"ХӨСҮТ-ийн эмч нар 14 хоног гэрээс битгий гар гэсэн"

Хуучирсан мэдээ: 2020.02.17-нд нийтлэгдсэн

"ХӨСҮТ-ийн эмч нар 14 хоног гэрээс битгий гар гэсэн"

Шинэ төрлийн коронавирус илэрсэн БНХАУ-ын Ухань хотод суралцаж байсан Монголын 31 оюутан, нэг хүүхдийг хоёрдугаар сарын 1-нд Улаанбаатар хотод агаарын тээврээр авчирч, дараа нь ХӨСҮТ-д 14 хоног тусгаарлан, хяналтад авсан. Тэднийг хоёр удаагийн лабораторийн шинжилгээнд хамруулахад сөрөг хариу гарч, өнгөрөгч Бямба гаригт /2020.02.15/ тус эмнэлгээс гаргасан билээ. Ингээд Ухань хотоос ирсэн оюутны төлөөлөл болох Л.Дэлгэрсайхантай ярилцсанаа хүргэж байна.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидэнд өөрийгөө танилцуулна уу. Ухань хотод хэд дэх жилдээ ямар мэргэжлээр суралцаж байна вэ?

-Намайг Лхагважавын Дэлгэрсайхан гэдэг. МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд суралцаж байгаад 2017 онд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан шалгалт өгч тэнцээд, Ухань хотын Их сургуульд суралцах болсон. Эдүгээ тус сургуульд бизнесийн мэргэжлээр гуравдугаар курст суралцаж байна. Ирэх жил их сургуулиа төгсөнө.

-БНХАУ-д шинэ коронавирусийн халдвар гарч, хөл хорио тогтоогоод байна. Монгол Улсын Засгийн газраас оюутнуудаа эх оронд нь авч ирж, эмнэлгийн хяналтад байлаа. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Ийм аюулт өвчин дэгдэж дэлгэрнэ гэж хэн урьдчилж мэдэх билээ. Зарим оюутан, ялангуяа төгсөх ангийнхан дипломын ажил дээрээ сууж, шалгалтандаа бэлтгээд зав муутайхан байсан юм. Энэ жил Монгол, Хятадын цагаан сар бүтэн сараар зөрсөн. Ихэнх оюутан нутаг буцсан ч гол төлөв төгсөх ангийн оюутнууд үлдсэн. Шинэ коронавирусийн аюулыг бид эхлээд мэдэхгүй байлаа. БНХАУ-д гэнэтхэн хөл хорио тогтоох болоод явчихсан. Тиймээс бид дотуур байрнаасаа гарахгүй өрөө өрөөндөө хөл хорионд орсон.

Хоол унд авах гэж л хааяа гардаг байлаа. Монгол оюутнууд хоорондоо үргэлж холбоотой байсан. Элчин сайдын яамныхантайгаа, гэр бүлийнхэнтэйгээ ч байнга холбоотой байлаа. Монгол Улсын Онцгой комисс, Засгийн газар хуралдаж, Ухань хотод суралцаж байгаад хөл хорионд орсон 32 оюутнаа онгоц илгээж авах болсон мэдээг дуулаад маш их баярласан. “Эх оронтой хүн ямар сайхан юм бэ” гэж бодогдсон. Монгол Улсынхаа Засгийн газар, Монголын ард түмэндээ үнэн зүрхнээсээ баярласан. Сайн суралцаж, эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө зүтгэх үүрэгтэйгээ улам гүн ухаарсан. Монголын ард түмэн, Монгол Улсын Засгийн газар иргэдээ гэсэн энэ хүнлэг энэрэнгүй алхмыг би хэзээ ч мартахгүй, зүрх сэтгэлдээ тээж явах болно. Эх орондоо баярлалаа гэж хэлье.

-БНХАУ-ын Ухань хотоос Монгол оюутнуудаа эх оронд нь авч ирэхэд холбогдох албаныхан шуурхай, ухаалаг ажилласан гэдгээ хэлж байсан. Монгол оюутнуудаа Ухань хотоос хэрхэн цуглуулсан бэ?

-Элчин сайдын яамнаас биднийг автобусаар зургаан өөр газраас хар үүрээр цуглуулан авч, Ухань хотын онгоцны буудалд авчирсан. Тэнд бусад улс орны олон хүн байсан. Монгол Улс иргэдээ эхэлж авсан цөөхөн улс орны нэг болсонд бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байсан. “Зүчи хаан” нэртэй үндэсний агаарын тээврийн “МИАТ” компанийнхаа онгоцонд орж суухад эх орондоо ирчихсэн юм шиг сэтгэл амарсан даа. Биднийг нэг нэгээр суулгасан, сандал дээр нэрс бичээстэй байсан. Онгоцны экипажийнхан, үйлчлэгчид, хамт очсон эмч нар сайхан сэтгэлтэй хүмүүс байсан шүү. Энэ бүхнийг хэлэлгүй өнгөрч боломгүй байна. Монгол эх орондоо Монгол хүн болж төрсөндөө омгорхох сэтгэл төрж байлаа.

Олон улсын "Чингис хаан" нисэх онгоцны буудалд газардахад ямар сайхан байсан гэж санана. Сэтгэл нэг мөсөн амарчихсан байсан. Гэр бүлийнхэн маань онгоцны буудалд ирчихсэн алсаас биднийг дурандаж харж байсан гэж сүүлд ярьсан.

-Эмнэлэгт 14 хоног хяналтад байсан. Та бүхэнд эмнэлгээс гарсны дараа 14 хоног олон хүнтэй газраар явахгүй байхыг зөвлөсөн гэсэн үү?

-Бид Халдварт өвчин судлалын үндэсний төвд 14 хоног эмч нарын хяналтад байж, өнгөрөгч Бямба гаригт гэртээ гарлаа. Эмч нар маань өндөр мэдлэгтэй, үйлчлэгч сувилагч нар нь сайхан ааштай ажилсаг хамт олон байв. Бүх зүйл нь дүрэм журмын дагуу хийгдэж байсан. Эмээгийнхээ гарын цай, хоолыг их санаж байсан болохоор утсаар хэлээд эмч, сувилагч нарыг гуйсан чинь эргэлт оруулсан. Сүүтэй цайгаа уугаад, буузаа цадатлаа идээд нэг сайн хөлөрч аваад бие сэтгэл  бүр мөсөн тавирсан даа. Тэгэхдээ эмнэлгийн хоол унд сайн байсан шүү. Үүнийг бас хэлэх ёстой.

Миний хувьд 14 хоног гол төлөв ном уншиж өнгөрөөлөө. Биеэ дархлаажуулах, ариун цэврийг сахих, амны хаалтаа байнга хэрэглэх, гараа угаах зэргийг тогтмол хийж байсан. Эмнэлгээс гарч гэртээ ирээд ч яс мөрдөж байна. Сурчихдаг юм билээ. Ухань хотод өнгөрүүлсэн түгшүүрт 20 орчим хоног нэгэнт ард үлдэж, Монгол эх орондоо ирээд бас хоёр долоо хоног өнгөрчихлөө. Одоогоор гэрээсээ гарахгүй байна. ХӨСҮТ-ийн эмч нар 14 хоног гэрээс битгий гар гэсэн, зааврыг дагаж мөрдөж байна.

-БНХАУ-д шинэ коронавирусийн халдвар гарч, дэлхий дахинаа зарлаж, онц байдал зарлах үед Уханьд нөхцөл байдал ямар байсан бэ?

-БНХАУ-д нөхцөл байдал хүндхэн байгаа. Ялангуяа өвчний голомт болсон Ухань хотод бүр ч эвгүй. БНХАУ дэлхийд хамгийн олон хүн амтай улс орон шүү дээ. Ухань хот 10 сая гаруй хүн амтай. Гэвч онц байдал зарламагц бүх зүйл дорхноо эмх цэгцэнд орсон. Шоргоолж шиг бужигналдаж байсан газарт хөл хөдөлгөөн гэв гэнэтхэн л зогсчихдог юм билээ. Гудамж талбай хов хоосон болчихсон. Хятадын ард түмний сахилга бат, зохион байгуулалт эмх цэгц ухамсарт байдал, нэг нь нийтийнхээ төлөө нийт нь нэгнийхээ төлөө гэсэн хамтач үзэл санаа гайхшрал төрүүлсэн шүү. Үнэхээр бахархсан. Тэднээс сурах юм монголчууд бидэнд их бий.

БНХАУ-ын эмч мэргэжилтнүүд энэ гайт өвчнийг богино хугацаанд дийлж гарна гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Хүн ардынхаа төлөө өдөр шөнөгүй, нойр хоолгүй ажиллаж байгаа эмч, сувилагчдыг хараад бахархахгүй байхын аргагүй юм билээ. Би хятад найз руугаа эндээс утасдаж байгаа. Тэднийхээ төлөө би сэтгэл зовж л сууна. “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэдэг дээ.

-Уханьд хотод байхдаа гэр бүлийнхэнтэйгээ холбоотой байсан уу. “Биднийг эндээс авахгүй бол яана” гэсэн айдас төрж байв уу?

-Мэдээлэл технологийн эрин үед ар гэрийнхэнтэйгээ холбоо барих ямар ч зовлон байхгүй нь ойлгомжтой юм. Монголд болж байгаа дэлхий дахинд болж буй үйл явдлыг тэр дорхно л олж мэддэг. Монголын сошиал медиагаар “Монгол 30 гаруй оюутан яах вэ, гурван сая хүн амаа бодьё. Тэднийг тэнд нь үлдээчих, авчирбал аюултай” гэсэн утгатай санал сэтгэгдлийг уншаад сэтгэл жаахан тиймэрхүү л байсан.

Гэхдээ гомдоод байх ч юу байх вэ. Айдас хүйдэст бас үндэслэл байгаа шүү дээ, ойлгох л хэрэгтэй. Биднийг авч чадахгүй энд нь үлдээчихвэл нүхнээсээ гардаггүй тарвага шиг л гэртээ суугаад байна даа гэж бодогдсон. Харин өвөө, эмээ хоёр минь тийм мэдээллийг сонсоод их  эмзэглэж гомдсон байна лээ. Тэд маань “Монголд хүн чанар алдагдаж дээ” гэж ярьж суусан гэсэн. Уханьд байхдаа гурав, дөрөв хоноод гарч хүнгүй шахам болчихсон хүнсний дэлгүүрээс хоол хүнс худалдан авч байсан. Тэгээд л байрнаасаа гаралгүй сууж байсан.

-Оюутнууд маань эмнэлгээс гарахдаа сэтгэлийн бэлэг эмч мэргэжилтнүүддээ бэлэглэсэн. Та бүхний талархсан сэтгэлийн илэрхийлэл болов уу?

-Ахин дахин шинжилгээ авч, хорио цээрийн хугацаа дуусч, эмнэлгээс гарахдаа хүн бүр л эмч, сувилагч нартаа үнэн сэтгэлээсээ баярлаж талархсанаа үгээр илэрхийлцгээсэн. Тэд бидэнд ээж аав, эгч дүүс шиг л дотно сайхан санагдаж байлаа. Гайхалтай, буянтай, сайхан мэргэжил эзэмшсэн хүмүүс юм байна гэж бодогдож байсан. Одоо биеийн байдал маш сайн байна. Гэхдээ анхаарал болгоомжлол хэрэгтэй гэдгийг ойлгож байгаа. Бид дахин 14 хоног гэрээсээ гарахгүй.

-Эх орондоо эсэн мэнд ирж, гэр бүлийнхэнтэй уулзсан сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Төрүүлсэн аав ээж, төрөлх эх орон хоёр салшгүй нэг цул ойлголт юм байна гэдгийг улам гүнзгий ойлголоо. Эх гэдэг үгнээс эх орон эхэлдэг гэдэг үнэн ажээ. Бөөн баяр хөөр болсон хүмүүс л намайг угтаж авлаа. Үгээр ил хэлэхгүй байгаа ч үнэндээ тэд нар маань надаас илүү сэтгэл санаа нь зовинож байсныг би дөнгөж сая л ухаарсан.

Энэ аюулт өвчний гэнэтийн дэгдэлт, хөл хорио, эх орондоо эргэж ирсэн, ХӨСҮТ-д 14 хоносон, ээж аав, эмээ өвөөтэйгөө уулзсан баярт мөч яг кино зураг шиг л нүдний өмнүүр жирэлзэн хөвөрч байна. Ухаарал суусан, ухаан нэмсэн өдрүүд байлаа.  Унтаад босоход ухаан суугаад хэрсүүжчихсэн ч юм шиг. Маш сонин сэтгэгдэл төрж байна.

-Цаашдаа эх орондоо сурч мэдсэнээ хэрхэн хэрэгжүүлж, ажиллахыг хүсч байна вэ?

-Би ээж аав, өвөө эмээгийнхээ ач буянаар бага наснаасаа орос, англи хэлийг сурч гадаад хэл сурах сонирхолтой болсон юм. Надад ОХУ, Англи улсад суралцах боломж надад байсан. Миний хувьд хөрш зэргэлдээх БНХАУ-ын түүх соёлтой танилцаж хятад хэл сурья гэж бодсон. Хятад ханзууд нь сурахад хэцүү ч хятад хэлийг сурч байна. Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа улам баялаг, олон талтай болж байна. Хятад хэлтэй хүн Монголд улам л хэрэгтэй болно гэдэгт итгэлтэй байгаа. Тиймээс би сурч мэдсэн бүхнээ эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө зориулна.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

                           

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж