Шинэ төрлийн коронавирусийн халдвар Монгол Улсад орж ирэх эрсдэл өндөр байгаа тул хилээ бүрэн хааж, хагас өндөржүүлсэн байдалд шилжээд буй. Үүнтэй холбоотойгоор иргэд хүнсний бүтээгдэхүүнээ нөөцөлж, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, зарим бараа хомсдолд ороод байна хэмээн дээр дооргүй шуугилдаж байна. Тиймээс махны үнэ болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ үнэхээр нэмэгдсэн эсэхийг сурвалжлахаар “Хүчит шонхор” худалдааны төвийг зорилоо. Биднийг ажлын өдөр буюу Баасан гаригийн 14.00 цагийн үед очиход хөл хөдөлгөөн ихтэй, дор бүрнээ ууттай зүйл барьсан иргэд холхилдож байлаа.
Хамгийн түрүүнд махны үнэ ханштай танилцсан юм. Махны үнэ сарын өмнө сурвалжлага бэлтгэхээр очиход байсан үнээс даруй 1000-1500 төгрөгөөр нэмэгдсэн байлаа. Харин тэмээ болон адууны махны үнэ л нэмэгдээгүй байсан юм.
“Хүчит шонхор” захад адууны мах 7500, үрийн мах 11,000-11,500, тэмээ 7200, хонь 8800, ямаа 8200 төгрөгийн үнэтэй байсан юм.
ЗАХЫГ ХААНА ГЭСЭН ЦУУРХАЛТАЙ ХОЛБООТОЙГООР БОРЛУУЛАЛТ НЭМЭГДСЭН
Махны үнэ яагаад нэмэгдсэнийг худалдагчаас лавлахад “Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас шуурч, цаг агаар тавгүй байсан болохоор нийлүүлэлт муу байна. Үүнтэй холбоотойгоор махны үнэ бага зэрэг нэмэгдсэн. Түүнээс биш шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор махны үнэ өөрчлөгдсөн зүйл байхгүй. Цаашид нийлүүлэлт сайн байвал үнэ нэмэгдэхгүй. Нийлүүлэлтээс махны үнэ шалтгаална. Энэ жилийн хувьд Цагаан сар тэмдэглэхгүй гэсэн ч ойрын өдрүүдэд борлуулалт сайн байна. Энэ нь зах худалдааны төвийг хаана гэсэн цуурхал дэгдсэнтэй холбоотой байх” гэлээ.
“Хүчит шонхор” худалдааны төв нь нийт түрээслэгчдэдээ ариутгагч уусмалыг өглөө болгон тарааж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор худалдагч нар нь хоёр цаг тутамд гараа ариутгаж, лангуугаа, цэвэрлэж байгаа гэдгийг онцолж байлаа.
ГЭРТЭЭ БУУЗАА ХИЙГЭЭД ЦОМХОН ТЭМДЭГЛЭНЭ
Ингээд иргэдээс үнэхээр мах, хүнсний бүтээгдэхүүнийг нөөцөлж байгаа эсэх, болон үнэ нь бодитоор нэмэгдсэн байгаа эсэхийг лавлалаа.
-Мах, хүнсний бүтээгдэхүүнийг нөөцөлсөн зүйл бол байхгүй. Нөөцлөх шаардлагагүй гэдгийг албаныхан хэлсэн шүү дээ. Цагаан сарыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй ч гэртээ буузаа хийгээд цомхон тэмдэглэнэ. Тиймээс гэр бүлийн хэрэглээнд зарцуулах нэг хонины гулууз мах, 15 кг үхрийн мах өнөөдөр эндээс худалдаж авлаа. Би 20 гаруй хоногийн өмнө эндээс мах авсан. Гэтэл өнөөдөр үхрийн цул махны үнэ 2000 орчим төгрөгөөр нэмэгдсэн байна.
УУЦ, ӨВЧҮҮНИЙ БОРЛУУЛАЛТ ЭРС БУУРАВ
Өндөржүүлсэн байдалд шилжихээс сарын өмнө 370 -170 мянган төгрөгөөр зарагдаж байсан ууж, өвчүү худалдаалж буй хэсэг харьцангуй хүн багатай байсан юм. Ууц, өвчүүний үнэ нь ч хямдарч, 170-120 мянган төгрөг болсон байлаа. Худалдагч нар нь “Цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэр гарсантай холбоотойгоор ууц, өвчүүний үнийг хямдруулсан. Нэгэнт худалдаад авчихсан болохоор хямд үнээр ч хамаагүй өгчихмөөр байна. Худалдан авалт эрс багассан. Зарим нэгэн настай хүмүүс ууц, өвчүү авч байна. Бас ууц, өвчүү нь тарга тэвээрэг сайтай малынх байдаг болохоор хямдарсныг нь далимдуулаад хүмүүс хүнсэндээ хэрэглэх гэж мэр сэр авч байна” гэж байлаа.
НЭГ КИЛОГРАММ ГУРИЛ 80-100 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДСЭН
Ингээд өргөн хэрэглээний барааны үнэд өөрчлөлт орсон шалтгааныг худалдагчаас лавласан юм. Худалдагч “Үйлдвэрээсээ гурил, будаа, гоймонгийн үнэ нэмэгдээд ирж байхад бид ч үнээ нэмэхгүй яах юм бэ. Будаа бидэнд ч олдохоо болилоо. Ингээд хомсдоод ирэхээр үнэ нь улам нэмэгдэнэ. Нэг килограмм будаа өнөөдөртөө 2500 төгрөг гэж байгаа. 25 килограммаар савласан нэгдүгээр гурил 26 мянган төгрөгөөр зарагдаж байгаа ч удахгүй 28 мянган төгрөг болно. Дээд нь 30 мянган төгрөг байгаа ч үнэ нь нэмэгдэнэ. Өнөөдөр гэхэд “Алтан тариа”-ны гурил нэг килограмм нь 80-100 төгрөгөөр нэмэгдэж илрээ. “Лапшаа” зэрэг монгол гоймон ч үнэ нь нэмэгдсэн. Өмнө нь нэг килограмм будаа/25 кг/45 мянган төгрөгөөр зарж байсан. Одоо бидэнд 50 мянган төгрөгөөр бөөндөөд авах будаа олдохгүй байна. Байгаа будаагаа хэдээр зарах вэ гээд бодоод сууж байна. Өнгөрсөн долоо хоногоос эхлээд л хүмүүсийн худалдан авалт нэмэгдсэн. Хүмүүс нөөцөлж байгаа болохоор л худалдан авалт ийм их болж байгаа. Нэг хүн дор хаяж хоёр шуудай гурил, нэг шуудай будаа авч байна” гэлээ.
Харин төмс, хүнсний ногооны үнэ харьцангуй тогтмол байна. Төмс 800, лууван 1500, сонгино 1500-3500, сармис 7000 төгрөгийн үнэтэй байлаа.
Үнэнийг хэлэхэд худалдагчийн хэлж буй шиг шуудай шуудайгаар нь гурил, будаа авч буй хүнтэй таараагүй юм. Харин иргэд өөрийн хэрэглээнд тохируулан таван килограммаар савласан будаа, гурил болон бага зэргийн мах л авч яваа харагдсан юм.
НӨӨЦЛӨХ ШААРДЛАГАГҮЙ Ч ҮНЭ НЬ НЭМЭГДСЭН БАЙНА
Иргэдийн төлөөлөл ийн ярьсан юм.
-Цагаан сарыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй ч гэрийнхэнтэйгээ бууз хийж идээд, сүртэй биш ч таваг засна. Өнөөдрийн хувьд буузаа хийх бага зэргийн мах, таван килограмм гурил авлаа. Хүнсний бүтээгдэхүүн нөөцөлсөн зүйл бол байхгүй. Угаасаа нөөцлөх шаардлагагүй гэдгийг албаны хүмүүс хэлж байсан шүү дээ. Гэхдээ хүнсний бүтээгдэхүүний үнэ бол нэмэгдсэн байна.
Холбоотой мэдээ