Монгол хүүхдүүдийн дунд илүүдэл жин, таргалалт сүүлийн зургаан жилийн хугацаанд долоо дахин нэмэгдсэн байна. Тодруулбал, 6-11 насны гурван хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй гэсэн судалгаа бий. Эмч мэргэжилтнүүдийн хэлснээр чихэрлэг ундаа тогтмол уудаг хүүхдүүд намхан, бүдүүн болдог байна. Учир нь, бүх төрлийн чихэрлэг ундаанд агуулагдах үндсэн найрлага нь сахар буюу түргэн задардаг энгийн нүүрс ус байдагтай холбоотой. Тухайлбал, 100 мл ундаанд дунджаар 12 грамм сахар агуулдаг бол 500 мл нэг савтай ундаанд 60 грамм сахар буюу 12 ширхэг ёотон агуулдаг байна. Энэ нь дунджаар 240 ккал илчлэг агуулдаг бөгөөд үүнийг шатаахын тулд 20 минут тасралтгүй гүйх ёстой аж. Харин илүүдэл илчлэгээ шатааж чадахгүй бол илчлэг нь илүүдлээр нөөцлөгдөж, өөх болон хэвлий, арьсан доор, дотор эрхтнүүдэд хуримтлагддаг байна. Мөн ясны бэхжилтэд сөрөг нөлөөтэй болохыг эмч нар сануулдаг.
Монголчууд сахартай ундаанд жилд 522 тэрбум төгрөг зарцуулдаг ба 210 сая литр сахартай ундаа худалдаалагддаг байна. АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн сургуулийн судлаачид Монгол улсын 10-64 насны хүн амын 70 хувь нь чихэрлэг ундаа, 69 хувь нь хийжүүлсэн ундаа, 45 хувь нь цай, кофендоо сахар нэмэлтээр хэрэглэдэг болохыг “Монгол улсын хүүхэд, насанд хүрэгчдийн чихэрлэг ундааны хэрэглээ”-ний судалгаагаар судалгаагаар тогтоожээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ