Сүүлийн үед такси үйлчилгээ эрхлэгчид цахим луйварчдын өгөөш болж хохирох тохиолдол цөөнгүй гарах болжээ. Иргэд таксигаар үйлчлүүлэхдээ тооцоогоо интернет банкаар шилжүүлдэг болсныг ашиглан гэмт этгээдүүд жолоочийн дансыг асууж, их хэмжээний мөнгө шилжүүлэн АТМ-ээс авах хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэх болсон байна. Энэ талаар Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, хошууч Б.Дөлгөөн “Цахим луйварчид гэмт үйлдлээ нуун дарагдуулахдаа таксины жолооч нарыг ашиглаж байна. Ийм тохиолдол ч бүртгэгдсэн. Энэ төрлийн гэмт хэргийн мөрөөр шалгахад өнөөх таксины жолооч нь “Нэг хар куртиктэй хүн данс руу мөнгө хийгээд гаргаж авсан” гэхээс өөр тодорхой мэдээлэл хэлдэггүй. Цагийг нь тогтоогоогүй байдаг. Иймээс хэн нэгэн таны данс руу мөнгө хийгээд гаргах санал тавьбал шууд татгалзах нь зөв” хэмээн анхааруулжээ.
Иргэдийн хувьд өмнө нь халаасны хулгайчдаас болгоомжилдог байсан бол одоо и-мэйл хаяг, дансны дугаар, нууц үгээ бусдад алдахаас сэрэмжлэх ёстой болсныг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ