүхийн музейн барилгыг нураасны дараагаар Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Төв номын сангийн барилгыг шинэчлэх, буулгах асуудал олны анхааралд өртөөд буй.
Харин салбарын сайд Ё.Баатарбилэг “Драм, Дуурийн театр, Төв номын сангийн барилгыг энэ жил буулгахгүй, харин засварлана” гэдгээ мэдэгдсэн юм. Тиймээс эдгээр түүхэн барилгыг хэрхэн засварлахаар болсон талаар энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэхийг зорилоо.
“ТЕАТРУУД ЗАСВАР ХИЙХ САНАЛАА НЭГТГЭЖ ГАРГААГҮЙ”
Энэ ондоо багтан Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Үндэсний номын сангийн барилгыг засварлахаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус бүр хоёр тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Эдгээр түүхэн барилгын нүүрэн хэсгийг үлдээж, дахин шинээр барих талаар яригдаж байсан тухай салбар яамны мэргэжилтэн хэлж байв.
Түүхэн гурван барилгыг засварлах ажлын талаар тус яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны мэргэжилтнээс тодруулахад “Одоогоос нэг сар орчмын өмнө салбарын сайд Ё.Баатарбилэг эдгээр гурван барилгын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан. Засвар шинэчлэлтэй холбоотойгоор театрын удирдлагуудад ямар засвар үйлчилгээ хийх шаардлагатай саналуудаа ойрын хугацаанд нэгтгэж, мэргэжлийн байгууллагаар зураг төслөө гаргуулах зэрэг тодорхой үүрэг чиглэлийг өгсөн” гэдгийг хэлсэн юм. Энэ асуудлыг хариуцсан яамны мэргэжилтэн орон нутагт томилолтоор явсан гэв.
Театрын барилгуудад засвар хэрхэн хийх талаар театрын удирдлага болон уран бүтээлчдийн төлөөлөлтэй уулзах гэсэн боловч Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид ирэх гуравдугаар сарын 2-ныг хүртэл амарсан байлаа. Харин Улсын драмын эрдмийн театрын зүгээс “Театрын удирдлагаас засвар шинэчлэлтэй холбоотойгоор саналаа нэгтгэж гаргаагүй байна” гэдэг хариултыг өгсөн юм.
ШИНЭЭР ХАМГААЛАЛТАД АВАХ САНАЛТАЙ БАРИЛГЫН ТООНД ОРУУЛЖЭЭ
Нийслэлийн Соёл урлагийн газар, Соёлын өвийн төвтэй хамтран нийслэл хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын зүйлийн хадгалалт, хамгаалалтын байдалтай танилцах ажлын хэсгийг хоёрдугаар сарын 3-нд баталжээ.
Уг ажлын хэсгийн хуваарьт дээрх гурван түүхэн барилгаас гадна, Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад орсон болон шинээр хамгаалалтад авах саналтай барилга байгууламжуудын жагсаалтад орсон нийт 38 объект хамрагдах гэнэ.
Энэ талаар нийслэлийн Соёл урлагийн газрын Соёлын хэлтсийн мэргэжилтэн Ш.Гомбосүрэн мэдээлэл өгөхдөө “Нийслэлийн Соёл урлагийн газрын даргын тушаал хоёрдугаар сарын 3-нд гарч, ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэгт Соёл урлагийн газар, Соёлын өвийн төв, нийслэлийн Хот төлөвлөлт, хөгжлийн газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, дүүргүүдийн нийгмийн хөгжлийн хэлтэс, Улаанбаатар хотын музейн мэргэжилтнүүд хамтран ажиллаж байна. Нийслэл хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын зүйлийн хадгалалт, хамгаалалтын байдалтай танилцах ажлын хэсэг хоёрдугаар сарын 5-наас эхлэн барилга байгууламжийн ашиглалт Соёлын өвийг хамгаалах тухай хуульд нийцэж буй эсэх, хадгалалт хамгаалалтын өнөөгийн байдал, сэргээн засварлах шаардлагатай эсэх, орчны нөлөөлөл, өмчлөл, эзэмшлийн маргаантай асуудал байгаа эсэх гэх мэт асуудлыг тодорхойлж, дүгнэлт гаргана” гэдгийг хэлж байв.
Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Үндэсний номын сангийн барилгыг уг жагсаалтад түүх, соёлын үл хөдлөх дурсгалын 2015 оны Улсын үзлэг тооллогоор бүртгэл мэдээллийн санд бүртгэсэн. Шинээр хамгаалалтад авах саналтай барилга байшингийн тоонд оруулжээ.
Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж буй Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр хэлэхдээ “Энэ удаагийн ажлын хэсэг Соёлын өвд шинээр бүртгэн авсан болон хамгаалалтад байгаа дурсгалын хадгалалтын байдалтай танилцах гол зорилготой. Жагсаалтад байгаа барилгууд бүгд соёлын өвд бүртгэлтэй барилгууд юм. Одоо соёлын өвд бүртгэсэн барилгуудаа хамгаалалтад авах ажил хийгдэнэ. Ингэхийн тулд Засгийн газар, Сайд, Иргэдийн хурал гэсэн гурван түвшинд жагсаалтыг гаргана. “Бид одоо барилга бүрийнхээ талаар дүгнэлт бичиж байгаа бөгөөд дүгнэлтээ нэгтгэж, нийслэлийн Засаг даргад танилцуулна” гэсэн юм.
"ТҮҮХЭН ГУРВАН БАРИЛГЫГ НУРААХГҮЙ ГЭСЭН АЛБАН ЁСНЫ ШИЙДВЭР ГАРААГҮЙ"
“Монгол туургатан төв холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн Э.Одбаяр
“Засгийн газар 2019 онд Улаанбаатар хотын хэд хэдэн соёлын өвд хамаарах түүхэн үл хөдлөх дурсгалуудыг нүдэн дээр устгаж үгүй хийлээ. Буулгаж нураах жагсаалтад дээр дурдсан архитектурын дурсгалууд бүгд хамаарч байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө олон нийтэд мэдэгдсэн. Үүнтэй холбогдох Засгийн газрын шийдвэр, 2020 оны төсвийн тухай хуулийг УИХ баталж, буулгаж шинээр барихтай холбогдох зураг төсөл, макетууд хэдий нь хийгдээд төсөв мөнгө зарцуулагдаад явж байгаа.
Драм, Дуурь, Төв номын санг буулгах асуудлыг зогсоож цуцалсан тухай албан ёсны ямар ч шийдвэр гараагүй. Холбогдох яам, газрууд нь эдгээр барилгыг соёлын өв биш гэдэг байр суурь илэрхийлсээр байгаа. Буулгах асуудлыг 2020 оны сонгууль ойртсонтой холбогдуулан олон нийтийн бухимдлаас эмээж, түр хугацаанд хойшлуулсан. Соёлын өвд бүртгэлтэй эдгээр барилгуудыг Засгийн газар хамгаалалтад авч, сэргээн засварлах ажил хийхгүй байгаа биз. Мэргэжлийнхэн, соёл урлаг, архитекторуудынхаа үгийг ч сонсохгүй байгаа шүү дээ. Байгалийн түүхийн музейг хэрхэн хүч түрэн буулгасныг бид бүгд харсан.
Соёлын сайдын яриад байгаа засвар бол ердөө л өнгөн төдий засвар. Өөрөө ч үүнийгээ тодорхой хэлсэн, түр хугацаанд косметик төдий засвар хийгээд, удалгүй нураана гэсэн. Сэргээн засварлах, хүчитгэх, бэхжүүлэх, насжилтыг уртасгах, хадгалж хамгаалах тухай сайд нь огт ярихгүй, зөвхөн буулгаж нураах асуудал ярьж байгаа. Цаашлаад сэргээн засварлахыг уриалж, соёлын өвөө хадгалахыг эрмэлзсэн хүмүүсийг Ё.Баатарбилэг сайд хэвлэлээр дамжуулан элдвээр хэлж, айлган сүрдүүлж, дарамталсан өнгө аястай зүйлүүд удаа дараа ярьж байгаа. Эхлээд эргэн тойрных нь газрыг зарсан, өргөтгөх тэлэх ямар ч боломжгүй болгосон. Одоо буулгаад яг адилханыг барина гэнэ. Шинэ театр, музейтэй болохыг хэн ч үгүйсгээгүй, шинээр өөр газар, шинэ бүтээн байгуулалт хийгээч, түүхэн дурсгал ой санамжаа хадгалж үлдээч гэдгийг л шаардаж байна” гэлээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ