Тойм: Хэсэгчилсэн өндөржүүлсэн байдалд шилжив

Хуучирсан мэдээ: 2020.02.16-нд нийтлэгдсэн

Тойм: Хэсэгчилсэн өндөржүүлсэн байдалд шилжив

Тойм: Хэсэгчилсэн өндөржүүлсэн байдалд шилжив

News агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. БНХАУ-д шинэ төрлийн коронавирус буюу Covid-19 халдварын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан Монгол Улс хэсэгчилсэн өндөржүүлсэн байдалд шилжив. Өнгөрч буй долоо хоног ч энэ үйл явдлаар өрнүүн байлаа.


ЦАГААН САРЫН БАЯРЫГ БҮХ НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХГҮЙ БАЙХ ШИЙДВЭР ГАРГАВ

БНХАУ-д тархаад буй шинэ төрлийн коронавирус буюу Covid-19 халдварын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, 2020 оны хоёрдугаар сарын 13-аас эхлэн Засгийн газраас хэсэгчилсэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжив. Хэсэгчилсэн өндөржүүлсэн байдалд шилжсэнээр аж ахуй нэгж байгууллага, төрийн захиргааны удирдлагын байгууллагууд бүгд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, шаардлагатай тохиолдолд Засгийн газрын шийдвэрээр хорио цээрийг тэглэм тогтоох, гамшгийн үед ажиллах арга хэмжээг авах ёстой. Үүнтэй холбоотойгоор цагаан сарын баярыг нийтээр  тэмдэглэхгүй байх, БНХАУ-тай харилцдаг агаарын болон төмөр замын тээврийг зогсоох, БНХАУ-д байгаа монгол иргэдээ авчрах, олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцалж, олноор цугларахгүй байх, төрийн бүх шатны байгууллага бэлэн байдалд шилжиж, аж ахуй нэгж, байгууллага тусгай горимд шилжих юм.

УХАНЬ ХОТООС ИРСЭН ТУСГААРЛАГДСАН ИРГЭДИЙГ ЭМНЭЛГЭЭС ГАРГАВ

Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д тусгаарлагдан хяналтад ороод байсан 31 оюутан, нэг хүүхэд тус эмнэлгээс гарч байна. Шинэ коронавирус илэрсэн БНХАУ-ын Ухань хотод суралцаж байсан Монголын 31 оюутан, нэг хүүхдийг хоёрдугаар сарын 1-нд Улаанбаатар хотод агаарын тээврээр авчирсний дараа ХӨСҮТ-д 14 хоног тусгаарлан, хяналтад аваад байсан юм. Тэдний шинжилгээний хариу сөрөг гарсан билээ. Тэднийг хоёр удаагийн лабораторийн шинжилгээнд хамруулахад, сөрөг гарсан, өдөр бүр эмчийн хяналтад байхад ямар нэг зовуурь илрээгүй учир ийн эмнэлгээс гаргаж байгаа юм.

ЕТГ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛД АЖЛАА ӨГЧ, Ө.ШИЖИР ТОМИЛОГДОВ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ажлаа өгч, Ардчилсан намын дарга С.Эрдэнийн ахлах зөвлөх болов. Түүний оронд ажлыг нь Хөлбөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга Ө.Шижир томилогдов.

Ийнхүү төрийн ажлаа өгч, сонгуулийн ажилдаа бэлтгэхээр болсон тэрбээр одоогоор аль тойрогт нэр дэвшихээ сонгоогүй, судалгаа хийж байж нэр дэвших тойргоо сонгоно хэмээсэн юм.

Ц.САНДУЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН 18 ХОНОГ ХОРИНО

Ц.Сандуйг үргэлжлүүлэн 18 хоног хорихоор болжээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Ц.Сандуй, А.Ганбаатар нарын цагдан хорих таслан шийдвэрлэх хугацааг сунгах саналыг 2020 оны хоёрдугаар сарын 11-ны өдөр ирүүлснийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хэлэлцлээ. Улмаар хэргийн ээдрээ төвөгтэй байдал, шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгчдийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Ц.Сандуйгийн цагдан хорих хугацааг 2020 оны хоёрдугаар сарын 29-ний өдрийг хүртэл сунгаж шийдвэрлэв. Харин А.Ганбаатарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах саналыг хэлэлцэх явцад өмгөөлөгч Э.Хашчулуун, Б.Мэргэн, М.Ариунболд нар тус шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс татгалзсан тул асуудлыг дахин хэлэлцэх хүртэл шүүх хуралдааныг хойшлуулжээ.

ЭЕШ-ЫН БҮРТГЭЛ ЭХЛЭВ

Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын бүртгэл өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 15-ны 18:00 цаг хүртэл орон даяар онлайнаар явагдаж байна. Энэ талаар Нийслэлийн боловсролын газраас мэдээлэл өглөө. “Монгол хэл бичиг”-ийн шалгалтын бүртгэл өнөөдрөөс эхэлж, гуравдугаар сарын 16-ны 18:00 цаг хүртэл, гуравдугаар сарын 28-нд орон даяар “Монгол хэл бичиг”-ийн шалгалт нэгэн зэрэг эхлэх юм байна. Бүртгүүлэгч эхлээд “Монгол хэл, бичиг”-ийн шалгалт өгснөөр ЭЕШ-д орох бүрэн боломжтой болно. Өнгөрсөн жилээс эхлэн “Монгол хэл, бичиг”-ийн шалгалтын босго оноо 400 болсонтой холбоотойгоор өмнөх оны шалгуулагч нар энэ жил ЭЕШ-д шууд орох боломжтой. Мөн 12 дугаар анги төгсч байгаа хүүхдүүдийн мэдээллийг “Боловсролын үнэлгээний төв”, Боловсролын яамны нэгдсэн системээс автоматаар татаж эрх үүсгэнэ. Харин “Монгол хэл, бичиг”-ийн шалгалтад орох сурагчид сургуулийн захиргаагаараа дамжуулан орох эсэхээ мэдэгдэж эрх үүсгэх юм. Харин өмнөх оны төгсөгчид заавал онлайнаар бүртгүүлж орохоор болжээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж