Титэмт вирусийн сайн ба сөрөг тал

Хуучирсан мэдээ: 2020.02.17-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Титэмт вирусийн сайн ба сөрөг тал

Титэмт вирусийн сайн ба сөрөг тал

Амьтдад байдаг корона хэмээх вирусын халдвар өмнөд хөршийн бярыг ид шалгаж байна. Хил хязгааргүй болсон дэлхийн улс орнуудын хоорондох хүмүүсийн хөл хөдөлгөөн халдварыг дэлхийн өнцөг булан бүрт “тээвэрлэн” хүргэлээ. Египетэд анхны тохиолдол өнгөрсөн амралтын өдрүүдэд бүртгэгдсэнээр таван тивд хүрч амжлаа, тэр гайхал корона.

Халдварын голомт болсон Хятад улстай 4700 гаруй км урт газар нутгаар хиллэдэг, эдийн засгийн маш идэвхтэй харилцаатай байдгийн хувьд Монгол Улс халдвар тархах өндөр эрсдэлтэй орны тоонд багтаж байна. Халдвар тархахаас сэргийлэн угсраа арга хэмжээнүүдийг Монголын Засгийн газар шуурхай авч байна. Ураг төрлийн ах дүү нараараа зочлон золгуут хийдэг уламжлалт хөл хөдөлгөөнийг хорьж, өмнөд хөрштэй хэсэг зуур хилийн харилцааг царцааж, хүн бүр, өрх бүр ариун цэврийг сахих онцгой дэглэмд шилжлээ.

Сарьсан багваахайнаас халдварласан гэж тааварлаж байгаа энэхүү вирус нь агаар дуслын замаас гадна өөр ямар аргаар халдварлаж байгаа талаар эрдэмтэд баттай хариу хэлж мэдэхгүй байна. Агааржуулалтын хоолойгоор, бие засах газрын суултуураар, халдвар авсан хүний гар хүрсэн эд зүйлсээр гээд байж болох бүхий л таамгийг хийж байна. Тиймээс өмнөд хөршөөс импортолж байсан эд барааны гүйлгээ сүүлийн өдрүүдэд огцом буурлаа. Хятад улс мөнгөн тэмдэгтүүдээ ариутгаж, ялангуяа халдварын голомт болсон газруудад мөнгөн тэмдэгтийг устгалд оруулж байгаа нь Хятад руу явж наймаа хийж амь зуудаг олон монгол иргэдийн санааг зовоолоо.

Коронавирус бидэнд шинэ бодит нөхцөл байдлыг тулгалаа. Энэ нь юун түрүүн Цагаан сарыг тэмдэглэж ирсэн уламжлалаа эргэн харж, шинэ жишиг тогтоох боломж. Буурлуудад хүндэтгэл үзүүлээд, хооллож ундлаад гардаг байсан уламжлалаа сэргээн, гарын бэлэг гэж хүнд хэрэг болох нь бага хэрнээ хүний улсын эдийн засгийг дэмжсэн буруу зуршлаасаа салаад авбал болж байна. Сүүлийн жилүүдэд эх орны үйлдвэрийн барааны үйлдвэрлэл сэргэж байгаа ч үнэнийг хэлэхэд дийлэнх монголчууд үнийг дийлж, гарын бэлэг бэлдэж чаддаггүй. 2000-3000 төгрөгийн Эрээний бараагаа худалдан авч байхаар түүнийгээ мөнгөн хэлбэрээр өгчихсөн нь өгсөн, авсандаа шулуун.

Ахуйн соёлын хувьд ч нэг шат ахих боломж гарч ирлээ. Гараа угаах, гудамжинд нус цэрээ хаяхгүй байх, нийтийн тээвэр, бие засах газруудын ариун цэврийг сахих зайлшгүй шаардлагыг дагахаас өөр аргагүй боллоо. Явдал суудлаа ч цэгнэхээс өөр аргагүй болсныг Марко Поло гэж сошиалд нэрлэгдсэн 21 настай залуугийн аян замын түүх харууллаа.

Улс орны хэмжээнд аваад үзвэл эдийн засгийн идэвх ингэж саарах нь мэдээж сөрөг үр дагавартай. Өргөн хэрэглээний бараа таваарын хангамж импортоос хэт хамааралтай болсныг анхааруулсаар байсан ч дотооддоо үйлдвэрлэснээс урд үйлдвэрлээд авчраад зарсан нь хямд гэсэн бизнесийн хандлагатай эвлэрсэн хэчнээс буруу болохыг ойлгуулж өгөх нь.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж