Covid-19: Хятадын Төв банк мөнгөн тэмдэгтүүдээ ариутгаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.16-нд нийтлэгдсэн

Covid-19: Хятадын Төв банк мөнгөн тэмдэгтүүдээ ариутгаж эхэлжээ

Covid-19: Хятадын Төв банк мөнгөн тэмдэгтүүдээ ариутгаж эхэлжээ

“Covid-19” буюу шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүний тоо дэлхий даяар 69,104 болж, нас барагсдын тоо 1,666 болсон байна. Харин эдгэсэн хүний тоо 9,423 болжээ.

Халдварын голомт болсон Хубэй мужид шинээр халдвар авсан хүний тоо буурсаныг эх сурвалжууд онцолж байна. Тус мужид бямба гаригт /2020.02.15/ халдварын улмаас 139 өвчтөн нас барж, 1,843 халдвар шинээр илэрсэн байна. Шинэ халдварын тохиолдлын 1,548 нь мужийн төв Ухань хотод бүртгэгджээ. Өмнөх өдөр нь буюу баасан гаригт /2020.02.14/ Хубэй мужид 139 өвчтөн нас барж, 2,420 халдвар шинээр илэрсэн юм.

Түүнчлэн коронавирусээр өвчилсөн Хятад улсын иргэн өчигдөр /2020.02.15/ Франц улсад нас барсан нь Европ тивд анхны, Хятадаас гадна бүртгэгдсэн дөрөв дэх тохиолдол боллоо. Өмнө нь Филиппин, Хонгконг, Японд тус бүр нэг хүн covid-19 халдварын улмаас нас барсан юм.

Хятадын Төрийн зөвлөл өдөр бүр хэвлэлийн хурал хийж, коронавирусийн талаар өдөр тутмын шинэ мэдээ мэдээллийг дамжуулж байгаа билээ. Өчигдрийн хурлын үеэр Хятадын төв банк халдвар тарахаас сэргийлж бүх мөнгөн тэмдэгтүүдээ ариутгаж эхэлсэн талаар онцоллоо. 2017 оны судалгаагаар мөнгөн тэмдэгтийг нарийн шинжилгээгээр шинжилж үзэхэд нэг мөнгөн тэмдэгт дээр дунджаар 397 төрлийн бактери агуулагдаж байжээ. Мөн хэн нэгэн ханиад томуутай хүн тус мөнгөн тэмдэгтийг хэрэглэхэд вирус нь 12 хоног амьдрах чадвартай байсан аж. Харин энэ удаагийн шинэ төрлийн коронавирус аливаа эд зүйл дээр хэд хоног амьдрах чадвартайг хараахан нотолж чадаагүй байгаа ч урьдчилан сэргийлэх үүднээс энэ ажлыг эхлүүлжээ. Мөнгөн тэмдэгтүүдийг хэт ягаан туяагаар шарж ариутгаж байгаа гэнэ.

Үүнээс гадна АНУ зэрэг улс орнууд халдварт өвчний талаар хэт дэвэргэсэн мэдээ мэдээлэл тарааж, шаардлагагүй сүр бадруулсан арга хэмжээ авч байгаад харамсч байгаагаа Хятадын Гадаад хэргийн сайд Ван И илэрхийллээ. Тэрбээр Хятад улс энэхүү өвчний эсрэг маш сайн тэмцэж, хяналтдаа оруулахаар хичээж байгааг онцолсон юм.

Түүнчлэн covid-19 халдварын эсрэг вакцин туршилтын шатандаа, амьтад дээр туршигдаж байгааг Төрийн зөвлөл мэдэгдлээ. Шинэ төрлийн коронавирус нь өмнө нь хэзээ ч байгаагүй шинэ өвчин учир судалгаа шинжилгээг маш нарийн хийх шаардлагатай учир цаг хугацаа шаардагдахыг онцлов.

Мөн Хятадаас гаднах covid-19 халдварын хамгийн том голомт болоод буй Японы Ёкохама хотын боомт дээр хөл хорионд ороод буй  “Diamond Princess” аяллын хөлөг дээр дахин 70 зорчигч халдвар авсан нь тогтоогдсон байна. Ингэснээр тус хөлөг дээрх халдвар авсан хүний тоо 355 болжээ. Тэдгээрийн нэг нь эмнэлгийн ажилтан байсан гэнэ. АНУ-ын Засгийн газар тус хөлгөөс өөрийн улсын 400 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлэхээр нисэх онгоц илгээх болсноо мэдэгдсэн бөгөөд тэднийг Америкт ирэхэд нь дахин 14 хоног тусгаарлах юм байна.

Харин Камбожийн эрэгт буусан Нидерланд-Америкийн “Westerdam” аяллын хөлгийн хувьд шинэ төрлийн коронавирусийн анхны халдвар илэрчээ. Азийн таван ч улс хүлээж авахаас татгалзаад байсан тус хөлгийг Камбож улс хүлээн авсан юм.

Камбожийн засаг захиргаа тус хөлөг дээр халдвар бүртгэгдээгүй хэмээн зарлаж, пүрэв гаригт /2020.02.13/ зорчигчдыг эх орон руу буцаасан. Гэтэл Малайзын нийслэл рүү ниссэн 144 зорчигчийн нэг, АНУ-ын иргэн 83 настай эмэгтэйгээс коронавирусийн халдвар илэрсэн нь тогтоогджээ. Тус хөлөг дээр нийт 2,257 хүн байсан. Өчигдрийн байдлаар нийт 835 зорчигч Камбожоос бусад улс орнууд руу нисчээ.

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ГайхмаарГайхмаар
7
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж